Түгмэл миелом (ТМ) нь ясны хэмэнд моноклонт иммуноглобулиныг нийлэгжүүлдэг сийвэнт эсүүд эмгэгээр олширсноор яс сийрэгжиж улмаар хугарах, цус багадах,бөөрний үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг В эсийн гаралтай цусны архаг явцтай хавдар юм. ТМ-ын гол эмчилгээнд хавдрын ангиогенезийг блоклож, интерлейкин болон хавдар үхжлийн факторын нийлэгжлийг дарангуйлдаг Талидомид эмийг хэрэглэдэг. Талидомид нь Сереблон (СРБН) хэмээх өвөрмөц уурагтай холбогддог бөгөөд энэхүү уураг нь хавдрын эсийн эсрэг (anti-myeloma effect) чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн, талидомидыг эмчилгээнд хэрэглэж буй өвчтөнүүдийн цусанд энэхүү уураг илэрдэг бөгөөд оношлогооны болон тавилангийн өндөр ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч энэхүү уураг эсийн түвшинд тэр дундаа эсийн митохондрид хэрхэн яаж нөлөөлдөгийг судлаагүй байна. Тиймээс бид ТМ хавдрын митохондри болон СРБН уургын уялдаа холбоог судлах зорилго тавьсан.
СРБН уургын ялгарал нь тухайн хавдрын эсийн эмэнд тэсвэртэй болон мэдрэг байдлаас шалтгаалдаг болохыг бид олж тогтоосон бөгөөд, талидомид эмэнд тэсвэртэй хавдрын эсээс бага хэмжээтэйгээр харин талидомид эмэнд мэдрэг хавдрын эсээс их хэмжээтэй ялгарч байсан юм. Митохондрийн үйл ажиллагааг эмэнд тэсвэртэй болон эмэнд мэдрэг хавдрын эс дээр шалгахад эмэнд тэсвэртэй хавдрын эсийн митохондрийн өвөрмөц уургууд (PGC-1a, NRF1, TFAM, ERRa), митохондрийн мембраны потенциал, митохондрийн АТФ болон митохондрийн масс өндөр байсан бол эсрэгээрээ эмэнд мэдрэг эсийнх бага байсан. Үүний дараагаар бид эмэнд тэсвэртэй хавдрын эсийг аденовирусаар халдварлуулж, тэсвэртай чавдарыг нь мэдрэг болгон шалгахад митохондрийн үйл ажиллагаа буурав. Харин эмэнд мэдрэг хавдрын эсийг shRNA-р knockdown болгоход митохондрийн үйл ажиллагаа статистик ач холбогдол бүхий ихсэж байлаа. Ингэснээр бид СРБН уургыг талидомид эмэнд тэсвэртэй болсон өвчтөнүүдэд гол эмчилгээ болгон ашиглаж болох шинэ ололтыг нээн илрүүлсэн бөгөөд энэхүү уургын ялгарал болон эсийн митохондри хоорондын уялдаа холбоог олж тогтоосноороо ТМ-тай өвчтөний тавилан болон эмчилгээ-оношлогооны маш өндөр ач холбогдолтой болохыг батлан харуулж байгаа юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0