ДЭМБ болон олон улсад ургамлын гаралтай бүтээгдэхүүний ач холбогдлыг өндрөөр үнэлж, зохистой, аюулгүй хэрэглээг дэмжих өргөн хүрээт бодлого хэрэгжүүлж байна. Уламжлалт анагаах ухаан (УАУ)-д олон зуун жил хэрэглэж ирсэн олон эм байдаг хэдий ч төдийлөн хангалттай судлагдаагүй учир эмнэл зүйн практикт хэрэглэх нь харьцангуй бага байна. Эдгээр эмийн хадгалалт, хэлбэр, амт зэргийг сайжруулж, хэрэглэхэд хялбар байдлаар бэлтгэн эмчилгээний үйлдлийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, эмнэл зүйн туршилт судалгаагаар нотолгоожуулан зах зээлд гаргах хэрэгцээ зүй ёсоор урган гарч байна. Бидний судлаж буй Лонал шинэ эмийн түүхий эд болох Алтайн Даланхальс (Lonicera Altaica Pall)-ыг УАУ-д элэг, цөсний үрэвсэл, усан хаван, тамир тэнхээ сайжруулах, идээ ундаанд дуршил төрүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн. Алтайн Даланхальс-ны бэлдмэлийн элэг хамгаалах үйлдлийн фармакологийн судалгааны үр дүнгээс харахад элэгний архаг үрэвсэл, циррозын эмгэг загвар үүсгэсэнд биохими, эд судлалын шинжилгээгээр элэгний нөхөн төлжилт хяналтын бүлгээс эрс ялгаатай явагдаж, элэг өөхлөлт буурсан шинж илэрсэн ба элэгний гэмтлийн үед АТФ-г нийлэгжүүлдэг эсийн митохондри, цитоплазмын ферментүүдийг дэмжих, уургийн нийлэгжилтийг өсгөж, эсийг бүтцийн хувьд ээнэгшлийн байдалд барих, эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлэх, эсийн дотор болон эсийн мембран дээр явагдах хэт исэлдэлтийг дарангуйлах зэрэг үйлдэлтэй болохыг тогтоожээ.
Иймд манай судалгааны баг Алтайн Даланхальс (Lonicera Altaica.Pall)–ны жимснээс элэг хамгаалах үйлдэл бүхий Лонал шинэ эмийг гарган авч, химийн болон фармакологийн судалгаагаар элэг хамгаалах үйлдэлтэй болох нь тогтоогдсонд тулгуурлан шинэ эмийн эмнэл зүйн судалгааг хийж гүйцэтгэлээ. АРГАЧЛАЛ: ДЭМБ-аас гаргасан “Эмийн эмнэл зүйн судалгааны удирдамж”, олон улсын баримт бичгүүд болон Монгол Улсын ЭМЯ-наас гаргасан “Шинэ эмийн эмнэл зүйн туршилт явуулах журам” зэргийг мөрдлөг болгож, ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийг авсны үндсэн дээр архины шалтгаант элэг өөхлөх өвчин (АШЭӨӨ), эмийн шалтгаант элэг өөхлөлт (ЭШЭӨ), С вируст архаг хепатит хавсарсан элэг өөхлөх өвчин оношилогдсон хүмүүсийг судалгаанд хамруулсан. Эмнэл зүйн I, II шатны судалгаанд оролцогсдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар плацебо, хяналт, эмчилгээ гэсэн 3 бүлэгт хуваарилж давхар нууцлалын аргыг ашиглан судалгааг гүйцэтгэсэн. Эмнэл зүйн судалгаанд нийт 190 хүнийг хамруулсан (I шатанд 10 хүн, II шатанд-180 хүн). Эмчилгээний бүлгийн оролцогсдод Лонал (1,4 гр x 3), харьцуулах бүлэгт Карсил (67,5 мг x 3), плацебо бүлэгт плацебо (1,4 гр х 3) эмийг тус тус 21 хоногийн турш уулгасан.
