Энэ цаг үед анагаахын шинжлэх ухаан болон биологийн шинжлэх ухааны эрдэмтэдийн эрэлт, сонирхлыг ихэд татаж буй нэг зүйл бол амьд организмыг гэмтээхгүйгээр эс, молекулын төвшинд судлах боломжтой арга технологи боловсруулах явдал юм. Тиймээс бид энэхүү судалгааны ажлаар усан орчинд орших биологийн бичил бүтцийн өндөр өсгөлт, өндөр нарийвчлалтай зураг авч шинжлэх боломжтой микроскоп төхөөрөмж бүтээхийг зорьж, зөөлөн Рентген туяаны проекцлогч микроскоп хөгжүүлж байна. Зураг авах туршилтад Японы Атомын Энергийн Агентлагийн Их Энергитэй Бөөмийн хурдасгуур төхөөрөмж (КЕК, PF)-р гарган авсан Рентген туяаг ашиглаж буй болно. Мөн монохроматор, зон хавтан, колиматор ашиглаж дан өнгийн цэгэн үүсгүүрийг бүтээгээд байна. Үүсгүүрээс Рентген туяа тархах замд дээжээ байрлуулж, CCD камераар дээжийн зураг авах туршилтыг гүйцэтгэж буй бөгөөд зурагт Рентген туяаны дифракцын шугам үүссэний улмаас дээжийн хэлбэр хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байдалд хүрээд байна. Иймд тус диссертацын ажлаар зурагт шинжилгээ хийж, дээжийн хэлбэр хэмжээг нарийвчлан судлах онолын тооцооны арга боловсруулахыг зорилгоо болгов. Үүний тулд цэгэн үүсгүүрээс тархах дан өнгийн Рентген туяаны тархалт болон урвуу тархалтын симуляц тооцоо хийж дифракцын шугамыг засварлах арга (Итерацын арга)-г хөгжүүлэв. Мөн туршилтын багаж болон Рентген туяаны сарнилаар үүсэх шумны нөлөөг бууруулж, дифракцын шугамыг тодосгох аргуудыг Итерацын аргатай хослуулан ашигласнаар 47-329 дахин өсгөлт бүхий хромосомын зургийг бүрэн шинжлэх боломжтой боллоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0