Удиртгал
Манайд, банкны зээлийн эх үүсвэр нь харьцангуй зардал ихтэй, зээлийн хүү өндөр, богино хугацаатай тул урт хугацаатай хөрөнгө оруулалтанд ашиглахад тохиромжгүй байдаг. Иймд зардал багатай, хөрөнгө оруулалтын чухал хэрэгсэл болох хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, тэндээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага тулгамдсан асуудал болж байна. Нөгөө талаас, иргэдийн үнэт цаасны талаарх мэдлэгийг онолын зохих түвшинд хүргэн, хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшиж буй үнэт цаасны багцаа удирдах арга зүйн тодорхой мэдлэг эзэмших нь үнэт цаасанд мөнгөө зөв байршуулж бодит өгөөжөө нэмэгдүүлэн, эрсдэлээ удирдах боломжтой болох юм.
Мөн, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа өөрсдийн боловсруулсан санхүүгийн эрсдэлийг хэмжих аргуудыг ашигладаг боловч нэгдсэн арга аргачлал байдаггүй. Судлаач, эрдэмтэд санхүүгийн хэрэгслийн эрсдэлийг үнэлэх олон аргачлалуудыг боловсруулсан байдаг ч хөрөнгө оруулагчдын ялгаатай хэрэгцээг хэмжих эрсдэлийн нэгдсэн загвар байдаггүй.
Нөгөө талаас, бодит өгөөж нь хүлээгдэж буй өгөөжөөс доогуур байх нөхцөлд санхүүгийн хугацааны цувааны эрсдэлийг үнэлэх SV, VAR, CVAR, CDAR аргуудыг судлаачид оновчтой хэмээн үзэж олон улсад ашиглаж байна. Харин эдгээр аргуудыг багц сонголтын онолд ашигласан судалгааны ажил манайд хийгдээгүй байна.
Судалгааны зорилго: Үнэт цаасны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад багц сонголтын онолын хэрэглээг өргөтгөн түүнд тохирсон арга зүйн загвар боловсруулж, турших явдал.
Судалгааны зорилтууд: Судалгааны ажлын зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
• Багцын уламжлалт онол, орчин үеийн багц сонголтын онолын түүхэн хөгжлийг судлан үечлэх,
• Үнэт цаасны зах зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх, судлах,
• Үнэт цаасны багц сонголтын онолын хэрэглээг өргөтгөсөн арга зүйн загвар боловсруулах.
• Үнэт цаасны багц сонголтын арга зүйн загвараар турших
• Багцын сонгодог онол, өргөтгөлүүдийг ашиглан эмпирик судалгааг хийж харьцуулан дүгнэх, оновчтой багц бүрдүүлэх,
• Хөрөнгө оруулагчдын “зан төлөвийн санхүүг” судлан портфелийн удирдлагын загвар боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
Гипотез: Хөрөнгө оруулалтын шинжлэх ухааны зарчмууд ба эдгээрт тулгуурласан загваруудыг оновчтой хэрэглэх нь хөрөнгө оруулалтын сайн шийдвэр гаргахад нөлөөлнө.
Судалгааны ажлын шинэлэг тал: Энэхүү ажлын хүрээнд хийгдсэн онол, судалгааны шинэлэг талыг дараах үр дүнгүүдээр тодорхойлж болно. Үүнд:
• Санхүүгийн онол, орчин үеийн багц сонголтын онол, загваруудыг цаг хугацааны дарааллаар судлан системчилсэн.
• Салбарын хандлагын шинжилгээг тохирох трендийн эрэмбийг тодорхойлон хийсэн.
• Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг салбарын индексээс хамааруулан лог--шугаман загвараар загварчилж тухайн салбараас хамаарах үнэт цаасны зах зээлийн мэдрэмжийн шинжилгээг хийсэн.
• Хөрөнгө оруулагчдын эрсдэл даах чадварыг тогтоох зорилгоор 1679 хүнээс анкетын аргаар судалгаа авч дүгнэлт хийсэн.
• Салбарын болон компанийн бета коэффициентыг тооцоолсон
• Оновчтой багц бүрдүүлэх арга зүйн загварыг боловсруулан туршсан.
• Багцын эрсдэлийн ялгаатай хэмжээсүүд бүхий загваруудаас Монголын нөхцөлд тохирох загварыг тодорхойлсон, мөн хөрөнгө оруулагч нарт хялбар байхаар өргөн хэрэглэгддэг загваруудыг програмчилсан
Практикийн ач холбогдол: Санхүүгийн аливаа харилцаанд оролцогч хувь хүн, мэргэжлийн байгууллагууд өөрийн болон бусдын хөрөнгийг эрсдэл бага, өгөөж өндөртэй байхаар оновчтой байршуулан эрсдэлээс зайлсхийхэд орчин үеийн багц сонголтын арга загваруудыг ашиглах боломж, хэрэглээг өргөтгөсөн.
Судалгааны ажлын бүтэц: “Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад багц сонголтын загварыг ашиглах нь” сэдэвт бүтээл нь удиртгал, 3 бүлэг, 10 хэсэг, 2 дэд хэсэг, 10 хүснэгт, 22 зураг, дүгнэлт, санал, ном зүй болон хавсралт зэргийг багтаасан нийт 153 хуудастай. Электрон хувилбар 3464 материал, 166 хавтас,
2.5GB хэмжээтэй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0