Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Кредит систем нэвтрүүлэх зохион байгуулалтын асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : дээд боловсролын байгууллага, сургалтын агуулга, сургалтын технологи, кредит, багц цаг, кредит цаг, кредит систем

Аннотаци

Дэлхий нийтийн глобальчлал, дэлхийн улс төр, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь улс орон бүр иргэддээ тасралтгүй сурч боловсрох нөхцөл бололцоог аль болох өргөжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхийн чухлыг ухамсарлах, өөрийн орны боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, зорилгоо шинэчлэх, хэрэгжүүлэх арга механизмыг хэрэглэгч бүрт тохируулж уян хатан болгоход анхаарч, боловсролын чанарын хувьсгалд шилжиж байна.
Энэ нь боловсролын зорилго нь нэг талаас иргэдэд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ухамсрыг төлөвшүүлэх, нөгөө талаас өөрийн гэсэн үнэт зүйлсийн баримжаатай бие хүн болгон хөгжүүлэх, тэднийг чөлөөтэй сэтгэн бодоход нь тусалж, залж хөтлөх, хүн хүнд нь тохирсон боловсролыг олгох тухай номлодог боловсролын философийн прагматицизм, реконструкционизмын урсгалыг илүүд үзэхэд нөлөөлж байна. Тэд сургалтыг удирдах үндэслэл нь либеральчиллын үзэл санаа, сургалтын технологийн онолын үндэс нь суралцагчийг сургалтын төвд тавьж, тэдний сонирхол, мотивыг хөгжүүлэх, сургалтын арга техник нь асуудал дэвшүүлэх, суралцагчийн бие даасан үйл ажиллагаанд тулгуурлах явдал гэж үздэг.
Иймээс ч 1998 онд Парис хотноо хуралдсан дээд боловсролын асуудлаархи дэлхий дахины бага хурлаас суралцагчдад дээд боловсролын тогтолцооны хүрээнд гараагаа чухам хаанаас эхэлж юугаар дуусгах, уян хатан хийгээд оновчтой сонголт хийх өргөн боломжийг нээн өгч, тэгснээр дээд боловсролын сургуулиудыг хүмүүний насан туршдаа сурч мэдэх шаардлагыг хангах арга барилтай байхууцаар хөгжүүлэх, улмаар дээд боловсрол эзэмших боломжийг ил тод, залгамж чанартай байлгаж, хөтөлбөрүүдийн болон суралцахаас өмнөх үеийн бэлтгэл сургалт буюу танин мэдэхүйн уялдааг бий болгох шаардлагын үүднээс дээд сургуулиудын гүйцэтгэх үүргийг нь тодорхойлох нь зүйтэй гэдгийг нийт улс орнуудад хандан тунхаглан зарлажээ.
Дээд боловсролын доктор, бакалавр зэргийг бүр XIII зууны үеэс Итали, Парис, Оксфордын их сургуульд өгч байжээ. Харин Америкчууд XIX зуун хүртэл бакалавр зэрэг олгож, Германд мастер, докторыг сургаж байсан байна. Харин 1860-аад оны сүүлд Харвардын их сургууль нь суралцагчийн дээд боловсролын тодорхой түвшний мэдлэг эзэмшсэнийг тодорхойлоход кредитийг хэрэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн аль ч сургууль энэ практикийг шууд авчээ гэж хэлж болохоор байгаа юм. Тэр үеэс хойш мэдлэгийн агуулгын багтаамж, түүнийг эзэмшихэд зарцуулах хөдөлмөрийг кредит, кредит цаг, unit зэрэг хэмжигдэхүүнээр тодорхойлсон байдаг бөгөөд, тэдгээрийн хэрэглээ улам бүр өргөжсөөр дээд боловсрол олгох сургалтыг шаталсан хэлбэрээр зохион байгуулж, дээр дурьдсан онол, үзэл баримтлалыг амьдрал практикт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа туршлага байна.
