“Монгол Улсад Шинэ тосгон хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” судалгааны ажлын үндсэн зорилго нь Өмнөд Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөний амжилтын хүчин зүйлсийг шинжлэн, Монгол улсад Шинэ тосгон хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тэдгээр хүчин зүйлсийг нэвтрүүлэх нөхцөл боломжийг судлахад оршино. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
1. Монгол дахь шинэ тосгоны удирдагчийг сонгох, гүйцэтгэх үүрэг , итгэл хүлээлгэх үйл явц
2. Монголын Шинэ тосгон хөдөлгөөнд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам
3. Монголын Шинэ тосгон хөдөлгөөний үйл ажиллагаанд Засгийн газрын үүргийг орлон Олон улсын байгууллага болон Төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагаа, боломжийг судлан шинжилнэ.
Уг судалгааны ажилд ‘governance’, ‘new governance’-ын онолыг баримтласан бөгөөд нийт 6 бүлгээс бүрдсэн. Оршил хэсэгт судалгааны үндэслэл, зорилго, судалгааны хамрах хүрээ, арга зүй, судлагдсан байдал зэрэг багтсан болно
2 дугаар бүлэг буюу онолын хэсэгт шинэ тосгон хөдөлгөөний онолын үндэслэл, засгийн газрын үүрэг, шинэ тосгоны удирдагчийн үүрэг, иргэдийн идэвхитэй оролцоо, хөгжлийн загварыг судлан үзсэн.
3 дугаар бүлэгт Монголын хөгжлийн өнөөгийн байдал,, Монголын засаг захиргааны байгууламж ба эдийн засаг, нийгмийн байдал, Монголын хөгжлийн бодлого, электрон засаглалын үйл ажиллагаа, амьдрах орчин сайжруулах үйл ажиллагааг судлан бичсэн.
4 дүгээр бүлэгт Монголд хэрэгжүүлж буй шинэ тосгон хөдөлгөөний өнөөгийн байдлыг судлан дүгнэсэн.
5 дугаар бүлэгт Монголд шинэ тосгон хөдөлгөөнийг идэвхижүүлэх чиг хандлагыг судлан, шинэ тосгоны удирдагчийн үүрэг,итгэл хүлээлгэх, иргэдийн оролцоог чиглүүлэх арга зам, Олон улсын байгууллага болон Төрийн бус байгууллагын дэмжлэгийг сайжруулах хэрэгцээг судласан.
6 дугаар бүлэг буюу дүгнэлт хэсэгт Өмнөд Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөн хөгжлийн үйл ажиллагааг Монголын орон нутгийг хөгжүүлэх болон ядуурлыг бууруулах хөгжлийн загвар болгон хэрэгжүүлэх нь чухал үр өгөөжтэй байж болохыг тодорхойлсон бөгөөд энэ нь дараах онцлогуудаар илэрч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Засгийн газрын санхүүгийн чадавхи сул тохиолдолд орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын зохион байгуулалтаар хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй учир орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцоонд тулгуурлан хөдөөгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг сайжруулах, орон сууцны нөхцөл сайжруулах, иргэдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ нь хөдөөг хөгжүүлэх, ядуурлыг даван туулахад том хувь нэмэр болох юм.
Хоёрдугаарт, Шинэ тосгон хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч нь улс төрийн уриа биш орон нутгийн, бүс нутгийн иргэдэд уламжлагдан ирсэн өөрийгөө хөгжүүлэх ба хамтран ажиллах хүчээ нэгтгэх сэтгэлгээнд үндэслэн орон нутгийн хөгжлийн асуудлыг иргэд бие даан шийдвэрлэхийг хичээх явдал болно.
Гуравдугаарт, Орон нутгийн иргэд өөрсдийн асуудлаа шийдвэрлэх үед Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлбэл үр дүн нь дахин нэмэгдэх боломжтой.
Дөрөвдүгээрт, Шинэ тосгон хөдөлгөөний эрмэлзэх зүйл хөдөлмөрч чанар, өөрийгөө хөгжүүлэх, хамтран ажиллах сэтгэлгээ нь орон нутгийн иргэдийн санаа бодол, шийдвэр, үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх чадамж болж, хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх тогтвортой баталгаа болж чадна.
Монгол Улсад Шинэ тосгон хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинэ тосгоны удирдагчийг сургаж бэлтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг боловсруулах шаардлагатай байна. Мөн Монголын орон нутгийг хөгжүүлэхийн төлөө Засгийн газраас хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулахдаа Олон Улсын Хөгжлийн Албан Ёсны Тусламж болон Засгийн газрын хөрөнгийг үр ашигтайгаар хуваарилах хэрэгтэй юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0