XVII зуунд Халхын гурван хаадаас Оростой харилцсан түүхийг шинжилж үзэхэд дараах ерөнхий чиг хандлага харагдаж байна. Нэгдүгээрт, Москвагийн хаант улсын дорно этгээдэд түрэн ороход автагдсан зах хязгаарын хүн ард нь тэндэх газар орноос илүүтэй Монгол ноёдын анхаарлын төвд байжээ. Оросын цэрэг ард уг нутгийн ардыг довтлон ясак хэмээх үст алба авч эхэлснийг Монгол ноёд таслан зогсоохоор чармайж, дараагаар нь Оросын талд давхар алба авахыг санал болгож байсан ч эцсийн дүндээ эдгээр бодлого нь амжилтгүй болж албат ардаа өөрийн нутгийн ойр нүүлгэн шилжүүлсэн байна. Уг нутагтаа үлдсэн нь ч мөн Монгол ноёдод үргэлжлүүлэн алба өгсөөр байжээ. Хоёрдугаарт, энэ бүс нутагт Оросын цэрэг ард шивээ байгуулж суусныг монгол ноёд өөрийн газар нутгаа алдсан буюу эзлүүлсэн гэж ойлгож байсангүй. Ялангуяа Байгал нуурын зүүн талд оросын байгуулсан зарим шивээнүүд нь монголчуудын нутгийн дунд оршин байсан юм. Цэрэг хүн хүчин дутуу тул оросууд шивээний орчин тойрны газар нутаг хүн ардыг бүрнээ хамааран захирч чадсангүй. Монгол ноёд оросын зүг худалдаа хийх сонирхолтой байсан учир тэдгээр шивээнүүдийг худалдаа хийх газар гэж үзэж байжээ. Гуравдугаарт, хожмын Орос-Чингийн хил нь 1687-1688 оны Халх-Ойрадын дайн, 1689 оны Нэвчүүгийн гэрээний шууд үр дүнд бий болсон байна. Тус хилийн хоёр этгээдэд нэг л угсаатны бүлгүүд хоёр хуваагдан суух болов (Гэлэг ноён хутагтын харьяат түрэг хэлтэн соёд урианхай нар, Далай цэцэн ноёны харьяат буриад нар, тавнангууд болон хорь буриадууд, Сэцэн хааны ноёдын албат барга нар). Иймээс тус хилийн үүсэл нь ихээхэн механик, санамсаргүй шинж чанартай байсан гэж үзэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0