Судалгааны ажлын зорилго: Бид судалгаандаа үндсэн хоёр зорилгыг тавьж ажилласан болно. Үүнд 1-рт Монгол хэлний нэгж нөхцөлүүдийн гарал, хувьслыг тодорхойлох, 2-рт үүнийхээ үндсэн дээр ерөөс монгол хэлний нийт нөхцөл бүтээврийн бий болох, хөгжих, хадгалагдах, мөхөх зүй тогтлыг илрүүлэх. Ийнхүү нэгж нөхцөлүүдийн хувьслаас нийт нөхцөлийн хувьслын ерөнхий дүр зургийг гаргасныхаа дараа эргээд гарал, хувьслын асуудал нь маргаантай зарим нөхцөлийг ерөнхий зүй тогтлынх нь үүднээс тайлбарласан нь эерэг буцах холбоо (positive feedback)-ны зарчмын дагуух судалгаа болсны үр дүн юм. Судалгааны шинэлэг тал: Монгол хэлний нөхцөл бүтээврийн гарал, хувьслыг судалсан эрдэмтэд олон ч бидний судалгаа доорхи хэдэн зүйлээрээ шинэлэг, онцлог болж байна. -Орчин үеийн шинжлэх ухаанд хүч түрэн орж ирж буй аяндаа цэгцрэх тогтолцооны онолыг анх удаа хэлний хөгжил, хувьслын зүй тогтол дээр авч үзсэн, -монгол хэлний нөхцөлийн хувьслыг анх удаа Дарвины үндэслэсэн Эволюцийн сургаалийн онолын үүднээс судалсан,
- Монгол хэлний нөхцөл бүтээврийн утга, бүтцэд тохиолдож болох үгзүйн хувьслыг тоочин тодорхойлсон, -Нөхцөл бүтээврийн түүхэн хувьслын ерөнхий дүр зургийг гаргасныхаа үндсэн дээр монгол хэлний үгзүйн хөгжил хувьслын цаашдын хандлагыг баримжаалан тогтоосон, -нөхцөл бүтээврийн гарлын хэв шинжээс үндэслэн монгол хэлэнд нөхцөл бүтэх ёс бий болсныг нээсэн, -үүнээс гадна нэгж нөхцөл тус бүрийн гарал, хувьсал дээр шинэлэг, өвөрмөц санаа бий. Судалгааны ач холбогдол: -монгол хэлний нөхцөл бүтээврийн түүхэн хувьслын хэв шинж, нээлттэй системүүдийн хөгжил хувьслын мөн чанар, цаашилбал шинжлэх ухаан дундын зүй тогтол, төсөөг баталснаараа онолын ач холбогдолтой, -нөхцөл тус бүрийн бүтэц, утгыг ажиглан зааснаараа сургалтын хэлзүй болон гадаадын иргэдэд монгол хэл заахад практик ач холбогдолтой,
- мөн их, дээд сургуулиудад түүхэн үгзүйн сурах бичиг ховор байгаа өнөө үед багш, оюутны гарын авлага болно. Судалгааны ажлын бүтэц: Уг ажил нь Удиртгал, 1,2-р бүлэг, Номзүй гэсэн үндсэн хэсгүүдээс бүтнэ. Удиртгал нь дотроо 3 хэсэгтэй, Нэрийн нөхцөлийн гарал, хувьсал гэсэн тэргүүн бүлэг нь 3, Үйлийн нөхцөлийн гарал, хувьсал гэсэн дэд бүлэг нь 6 хэсэгтэй, хэсэг тус бүр нь дотроо 2-17 дэд хэсгийг агуулна. Дүгнэлт: - Хүн төрөлхтний хэл бий болсон явц өөрөө аяндаа цэгцрэх тогтолцоонд хамаарах үзэгдэл учраас элементүүдийнх нь улирал, хөгжлийг аяндаа цэгцрэх тогтолцооны онолоор судлах нь чухал болж байна. нөхцөл бүтээврийн түүхэн хувьсал нь аяндаа цэгцрэх тогтолцооны зарчмахар болж буй үзэгдэл гэдэг нь тодорхой байна.
- Амьд биесийн хөгжил, хувьслын зүй тогтол нь мөн чанараараа хүний хэлний хувьсалтай дүйж байна. Иймээс биологийн ухааны арга туршлага, нээлт, ойлголт, ухагдахуун, дор хаяж нэр томъёог нь хэлний судалгаанд ашиглах боломжтой хэмээн үзлээ. Үүнд: хувьсал, шалгарал, удамшил, өрсөлдөөн, аромофоз, идиоадаптаци, дегенераци, конвергенци, дивергенци, доминант, рецессив ба дундаж шинж, удамших ба үл удамших хувьсал зэргийг юуны өмнө дурьдаж байна. -Нөхцөл бүтээврийн гарал, хувьслаас харахад монгол хэлэнд үг бүтэх тусгай арга байдгийн адилаар нөхцөл бүтэх ёс мөн бий болсон нь ажиглагдаж байна. Бага нь ихтэйгээ, их нь багатайгаа адил байх фрактал бүтцийн зарчмаар монгол хэлний залгаврын нийлцээс шинэ нөхцөл бүтэх нь нийлэг аргаар үг бүтэхтэй, бие даасан үгээс нөхцөл бүтээвэр үүсэх нь задлаг аргаар үг бүтэх ёстой, нөхцөлийн утга өргөжиж шинэ нөхцөл үүсэх нь үгийн утга салаалж шинэ үг бүтэхтэй тус тус дүйцэх шинжтэй.