Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол бичгийн бичмэл*Гэсэрийн тууж*-уудын харилцаа холбоо хийгээд гарал үүсэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1045
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : үлгэр, тууль, туульс, сонирхол, улс орон, бүлэг

Аннотаци

Зорилго нь "Гэсэрийн тууж"-ийн монгол, төвд хувилбар эхүүд, ялангуяа монгол эх тус бүрийн доторхи хувилбар эхүүд, түүний доторхи хувилбарын хувилбаруудын шинж чанар, агуулга, хэлбэрийн онцлог, тэдгээрийн харилцаа холбоо, бие биеийн нөхөн сүлжсэн нийтлэг болон өвөрмөц байдлын харьцааг судлах; -тийнхүү судлахдаа "Гэсэрийн тууж"-ийн монгол эхүүдийн өвөрмөц онцлог бүхий хувилбарыг эх бичиг, сурвалж судлалын үндсэн дээр иж бүрнээр хандан тодорхойлж гаргах; - нэгэнт сонгон авсан монгол эх тус бүрийн өөр хоорондоо хэрхэн холбогдохыг дотоод гүн холбоо харьцаанд нь авч үзэх; - тэрхүү хоёр болон хэд хэдэн харьцаанд авч үзсэн "Гэсэрийн тууж"-ийн хувилбар тус бүрийн зохиогдсон цаг үе, зохиосон хийгээд орчуулсан зохиогч, орчуулагчийг тодруулан гаргах; - нэгэнт монгол бичгийн "Гэсэр тууж"-уудын зохиогдсон цаг үе, зохиогчийг тодруулснаар жинхэнэ монгол "Гэсэр тууж-ийн анхны эхийн гарал зүйн асуудлыг нотлон шинжлэх; - улмаар монгол бичгийн "Гэсэр тууж"-ийн үндсэн хийгээд анхны эхийн асуудлыг ийнхүү нэг мөр болгон шийдвэрлэснээр өнөө хэр огт судлагдаагүй үлдсээр ирсэн төвд эхүүдийн харьцаа, тэр мэт төвд эхүүдийн дотоод холбоог хөөн судлахад арга зүйн үндсэн удирдамжийг гаргах; -энэ бүх монгол бичгийн эхүүдийг харьцуулан судлаад, монгол "Гэсэрийн тууж"-ийн олон хувилбарын нийтлэг хийгээд өвөрмөц онцлогийг ялган тодорхойлох; - ингэж ялган тодорхойлсноор монгол, төвд "Гэсэрийн тууж" тус бүрийн бие даасан шинж чанарыг шинэ шинэ эх бичгийн дурсгал, тэдгээрийн харьцааны асуудлаар нэмэн баяжуулж тодорхойлох; -монгол бичгийн "Гэсэрийн тууж"-ийн үндсэн эхийн уг гарлыг нээн шинжилж, төвд "Гэсэрийн тууж"-тай хэрхэн харьцаж буйг нэмэн тодруулахад оршино. Судалгааны үнэ цэнэ: Монгол бичгийн "Гэсэрийн тууж"-уудын дотроос 10 зүйлийн гол эхийг ялгаруулан сонгож аваад тэдгээрийн бүлэг хоорондын харилцаа холбоо, эх хоорондын харилцаа холбоог ялган тодорхойлж; улмаар монгол бичгийн "Гэсэрийн тууж"-ийн олон эхийн доторх анхдагч хоёр эхийг анх удаа тодруулснаараа; -анхдагч хоёр эхийг цааш нь судалж бичгийн гарал үүсэлтэй зохиол болохыг нотлон, монгол "Гэсэрийн тууж" нь бичгээс аманд шилжсэн хэмээх дүгнэлтийг хийж, амаас бичигт шилжсэн гэж үзэж байсан хуучин үзэл баримтлалд эх бичиг, сурвалж судлалын үүднээс тодорхой няцаалт өгснөөрөө; -монгол бичгийн "Гэсэрийн тууж"-ийн арван зүйлийн сурвалж эхийг анх удаа иж бүрнээр харьцуулан судалж, бичиж сударласан он цаг, орчуулагчийн тухай мэдээ сэлтүүдийг улируулан шинжилж судлаад монгол бичгийн анхны эхийг Эрх Цорж төвд хэлнээс орчуулсан болохыг анх удаа нотолж, Эрх Цоржийн амьдарч байсан түүхэн цаг үе, "Гэсэрийн тууж"-ийг орчуулахаар зарлиг болсон, дуртгасан хүмүүсийн мэдээ сэлтийг сурвалж судалгаагаар мөшгөн шинжилж, монгол бичгийн "Гэсэрийн тууж"-ийн анхны эхийг Далай ламын зарлиг, Номч хатны дурдалгаар 1652-1662 оны хооронд Эрх Цорж төвд олон зүйл эхийг тулгаж орчуулсан гэж дүгнэснээр, Эрх Цоржийн орчуулсан ордос "Гэсэрийн тууж", Номч хатны "Гэсэрийн тууж" нь эдгээр эхтэй гарал үүсэл нэгтэй энэ хоёр эхээс хойно сийрүүлж сударласан хэдэн зүйлийн эхийг цааш нь ахиулан шинжилж төвд бичгийн эхүүдтэй харьцуулан судлаад, монгол "Гэсэрийн тууж"-ийг төвд "Гэсэрийн тууж"-тай ямар ч харьцаа холбоогүй өөр өөрийн гарал үүсэлтэй зохиол, монгол "Гэсэрийн тууж"-д төвд "Гэсэрийн тууж"-аас зөвхөн нэг хоёр бүлгийг орчуулсан хэмээх хуучин саналыг үгүйсгэж, Эрх Цорж Амдоо Хөх нуур нутагт тархаж байсан энэхүү нутгийн хэлний онцлогтой төвд бичгийн "Гэсэрийн тууж"-уудаас эл дэвтрийн уг эхэд тулгуурлан бусад эхүүдийг харьцуулан тулгаж орчуулсан, түүний орчуулсан бүлгүүд, шинээр найруулан зохиосон бүлгүүдийг нээн тодорхойлсон, шинэ санал, дүгнэлтийг дэвшүүлснээр, монгол бичгийн "Гэсэрийн тууж"-уудын гарал үүслийг Ордос "Гэсэрийн тууж", Номч хатны "Гэсэрийн тууж" болон энэ хоёр эхтэй гарал үүсэл нэгтэй хэдэн эхэд тулгаж нотлоод орчуулсан, шинээр найруулсан, дууриан зохиосон бүлгүүдийг тус бүр тодорхойлсноор тухайн эхүүдийг нааш нь монгол олон зүйлийн аман хувилбартай харьцуулан судалж, аман эх нэг бүрийн үүссэн цаг хугацаа тэдгээрийн хоорондох харьцаа холбоог тодорхойлох, цааш нь төвд "Гэсэрийн тууж"-ийн гарал үүслийг мөшгөн длах арга замыг нээснээр, дээрхи гол хэдэн зүйлийн дагуу монгол бичгийн "Гэсэрийн тууж"-ийн онцлог шинж, агуулга, бүтцийг шашны үзэл санааны чиглэлтэй холбогдуулан судалж, бурхан шашны номлол ихэнх бүлгийн үлгэр, үйл явдалд шингэж идээшиж, үлгэр туулийн үйл явдлыг сүнсний үзлээр холбож зохиосон зохиол болох шинэ саналыг дэвшүүлснээрээ эрдэм шинжилгээний үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Судалгааны практик ач холбогдол: Энэхүү нэг сэдэвт зохиолын баримт эх хэрэглэгдэхүүн, дэвшүүлсэн асуудал, гаргасан санал дүгнэлт нь монголын эртний уран зохиолын онол түүхийн асуудлыг тодорхой хэмжээнд баяжуулсан бөгөөд Гэсэр судлалын асуудлыг авч үзэхэд үндсэн гол баримтлал болохын сацуу, Төвд, Монголын судлал, Төв Азийн нүүдэлчдийн соёлын судалгаанд лавлалт, хэрэглэгдэхүүн болно. Энэ нь уг судалгааны цар хүрээг өргөтгөж буй бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншилд Төв Азийн нүүдэлчдээс оруулсан хувь нэмрийг тодруулахад чухал ач холбогдолтой юм. Дүгнэлт: Монгол туургатанд модон бар болон бичмэлээр дэлгэрсэн "Гэсэрийн тууж"-ийн ихэнхэд нэг бүлэгт буюу хоёр гурван бүлэгт, түүнээс дээш зургаагаас арван гурван бүлэгт арван эхийг энэ зууны гучаад оноос наяад оныг хүртэл цуглуулан олоод, монгол эх тус бүрийн үндсэн гол хувилбар, хувилбарын хувилбарыг өөр хооронд нь харьцуулан үзээд "Замлин сэнчиний намтар", тод үсгийн "Гэсэр", Заяын "Гэсэр, Лүн Пү Ши хийдийн "Гэсэр" ба Цэ вангийн "Гэсэр", Устын зуугийн "Гэсэр", "Гэсэр хааны цадиг", Орос "Гэсэрийн тууж", Модон барын "Гэсэрийн тууж", Номч хатны "Гэсэрийн тууж" хэмээх үндсэн гол арван хувилбарыг ялган тогтоов. Чингэж үндсэн гол хувилбарыг ялган тогтоохдоо эх бичмэлүүдийн ялгаран гарч, бие биеэс дамжин салаалсан онцлог шинжүүдийг нь эх бичиг, сурвалж судлалын үүднээс ангилан тодорхойлсон юм.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 708
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :