ХIҮ-ХҮ зууны үеийн монгол ярианы хэлийг тэр үеийн перс эрдэмтэд тэмдэглэн үлдээсэн нь эдүгээ хэл шинжлэлийн үнэтэй чухал материал болж байна. Араб толь бичгийн тогтсон загвар дээр тулгуурлан олон хэлний толь бичиг зохиох уламжлал Перст эртнээс тогтсон байжээ. Эдүгээ бидний үед дундад үеийн монгол хэлний үндсэн шинжүүдийг араб үсгээр тэмдэглэсэн нилээд олон толь бичиг уламжлан үлджээ. ХХ зууны эхнээс аваад зарим эрдэмтэд тэдгээр дурсгалуудын талаар судалсан байна. Хэдий тийм боловч монгол хэлний түүхэн хувьсал хөгжлийг судлахад тэдгээр дурсгалуудын илүү нарийвчилсан судалгаа нэн чухал байгаа билээ. Миний бие энд араб үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалуудын хэлний нарийвчилсан судалгаа хийх зорилт тавьсан болно. Энэхүү судалгаа нь тэдгээр дурсгалуудад туссан авиалбарын тогтолцоо, авианы түүхэн хувьсал хийгээд нэр үг, үйл үгийн бүтэц, хэлзүйн хэлбэрүүдийг багтаасан болно. Би энэ бүтээлдээ араб дурсгалуудын хэлийг цуваа цагийн үүднээс авч үзэхийг зорьсон билээ.