Мэргэжлийн байгууллагын зүгээс хийсэн судалгаагаар манайд мэргэжлийн англи хэлний сургалт төдийлөн хөгжөөгүй, цаашид зохион байгуулахад судалгаа, зөвлөмж ихээр шаардагдахыг онцолсон байна. Манай оронд багаар хичээл заах арга цөөн газар нэвтэрч, англи хэлний сургалтыг гадаадын сайн дурын байгууллагын ажилтнуудтай баг болж хамтран явуулах практикийг нэвтрүүлж буй боловч мэргэжлийн англи хэлний сургалтын хувьд учир дутагдалтай, тэдгээрийн хүрэлцээ муу зэргээс суралцагчдын хэрэгцээ шаардлагыг төдийлэн хангаж чадахгүй байна. Харин энэ аргын шинжлэх ухааны үндсийг судалж, манай орны нөхцөл, сургалтын практикт тохирсон байдлаар боловсруулан буулгаж, алдаа оноогоо хэлэлцэх асуудалд анхаарлаа хандууулах шаардлага бий болсон юм. Их сургуулийн хөтөлбөрт мэргэжлийн англи хэлний хичээл тусгагдсан үеэс одоог хүртэл мэргэжлийн англи хэлний хичээлийг үр дүнтэй заах аргазүйг боловсруулж, нэвтрүүлэх ажилд төдийлөн ахиц гараагүйгээс төгсөгчид нь ажил олгогчид болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов.
Судалгааны ажлын зорилго
Мэргэжлийн англи хэлний хичээлийг багаар зааж туршин үр дүнг тооцож, арга зүйн зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилт
• Гадаад хэлний сургалтын онцлог, сургалтын арга зүйг шинэчлэх талаар хийгдэж буй эрэл хайгуул, шинэлэг шийдлүүдийг эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээл эх сурвалжуудыг судалж, нэгтгэн дүгнэх
• Англи хэлний хичээлийг багаар заах арга зүйн шинжлэх ухааны үндсийг Зүүн Азийн орнуудын жишээн дээр судалж, дүгнэлт гаргах
• Ерөнхий англи хэлний хичээлийг гадаадын мэргэжилтэн багш нартай болон оюутан-багштай хамтран зааж туршин үр дүн тооцох
• Мэргэжлийн англи хэлний хичээлийг англи хэлний болон тухайн мэргэжлийн багш нартай хамтран зааж турших
• Туршилт-судалгааны дүнд үндэслэн багаар хичээл заах аргыг мэргэжлийн англи хэлний сургалтанд нэвтрүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах
Судалгааны ажлын арга
Багаар хичээл зааж буй гадаад орнуудын туршлагыг өөрийн сургуульд хэрэгжүүлсэн туршилт сургалттай харьцуулан судалж, дүн шинжилгээ хийхдээ баримт шинжилгээний арга, суралцагчдын мэдлэгийн түвшин тогтоох туршилт судалгааг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх болон бичгэн асуулга, хэлэлцүүлэг, ярилцлага, ажиглалт, эксперт үнэлгээний аргыг, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх болон математик статистикийн аргыг тус тус хэрэглэн боловсруулсан бөгөөд туршилт судалгааны зарим үр дүнг боловсруулахдаа US17, SPSS программуудыг тус тус ашигласан болно.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
Мэргэжлийн англи хэлний сургалтын онол, арга зүйн үндсийг эрдэмтэн судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн судалгааны эх сурвалжуудыг иш үндэс болгон сургалтын практикт туршин нэвтрүүлснээр суралцахуйд суурилсан багшлах арга зүйн шинэчлэлд зохих хувь нэмэр оруулж байна. Уг судалгааны ажил нь мэргэжлийн англи хэл заадаг их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтад аргазүйн үндэс болох боломжтой.
