Эмчлэгдэх боломжгүй хожуу үе шатандаа орсон өмөнтэй өвчтөний 40-50 хувь нь дунд, хүчтэй, 25-30 хувь нь маш хүчтэй зэргийн өвдөлттэй байдаг. ДЭМБ-ын зөвлөсөн гурван шатлалт эмийн эмчилгээнд өмөнгийн гаралтай өвдөлтийн 70-90 хувь нь намддаг ч, 10-30 хувьд намддаггүй буюу мэдрэлийн хоригоор намдаах шаардлагатай болдог байна. Учир нь эмийн эмчилгээ нь өвчтөний өвдөлтийг бүрэн намдаахгүйгээс гадна гаж нөлөө ихтэй, ялангуяа энэ нь опиоид эмтэй холбоотой байгааг гадаадын олон судлаачид тогтоожээ. Харин мэдрэлийн хориг нь өвдөлтийн цочролыг өмөнгийн бай эрхтнээс төв мэдрэлийн тогтолцоонд дамжих замд хориг хийх замаар өвчтөний өвдөлтийг бүрэн намдаадаг, гаж нөлөө багатай, тогтсон аргачлалтай, давтан хийх боломжтой өндөр үр дүнтэй арга юм. Өмөнгийн үеийн бага ба дунд зэргийн өвдөлтийн улмаас нийт өвчтөний 41 хувь нь өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаагаа алдаж, 94 хувьд нь амьдралын чанар эрс доройтдог тул өвдөлт намдаах оновчтой аргыг сонгож хэрэглэх нь өвчтөний амьдралын чанарыг сайжруулах тэргүүн зэргийн ач холбогдолтой юм.
Бид энэ зарчим дээр үндэслэн өмөнгийн гаралтай, опиоид эмэнд тэсвэртэй, байнгын хүчтэй өвдөлт намдаах шинэлэг аргуудын үр дүнг судалсан.
Судалгааны ажлын зорилго
Өмөнгийн гаралтай, опиоид эмэнд тэсвэртэй, хүчтэй өвдөлт намдаах мэдрэлийн хоригуудын үр дүнг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй
Судалгааг Ачтан Клиникийн Эмнэлэг, Хөнгөвчлөх эмчилгээний хоспис, Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт түшиглэн явуулсан. Судалгаанд 2011-2016 онуудад өмөн өвчний улмаас өвдөлт намдаах зорилгоор морфин 100 мг-с дээш авч байсан 165 өвчтөнөөс судалгаанд оролцсон 151, үүнээс туршилтын бүлэгт-75, хяналтын бүлэгт-76 өвчтөнг хамрууллаа. Судалгааг эмнэлзүйн санамсаргүй, хяналтат, туршилт судалгааны аргаар явуулсан. Судалгааны загварчлалыг гаргахдаа өвчтөнийг туршилтын буюу мэдрэлийн хоригийн бүлэгт: 1.Наран сүлжээний нейролитик хоригийн бүлэг (НСНХБ)-т 30;
2. Эпидурал хоригийн бүлэг (ЭХБ)-т 32;
3. Нугасны аалзавчийн доорх нейролитик хоригийн бүлэг (НАДНХБ)-т 13 өвчтөн, хяналтын буюу морфин эмчилгээний бүлэг (МЭБ)-т нийт 76 өвчтөнг хамруулсан. Өвчтөн бүрийн өвдөлтийн зэрэг, морфины хоногийн тун, өтгөн хаталт, үйл-ажиллагааны чадвар, амьдралын чанар, амьдрах хугацаа тус бүрийг 2 долоо хоногийн давтамжтайгаар 14 долоо хоногийн турш үнэлж, харьцуулан судалсан.
Судалгааны үр дүнг SPSS-
21.0 програмаар тооцон гаргасан. Ерөнхий үзүүлэлтийг Fisher’s exact test-ээр үнэлж, морфины хоногийн тун, өвдөлтийн зэрэг, шаналгаат шинж, Карновскийн ба амьдралын чанарын үзүүлэлтүүдийг ANOVA, параметрийн бус Mann–Whitney U test-ээр тодорхойлов. Өвдөлтийн зэрэг ба морфины хоногийн тун, үйл-ажиллагааны чадвар, амьдралын чанарын хоорондын хамаарлыг Корреляцийн аргаар, өвчтөний амьдарсан хугацааг Каплан-Майерийн уруудах шатны загварыг ашиглан тооцсон.
Үр дүн
Мэдрэлийн хориг нь өмөнгийн гаралтай опиоид эмэнд тэсвэртэй, хүчтэй өвдөлттэй өвчтөний өвдөлтийн зэргийг
77.3-
99.7% (p≤
0.001), морфины хоногийн тунг
70.3-100% бууруулж (p≤
0.001), амьдралын чанарыг
25.4-
32.1% сайжруулж, (р≤
0.009), амьдрах хугацааг уртасгаж байна (p≤
0.006).
Өвдөлтийн зэрэг ба морфины хоногийн тун; морфины тун ба гаж нөлөө; өвдөлт ба амьдралын чанарын хооронд статистик бүхий хамааралтай байна (р≤
0.001).
Дүгнэлт
Өмөнгийн гаралтай, хүчтэй өвдөлтийг намдаах мэдрэлийн хориг ба морфин эмчилгээний үр дүнг харьцуулан судлахад мэдрэлийн хоригууд нь зөвхөн хүчтэй өвдөлтийн үед төдийгүй опиоид эмэнд тэсвэртэй өвдөлтийг намдааж, морфины хоногийн тун, гаж нөлөөг бууруулж байна. Өвчтөний амьдралын чанар сайжирч (p=
0.002), амьдрах хугацаа нь уртассаж байна (p=
0.006).
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0