Монгол улс ч мөн адил олон улсын нийтлэг жишиг, чиг хандлагыг баримтлан Боловсролын багц хуулиндаа дээд боловсролын агуулгын багтаамжийг ‘кредит цаг’ -аар жишин тодорхойлж, түүнийг дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын үндэс байхаар заасан нь манай орны их сургууль, коллежуудад кредитийг иж бүрэн нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн явдал юм.
Иймд өөрийн судалгааны ажлаар дэлхийн боловсролын тогтолцооны хөгжлийн чиг хандлага, кредитийн тодорхойлолт, түүнийг дээд боловсролын байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн холбон хэрэглэж байгааг онол, практикийн түвшинд судалж, хэрэгжилтийг манай орны их сургууль, коллежуудын хувьд харьцуулан үнэлэлт өгч, үр дүнд нь кредит системийг нэвтрүүлэх зохион байгуулалтын асуудлын үндэс, арга зүйг боловсрууллаа.
Бид нэг кредит нь сургалтын агуулгын багтаамжийг илэрхийлэх хамгийн бага нэгж, түүнийг тооцох аргачлалыг сонгодог утгаар нь 3 цагийн хөдөлмөртэй дүйцнэ гэж авсан тул энэ нь кредит болон кредит цагийг тооцох эквивалент болон хувирч байгаа юм. Энэ тохиолдолд кредит цаг нь тодорхой кредит бүхий агуулгын багтаамжийг эзэмшихэд зарцуулах хөдөлмөр зарцуулалт болох бөгөөд түүнд суралцагчийн танхимын сургалтаас гадна, мөн танхимын бус цагт суралцагчийн бие даан мэдлэг, чадвар, дадал эзэмших үйл ажиллагааг багтаасан нь бидний уламжлалт сургалтын технологид гарсан зарчмын шинэ өөрчлөлт гэж ойлгож байна.
Кредит, кредит цаг дээр үндэслэсэн кредит системийн тодорхойлолтыг авч үзвэл манай судлаач, эрдэмтэд өмнө нь бүтэц, үйл ажиллагааны хувьд тодорхойлсон байдаг.
Их, дээд сургууль бүр өөрийн орны боловсролын тогтолцооны онцлог, дээд боловсролын зорилго, сургуулийн түүхэн хөгжил, нийгмийн захиалгаар бичигдэх тухайн мэргэжлийн өөрийнх нь тодорхойлолт зэрэг олон асуудлыг тооцож сургалтын агуулга, технологи, сургалтын процессийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, улмаар мэдээллийн системийг хөгжүүлэх, сургуулийн удирдлага, менежментийг эдийн засгийн хөшүүрэгтэй хослуулах нөхцөл бололцоог бүрдүүлж байгаа нь кредитийг тойрсон дээрхи асуудлуудыг тус тусад нь бус харилцан хамааралд нь судлах, нэвтрүүлэх зорилгоор бид “Кредит систем” гэж нэрлэсэн билээ. Энд кредит нь өөрөө зорилго биш, харин сургалтыг кредит дээр үндэслэн цогц байдлаар хөгжүүлэх санаа, зорилгын илэрхийлэл болно.
Кредит системийн үед сургалтын агуулга нь кредитээр тодорхойлогдож, сургалтын технологи нь тэрхүү мэдлэгт чиглэсэн багш, оюутны хамтын хөдөлмөр байх бөгөөд энэхүү хөдөлмөрийн үр дүн бодитойгоор үнэлэгдэх ёстой гэсэн зах зээлийн хууль үйлчилж, сургуулийн үйлчилгээний өртгийн тооцоо хийгдэх юм.
