Уулархаг, хотожсон газрын агаарын цикуляци, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг онолын болон тоон загварчлалын аргаар, агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч цаг агаарын талын шалтгаанд болох температурын инверстэй үеийн агаарын циркуляцийг агаар мандлын загвараар судлав.
Улаанбаатар хотын “дулаан арал”-ын шинж чанарыг 1980-2010 оны цаг уурын ажиглалтын станцын мэдээг боловсруулж судлав. Дулаан арал, максимум дулаан арлын шинж чанарыг судлахад хоногийн болон улирлын хэлбэлзэл ажиглагдав. Өвөл болон шөнө хамгийн хүчтэй, зун болон өдөртөө хамгийн сул байна. Максимум дулаан арлын эрчимд цаг уурын параметруудын харилцан хамаарлыг судлав.
WRF загвар ашигласан тоон загварчлалын судлалгаагаар дараахь үр дүнд хүрэв. Уулын налуугийн салхи өглөө үүсч хөгжиж, хотын дулаан арлын улмаас үүссэн агаарын циркуляцитай үдээс хойш үйлчлэлцсэнээр уулын налуугаар өгсөх салхи уруудах салхи болон өөрчлөгдөнө. Энэ салхины чиглэлийн өөрчлөгдөх хугацаа нь уулын өндрөөс илүүтэйгээр хотын дулаан арлын эрчмээс илүү хамааралтайг илрүүлэв. Гидравлик үсрэлт илрэв. Хотын дулаан арлын эрчимд хотожсон газрын хувь, уулын өндөр хир нөлөөтэйг судлав. Хотожсон газрын эзлэх хувь 10%-иар ихсэх тутам хотын дулаан арлын эрчим
0.17°С-ээр нэмэгдэнэ. Онолын, аналитик аргаар судлахад мөн хотын нөлөөллийг уулын нөлөөллөөс илүү болохыг харуулав.
Улаанбаатар хот орчмын агаарын циркуляцийг синоптик нөлөөгүй, цаг агаар тогтуун зуны үеийг төлөөлүүлж тоон загвараар судлахад өдөртөө хөндий болон уулын налуугаар өгссөн салхи үүсч, уулын налуугаар уруудсан салхи хотын нөлөөгөөр үүссэн циркуляцийн улмаас хот талдаа эрчимшинэ. Шөнөдөө хотын нөлөөгөөр үүссэн циркуляци эрчмийн хувьд бага, хөндий болон уулын налуу уруудсан салхи үүснэ. Улаанбаатар хот орчмын агаарын циркуляцид хотожсон газрын эзлэх хувь, агаарын тогтворшил, хөрсний чийгийн нөлөөллийг судлав.
Сибирийн их даралтын орон тогтсон, тогтвортой температурын инверстэй үеийн Улаанбаатар хот орчим дахь температурын инверсийн шинж чанар, агаарын циркуляцийг тоон загвараар судлав. Температурын инверс шөнөдөө зузаан, эрчим ихтэй, өдөртөө инверсийн доод хил хотын дээшээ өргөгдөж, эрчим буурч нимгэрнэ. Температурын инверсийн давхаргад салхи тогтуун, дээд хилээс дээшээгээ салхины хурд их байх нь илт харагдав. Температурын инверстэй үеийн агаарын циркуляцид хотжилтын үзүүлэх нөлөөг судлав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0