ҮР ДҮН: Эмнэл зүйн I шатны судалгаагаар Лонал шинэ эмийг эрүүл хүнд уулгахад аюулгүй, зохимжтой болох нь тогтоолоо. Эмнэл зүйн II шатны судалгаанд Лонал шинэ эмийг 21 хоногийн турш уулгаж эмчилгээний өмнө болон дараах үр дүнг харьцуулсан. Лонал эм АШЭӨӨ-ний үе дэх биохимийн шинжилгээ дэх элэгний эс задрал (АсАТ: р=0,012, АлАТ: р=0,032), цөс зогсонгишил (нийт билирүбин: р=0,04, шууд билирүбин: р=0,032, ШФ: р=0,04, ГГТ=0,037)-ын идэвхжилтийг бууруулсан. Мөн түүнчлэн элэг өөхлөлт (хэт авиа: р=0,01, фиброскан: р=0,018, элэгний амьд сорьцийн шинжилгээ (ЭАСШ): р=
0.008), фиброзын зэрэг (фиброскан: p=
0.026, ЭАСШ: р=0,042), хэлтэнцэр (ЭАСШ: p=
0.009) болон хаалган зурвасын үрэвсэл (ЭАСШ: p=
0.038)-ийн идэвхийг бууруулах үйлдэл үзүүлсэн. ЭШЭӨ-ийн үе дэх биохимийн шинжилгээний элэгний эс задрал (АсАТ: р=0,03, АлАТ: р=0,025), цөс зогсонгишил (Шууд билирүбин: р=0,035, ШФ: р=0,047, ГГТ: р= 0,03), липидийн солилцооны алдагдлын зарим үзүүлэлт (ТГ: р=0,03)-ийг бууруулсан. Мөн элэг өөхлөлт (фиброскан: р=0,028, ЭАСШ: р=
0.037) болон фиброзын зэрэг (фиброскан: р=0,043, ЭАСШ: р=
0.026), хэлтэнцрийн үрэвсэл (ЭАСШ: р=
0.003), эсийн хөөмөгшил (ЭАСШ: р=
0.008)-ийг багасгасан. С вируст архаг хепатит хавсарсан элэг өөхлөх өвчний үе дэх биохимийн шинжилгээний элэгний эс задрал (АсАТ: р=0,037, АлАТ: р=0,023), цөс зогсонгишил (ШФ: р=0,04)-ыг бууруулсан. ИНЛП-ын хэмжээг нэмэгдүүлж (р=0,047), ТГ (р=0,03)-ийн хэмжээг багасгасан. Фиброскан, элэгний амьд сорьцийн шинжилгээгээр элэг өөхлөлт (хэт авиа: р=0,024, фиброскан: р=0,042) болон фиброзын зэрэг (фиброскан: р=0,022, ЭАСШ: р=0,087), хэлтэнцрийн үрэвсэл (ЭАСШ: p=
0.084), хаалган зурвасын үрэвсэл (ЭАСШ: p=
0.028)-ийн идэвхийг бууруулж байна.
ДҮГНЭЛТ: Эмнэл зүйн I шатны судалгаагаар Лонал шинэ эм нь эрүүл хүнд аюулгүй, зохимжтой болох нь тогтоогдлоо. Эмнэл зүйн II шатны судалгаагаар Лонал шинэ эм нь архины шалтгаант элэг өөхлөх өвчин, эмийн шалтгаант элэг өөхлөлт болон С вируст архаг хепатит хавсарсан элэг өөхлөх өвчний үе дэх биохимийн шинжилгээ дэх элэгний эс задрал, цөс зогсонгишлыг бууруулсан. Мөн фиброскан, элэгний амьд сорьцийн шинжилгээгээр элэгний өөхлөлт, фиброзын зэрэг, архаг үрэвслийн идэвхижилтийг бууруулах үйлдэлтэй болохыг нотолгоожууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0