Иймд МУТИС-ийн КтМС-д кредит системийг нэвтрүүлсэн жишээн дээр судалгаа, шинжилгээ хийж, түүний явц, зарим үр дүнд дараахи үнэлгээг өгөв. Үүнд:
- дээд боловсролын зэрэг олгоход тавигдах шаардлагыг шатлал тус бүрээр нарийвчлан тогтоосон;
- сургалтын агуулгын нэгдсэн стандартыг тогтоосон нь цаашид ижил мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулгыг харьцуулж жиших боломжийг бүрдүүлсэн;
- сургалтын агуулгад бүтцийн өөрчлөлт хийхдээ, мэргэжил, хичээл хоорондын интеграци, унификацийг хангасан;
- сургалтын ажлын зохион байгуулалтыг шинэчилсэн, сургуулийн дотоод нөөцийг үр өгөөжтэй ашиглах төлөвлөлтийг хийх аргачлалыг өөрчилсөн, үүндээ орчин үеийн компьютерийн техник, программ хангамжийн хэрэгслийг нэвтрүүлж, ашигласан;
- багш, оюутны хамтын ажиллагаанд тулгуурласан мэдлэгт чиглэсэн сургалтын технологийг бий болгохоор зорьсон;
- Суралцагчийн мэдлэгийн үнэлгээний шинэ систем нэвтрүүлсэн. Энд 70:30 гэсэн харьцаагаар суралцагчийн хөдөлмөр, түүний үр дүнг багш болон мэргэжлийн тэнхим харгалзан үнэлдэг аргачлалыг бий болгосон, иж бүрэн тестээр дүгнэдэг, дүнгийн хадгалалт, боловсруулалт, нууцлалтыг хангах программ хэрэгсэл ашигладаг, үнэлгээний Голч дүн (ҮГД) -г оюутан, мэргэжил, тэнхим, сургуулийн хувьд тооцож гаргадаг;
- профессор багш нар өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэхээс өөр арга замгүй тийм эрчимтэй, оновчтой, чөлөөтэй сургалт, заах аргын технологид шилжсэн;
- профессор багш өөрийн заах хичээлийн хувь заяаг хариуцаж, нөгөө талаас кредиттэй дүйцэх агуулгыг бүрэн эзэмшүүлж чадаж байгаа эсэхэд тэнхим болон суралцагчийн зүгээс тавих хяналтыг өндөржүүлсэн;
- профессор багшийн хөдөлмөрийг ажлын эцсийн үр дүнгээр нь тооцох аргачлал, механизмыг шинэчлэн боловсруулсан;
- суралцагчийн албан бус боловсролоор олсон мэдлэг, чадварыг нь үнэлж тооцсоноор түүний тасралтгүй сурах нөхцлийг хангаж байгаа;
- суралцагчийн тодорхой мэргэшил, хичээл сонгох эрхийг өргөтгөсөн нь суралцагчийг сурах, сонгох хувийн төлөвлөлт хийдэг болж, түүний төлөө хүлээх хариуцлагыг өндөржүүлсэн;
- багш, суралцагчийн ачааллыг хянаж зохицуулдаг; сургалтын төлбөрийг сонгосон кредитээс нь тооцож тодорхойлдог; сургуулийн жилийн төсвийн төлөвлөлтийг оюутны тоо, сонгосон кредитийн тоонд үндэслэн хийж байгаа зэрэг уламжлалт сургалтаас ялгагдах шинэлэг асуудлуудыг шийдэж, тодорхой үр дүнд хүрсэн байна.
Тухайлбал,
-тус сургууль 2 жилийн өмнө бүгд 8 мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байсан бол өнөөдөр бакалаврын 14, магистрын 9, докторын түвшинд 6 мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж, мөрдөн ажиллаж, тэдгээрт тусгагдсан нийт 190 гаруй хичээлийн стандарт болон дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулсан.
-Суралцагчдын тоо өссөн, тэднээс магистр, докторын шатны сургалтанд үргэлжлэн суралцагчдын тоо нэмэгдэв.
--Багш нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарснаар сүүлийн 2 жилд 6 багш докторын зэрэг хамгаалж, 28 багш гадаадад урт богино хугацааны сургалтанд хамрагдсан, 17 магистр, докторын сургалтанд явж байна, нийт багш нар англи хэл, компьютерийн хэрэглээний мэдлэг, чадварыг эзэмшсэн.
