Судалгааны ажлын зорилго, зорилтууд:
Хот суурины газар ашиглалтын тогтвортой байдлыг үнэлж буй арга, аргачлалуудад дүн шинжилгээ хийж, Монгол орны дунд хотын нөхцөлд тохирсон газар ашиглалтын тогтвортой байдлын үнэлгээний аргачлал боловсруулахад энэхүү судалгааны ажлын гол зорилго оршино.
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
1. Дархан хотын газар ашиглалтын өнөөгийн байдал, өөрчлөлт, хэтийн төлөвийг тодорхойлж, зураглах
2. Олон улсын чиг хандлагад нийцүүлэн газар ашиглалтын тогтвортой байдлыг үнэлэх үзүүлэлтүүдийг сонгох, үзүүлэлт тус бүрийн шалгуурын тохиромжтой хувилбарыг боловсруулах
3. Үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хүрээнд Дархан хотын газар ашиглалтын тогтвортой байдалд үнэлгээ өгөх
4. Дархан хотын газар ашиглалтын тогтвортой байдлыг хангах арга замыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах
Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол:
Олон улсад тогтвортой байдлын үнэлгээг түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд хотын газар ашиглалтын тогтвортой байдлын үнэлгээний арга зүй, аргачлалуудыг харьцуулан Монгол оронд нэвтрүүлэх боломжийг судалж, тохиромжтой хувилбарыг боловсруулан гаргасан. Боловсруулан гаргасан үнэлгээний загварыг Дархан хотын нутаг дэвсгэрт анх удаа хэрэглэж, үр дүнд үндэслэн хотын газар ашиглалтын тогтвортой байдлыг хангах арга замыг тодорхойлж өгснөөрөө шинэлэг юм.
Газар ашиглалтын тогтвортой байдлыг нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, засаглалын агуулгатайгаар нөхцөл байдлыг цогцоор нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нь хотын хүн амын нийгэм, ахуйн нөхцөл болон газар ашиглалтын хоорондын харьцааг үнэлэх, газрын төлөв байдлыг прогнозлох, тогтвортой газар ашиглалтын бодлого шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Үнэлгээний загварчлал бий болсноор хотын газар ашиглалтын тогтвортой менежмент, төлөвлөлтийн оновчтой байдлыг бий болгох, тухайн хотын тогтвортой хөгжлийн бодлогыг сайжруулах, таамаг өгөгдөл мэдээ ашиглан ирээдүйн чиг хандлагыг урьдчилан таамаглах зэрэгт ашиглана.
Судалгааны материал, арга зүй:
Уг судалгааны ажлын арга зүйг ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хурлаар 2010 оны 12 сарын 23-ны өдөр хэлэлцэж баталсаны дагуу судалгааг хийж гүйцэтгэсэн. Үнэлгээний ажилд олон арга хэрэгслийг хослуулан хэрэглэхийг зорьсон ба энэ нь янз бүрийн эх үүсвэрээс өргөн хүрээний үнэн зөв мэдээллийг цуглуулах бололцоо олгодог давуу талтай юм. Энэхүү судалгааны ажлыг додр үзүүлсэн дарааллаар гүйцэтгэсэн.
Онол арга зүйн хэсэг. Энэ хэсэгт дэлхий нийтэд түгээмэл хэрэглэж буй хот суурины газар ашиглалтын тогтвортой байдлыг үнэлэх аргуудад дүн шинжилгээ хийснээр олон шалгуур үзүүлэлтээр үнэлэх арга (indicator- based sustainability assessment method )-ыг сонгон хэрэглэсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд газар зохион байгуулалтын ажилд компьютерт суурилсан загварчлалуудыг задлан шинжлэлийн үе шатанд ашигласнаар үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэхэд хялбар болгож, хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж буй тул үзүүлэлтүүдэд тулгуурлан Газарзүйн мэдээллийн системийг ашиглан математик загварчлал буюу “GIS modeling” загварчлалыг боловсруулсан.
Энэ загварчлал нь тухайн мэдээллийн хэрэгцээ агуулгаас хамааран тухайн бүрт тохирох шалгуур үзүүлэлтүүдийг оруулснаар үнэн зөв бодит мэдээллийг харуулах боломжтой.
Шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах хэсэг. Онолын судалгааны хүрээнд ОХУ, Австрали, Европын улсуудын хотуудад хэрэглэж буй газар ашиглалтын тогтвортой байдлын үнэлгээний арга зүй, шалгуур үзүүлэлтэд харьцуулалт хийж тогтвортой хөгжлийн 3 тулгуур багана болох нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчиноос гадна засаглал гэсэн 4 үндсэн бүлэг бүхий 20 үзүүлэлтийг тодорхойлсон. Үзүүлэлтийг сонгохдоо тогтвортой байдлын олон талт асуудлуудыг хөндсөн, ойлгомжтой, үнэлгээнд шаардлагатай мэдээллийг цуглуулах боломжтой мөн үндэсний болоод орон нутгийн төвшинд хэрэглэхэд тохиромжтой байх үндсэн зарчмуудыг баримталсан. Үзүүлэлт бүрт тохирох параметрүүдийг Монгол улсын дунд хотыг үнэлэхэд тохирох байдлаар боловсруулсан.
Үнэлгээний хэсэг. Үнэлгээнд шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагуудаас авсан статистик мэдээ, тайлангаас цуглуулах, анализ хийх зэргээр тоон судалгааны аргыг хэрэглэсэн. Үүнд: Дархан-Уул аймгийн ГНС-гийн тайлан 2006-2012, УЦУОШГ-ын тайлан 2006-2012, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан
2012. Өгөгдөл мэдээ хангалтгүй үед хээрийн хэмжилт судалгаа, газар зүйн мэдээллийн систем ашиглан мэдээллүүдийг цуглуулсан. Тухайлбал: хөрсний бохирдол, тээврийн хөдөлгөөний эрчимшил зэргийг хээрийн хэмжилт судалгаагаар, нийгэм, эдийн засгийн орон зайн мэдээллүүдийг анхдагч өгөгдөлд тулгуурлан газар зүйн мэдээллийн систем ашиглан цуглуулан, дүн шинжилгээ хийсэн. Газрын харилцааны засаглалын үнэлгээнд санал асуулгын аргыг хэрэглэсэн ба судалгааг олон нийтийн санал бодлыг судлахаас эхлэн газрын харилцааны байгууллагуудтай ажил хэргийн холбоотой ажилладаг хувийн хэвшлийн мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжлийн шинжээчдийн тухайн асуудалд өгсөн үнэлгээ, үзэл бодолд харьцуулалт хийх зорилгыг агуулан, судалгааны анкетыг 2 төрлөөр боловсруулан мэдээлэл цуглуулсан. Иймд газрын албаар үйлчлүүлэгчдээс нийт 50 хүн, шинжээчдээс нийт 20 хүнийг төрийн албан хаагчид(газрын албаны мэргэжилтнүүд, газрын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй багш судлаач), олон улсын байгууллагад ажиллагсад, газрын харилцаанд холбогдох мэргэжилтнүүд (геодезийн инженер, ой судлаач, экологич) зэрэг төлөөллийг багтаан сонгон авсан болно.
Хотын газар ашиглалтын тогтвортой байдлыг тогтвортой (
2.6-
3.0 балл), дунд зэрэг тогтвортой (1.6-
2.5 балл), бага буюу тогтворгүй (1.0-1.5 балл) гэж үнэлсэн ба үнэлгээний эцсийн үр дүнг газар зүйн мэдээллийн системийн орон зайн анализ (spatial analysis), жингийн коэффициентийг тодорхойлох АНР (Analitical Hierarchy Processing) зэрэг аргачлалыг ашиглан ОХУ-ын эрдэмтэн Сизов А.П (2005)-ын томъёогоор тооцсон.
Бодлого, шийдвэр гаргах хэсэг. Судалгааны сүүлийн үе шатанд олон улсын түвшинд, Монгол улсад газрын нөөцийн тогтвортой ашиглалт хамгаалалт, менежментийн бодлого чиглэл, судалгааны үр дүнд үндэслэн Дархан хотын газар ашиглалтын тогтвортой байдлыг хангах арга зам, зөвлөмж гаргав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0