Судалгааны ажлын бүтэц
Энэ ажил нь оршил, хоёр бүлэг, дүгнэлт, хавсралт, ном зүйгээс бүрдэх бөгөөд 32 хүснэгт, 21 график, 14 хавсралт, багаар ажиллах арга зүйн зөвлөмж зэрэг 146 хуудсанд багтсан болно.
Судалгааны ажлын дүгнэлт:
Бид мэргэжлийн англи хэлний хичээлийг англи хэлний багш, тухайн мэргэжлийн багштай багаар заах арга зүйг ашиглан сургалтын үр нөлөөг нэмэглүүлэх туршилт судалгаа хийж, үр дүнг тооцож дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
Багаар хичээл зохион байгуулах нь олон улсын сургалтын технологид нэвтэрсэн сүүлийн үеийн ололт, амжилтын нэг юм. Сургалтын энэ арга зүйг мэргэжлийн англи хэлний хичээл заахад хэрэглэх бүрэн бололцоотой гэдгийг бидний 10 гаруй жилийн туршилт судалгааны үр дүн нотлон харууллаа. Мэргэжлийн англи хэлний сургалт нь суралцагчдын хэрэгцээнд тулгуурласан, агуулга, заах арга зүйн хувьд ерөнхий англи хэлний сургалтаас ялгаатай. Тийм учраас мэргэжлийн багш, англи хэлний багш нарын нягт хамтын ажиллагаа сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг бидний туршилт судалгааны үр дүн баталлаа.
Мэргэжлийн англи хэл нь англи хэлний боловсролын нэгэн чухал салбар бөгөөд агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдхүүний хувьд ерөнхий англи хэлний сургалтаас ялгаатай. Иймд мэргэжлийн англи хэлний хичээлийг хэлний багш мэргэжлийн багштай хамтран зааснаар сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэж бид үзэж байна.
Мэргэжлийн англи хэлний хичээлийг багаар зааснаар зөвхөн сургалтын үр дүн нэмэгдэх төдийгүй хэлний багш тухайн шинжлэх ухааны зохих мэдлэгтэй болж, мэргэжлийн багшийн англи хэлний мэдлэг чадвар дээшилж багш нар ажлын байрандаа хөгжих боломж бүрдэж байгаа нь харагдлаа.
Эдгээр боломжуудын зэрэгцээ хамтрагч багш нарын зарим хувийн зан чанар багаар ажиллахад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай нь судалгаанаас харагдаж байна. Хамтрагч багш нар өөрийн гэсэн хатуу арга барилтай, уян хатан биш байх, багаар хамтран ажиллах сонирхолгүй, сургалтад илүү цаг зарцуулах, судалгаа шинжилгээ хийх дургүй байх, хамтын хариуцлага хүлээх чадваргүй байх зэрэг нь сургалтын үйл явцад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Харин суралцагчдын хувьд өөр өөр мэргэжлийн багш нараас нэгэн зэрэг сурах боломж олдож, сурах үйл сэдэлжиж, хэлний мэдлэг, чадварын түвшин дээшлэж буй нь энэ сургалтын гол ололт юм.
Багаар хичээл заах технологийг манай орны нөхцөлд нийт сургуульд нэвтрүүлэхэд эдийн засгийн хувьд бэрхшээлтэй хэдий ч мэргэжлийн англи хэлний хичээлийг цөөн тооны их, дээд сургуулиар бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтний чанарыг дээшлүүлэх, сургалтыг үр өгөөжтэй болгохын тулд энэ технологийг сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй, нэмэгдэл зардал гарахгүйгээр бидний боловсруулсан хувилбараар сургалтанд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
• Мэргэжлийн англи хэлний хичээлийг техникийн их сургуульд үр дүнтэй заах аргазүйг нилээд олон жил олж чадахгүй байсан ч багаар заах аргазүйг туршин нэвтрүүлснээр уг асуудлыг шийдвэрлэж болох нэг хувилбар байна гэсэн дүгнэлт гарсан нь бидний ажлын зорилго, таамаглал батлагдсан үр дүн боллоо..
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0