- Сүүлийн 4 улирлын дүнгээр танхимын болон танхимын бус цагийн харьцаа 48:52- т хүрсэн. Танхимын бус сургалтыг явуулахад шаарлагатай ном, сурах бичиг, гарын материалыг боловсруулахад сургуулийн удирдлага, багш нар ихээхэн анхаарсан. Тухайлбал, хэвлүүлсэн сурах бичгийн тоо 18, гарын авлага, семинар, лабораторийн удирдамж 121 болсон бол бүх хичээлээр лекцийн материал, хичээлд хэрэглэх слайд, бусад материалыг багтаасан файл бүрдүүлэлтийг хийж тэнхим, номын санд хүргэсэн.
-Сургалтын төлөвлөгөөг шинэчлэхдээ уламжлалт фундаменталь мэдлэг чадвар эзэмшүүлэхэд анхаарсан. Түүнийг бүтцээс шинжилж үзэхэд хүмүүнлэг, байгалийн хичээл 20%, математикийнх 16%, гадаад хэлний хичээлүүдийн эзлэх хувийн жин дунджаар 15% -тай буюу тэдгээр хичээлүүд нь дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь хэсэгт зонхилж байгаа бөгөөд нийтдээ 51%-ийг эзэлж байгаа дүн харуулж байна .
--Сургуулийн нийт сурагчдын сурлагын чанар буюу “А”, “В” дүнгийн эзлэх хувь мөн өсөж 49%-д хүрсэн, “С”-ээс дээш дүнгийн эзлэх хувь 67%-д хүрсэн байна.
-“W”, “R”, “E” гэх мэт тусгай тэмдэглэгээ нийт дүнгийн 10% -ийг эзэлж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт гэж үзэж байна.
-Нийт суралцагчдын ҮГД –ийн дундаж нь сүүлийн 4 улирлын байдлаар өсөж, намрын улиралд
2.22-т хүрсэн.
-Тэдгээрээс 13-аас 22 кредитийн завсарт хичээл сонгож суралцагчдын эзлэх хувийн жин 86 % -д хүрч, 10% нь бага ачааллаар сурсан дүн гарсан. Их ачаалалтай буюу өөрөөр хэлбэл 18-22 кредит сонгосон суралцагчдын ҮГД-ийн дундаж нь хэвийн ачаалалтай суралцагчдаас 0,22 пунктаар илүү байгаа нь тэд хичээл сонголтыг зөв төлөвлөж байгаатай холбоотой байна.
-Харин бага кредит сонгосон суралцагчдын ҮГД нь 1,27 хүртэл буурсан нь сонирхол татсан. Тэднээс асуулга, ярилцлага хийж тодруулахад ихэнхи нь ажил төрөл эрхэлсэн тул сурах ажлаа зөв зохицуулж чадаагүй, зарим нь цөөн хичээл тусам хэт тайвширсан, хаясан, сурах хүсэл буурсан зэрэг шалтгааныг хэлж байсан. Энэ нь сургуулийн нийт голчийг бууруулсан нэг үндсэн шалтгаан болсон.
-Сургуулийн Голч дүнд нөлөөлсөн өөр бусад хүчин зүйлс гэвэл шинээр гаргасан журам, стандарт, тэдгээрийн цаад нарийн хамаарал, механизмыг суралцагчид эхэндээ хагас дутуу ойлгосон, зарим суралцагчдын сургалтын төлбөр төлөх чадваргүй байгаа зэрэг нь нөлөөлсөн гэж үздэг.
-Багшийн хөдөлмөрийг кредиттэй холбож тооцсоноор, юуны өмнө тэдний ачаалал буураагүй харин ихэссэн. Түүнийг шинэ аргачлаар бодсон сүүлийн 2 жилийн дүнг жилийн эцсийн гүйцэтгэлээр гаргахад нэг багшийн ачаалал эхний жилд дунжаар 15 кредит байснаа 1999-2000 онд 18 кредит болон өссөн байна.
-Цалин, орлогын хувьд гэвэл үндсэн цалингаас гадна багшийн ажлын үр дүнтэй холбоотой тогтоогддог нэмэлт орлогууд бий болсон.
Мөн өөрийн судалгааны ажил, МУТИС-ийн КтМС-ийн туршлагад үндэслэн манай орны бусад их сургууль, коллежуудаас сонгож авсан 6 их сургууль, 2 дээд боловсролын байгууллагад кредит системийн элементүүдийг хэрхэн нэвтрүүлж байгаад харьцуулсан судалгааг хийлээ. Энд МУТИС, МУИС нь илүү санаачилгатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа нь харагдсан.
Харин дийлэнхи сургуулиуд кредитийг зөвхөн сургалтын төлөвлөгөөг шинэчилхэд л хэрэглэснээс бус, кредит цагт зөвхөн танхимын сургалтыг төлөвлөж тооцсон, харин танхимын бус цагийг түүний гадна нь үлдээсэн нь эргээд сургууль, багш, суралцагчийн сургалтын ажлын төлөвлөлт, зохион байгуулалтад ойлгомжгүй байдлыг бий болгосон, мөн багшийн хөдөлмөрийг кредит дээр үндэслэж тооцох аргачлал нь үндэслэл муу зэрэг учир дутагдалтай болсон байна. Мөн мэргэшил, хичээл сонгон суралцах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд бага анхаарсан, кредитийг ҮГД–тэй холбож, цаашид суралцагчийн сурлагын амжилтыг дээшлүүлэх хөшүүрэг болгон хэрэглэхгүй байгаа, суралцагчийн авсан дүнгээс шалтгаалж түүний авбал зохих тогтмол утга болох кредитийг бууруулж хувьсгасан алдаатай практикийг хэрэглэсэн, кредитийн мөн чанар, түүний ач холбогдлын талаархи ойлголт сургуулийн хамт олны түвшинд байтугай удирдлагын түвшинд хангалтгүй байгаа зэрэг дутагдлууд нийтлэг байсаар байна.
Эцэст нь өөрийн гүйцэтгэсэн судалгааны ажил, сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, МУТИС-ийн КтМС-ийн туршлага дээр үндэслэн кредит системийг иж бүрэн нэвтрүүлж нийтийн хүртээл болгох нь зүйтэй юм гэсэн дүгнэлтийг хийж, нэвтрүүлэх 8 үе шаттай загвар буюу аргачлалыг үйл ажиллагааных нь хувьд ангилж тодорхойлов. Энд их сургууль, коллежууд нь өөрийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зорилго, зорилтуудыг тодорхойлох, сургалтын агуулга, технологийг боловсруулахдаа, тэдгээрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэлбэрийн талаар тус диссертацийн онолын болон төслийн хэсэгт тодруулсан болохыг анхааралдаа авна уу. Ялангуяа сургалтын төлөвлөгөөг зохиох үндсэн зарчим, баримтлах дүрмүүд, мэдлэгийг багцлах арга, хичээлд кредит оноох дүрэм, сургалтын төлөвлөгөөг өөрчлөхөд баримтлах дүрэм, сургалтын ажлыг нэгдсэн хуанли байдлаар төлөвлөх, оюутны хичээл сонголтын бүртгэл, зохион байгуулалт, түүний үндсэн дээр сургалтын ажлыг төлөвлөх, хичээлийн хуваарийг багш, хичээлээр зохиох, суралцагчид санал болгох сургалтын төлөвлөгөөг боловсруулах, оюутны мэдлэг үнэлэх системийн шинэлэг талууд, багш өөрийн заах хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх тооцоо, төлөвлөгөө хийх, эцэст нь заах аргаа сонгох эрхийг өргөжүүлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх аргачлал, оюутны нэг кредитийн үнэлгээг тогтоох аргачлал зэрэг нь манай дээд боловсролын байгууллагуудад нэгдсэн арга зүйн үндэс, зөвлөмж болно гэж үзэж байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 293
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД