Аливаа салбарын үйлдвэрлэлийн хөгжилд боловсон хүчин, машин тоног төхөөрөмжөөс гадна технологийн түвшин онцгой үүрэгтэй бөгөөд дэлхий нийтэд шинжлэх ухаан, технологи өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэлийг технологиор удирдах асуудал чухал байр суурь эзлэх болов. Нөгөөтэйгүүр, орчин үед бизнесийн удирдлагын үндсэн чиг үүргүүд, тэдгээрийн агуулгад хөгжлийн явцыг даган гүнзгий өөрчлөлт орж байна. Түүний нэг илрэл бол технологийн удирдлагын өргөн хүрээтэй асуудал юм. Иймд үйлдвэрлэлийн хүрээн дэх технологийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал нь нэг талаас, процессын удирдлага, нөгөө талаас, хөгжлийн удирдлага гэсэн байр сууринаас судлах шаардлагатай гэж үзэж, 2000 онд бизнесийн удирдлагын доктор(Ph.D) -ын зэрэг горилон "ТEХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД" сэдвээр бүтээл туурвисан. Технологийн удирдлагыг хөгжүүлэх асуудлаар хийгдэж буй энэхүү судалгааны ажил нь манай орондоо 2 дахь бүтээл болж байгаа бөгөөд түүний гол зорилго нь үйлдвэрлэлийн хүрээнд технологийн удирдлагын хөгжлийн асуудлыг онол, арга ухааны талаас нь судалж, манай орны хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүнийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн загвар, арга зүйг практик хэрэглээ болгох талаар санал боловсруулан гаргахад оршино. Энэ зорилгонд хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэсэн юм. Үүнд: * Технологи болон түүний удирдлагын онол, практикийн асуудал, шинжлэх ухаан, технологийн бодлогын уялдаа холбоо, үр нөлөөг судлах, * Манай орны хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжил болон үйлдвэрлэлийн хүрээн дэх технологийн удирдлагын үйл явцыг судлаж дүгнэлт өгөх, * Технологийн удирдлагын хөгжлийг хангах орчинг бүрдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээг цогцолбороор хэрэгжүүлэх санал гаргах * Хөнгөн үйлдвэрийн салбарт технологийн удирдлагын хөгжлийн судалгааны арга зүй, шинэ загварыг санал болгох, түүнийг үйлдвэрлэлийн хүрээнд ашиглан туршилтын үр дүнг гаргах * Үйлдвэрлэлийн инженерчлэлийн аргыг жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд ашиглах боломжийг судалж, чанарын өндөр үзүүлэлттэй, эрэлт ихтэй тодорхой нэгэн бүтээгдэхүүн дээр туршин, арга ажиллагааг нь стандартчилах замаар үндэсний уламжлалт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн (оюуны үнэт бүтээлийн) санг бий болгох санал боловсруулах зэрэг болно. Технологийн удирдлагын хөгжлийн асуудлыг судалсан энэхүү бүтээл нь хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хамран хийгдсэн бөгөөд манай орны өнөөгийн нөхцөлд ноос, арьс шир, мод боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах боломжийг түшиглэн дэлхийд нэрт гарсан сайн чанартай бүтээгдэхүүний түвшинд хүртэл боловсруулах асуудал нь технологийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотойг гаргаж тавьсан учир үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онол арга зүйн үндэс болж байгаагаараа шинэлэг юм. Саяхан болтол технологийн удирдлагыг зөвхөн процессын удирдлагын нэг хэсэг мэтээр ойлгож, тэр ойлгосон хэмжээгээрээ үйлдвэрлэлийн процессын хүрээнд явцуу хэрэглэж байсан билээ. Энэ нь манай аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн газруудын уналтын болон өрсөлдөх чадваргүй болсоны үндсэн шалтгаануудын нэг байсан гэж үзэх үндэс байгаа юм. Орчин үеийн менежментийн ухаанд технологийн удирдлагын үйл ажиллагааны энэ төрөлжсөн хүрээ бол цаг хугацааны хувьд явцын, тактикийн болон урт хугацаан дахь байгууллагын судалгаа хөгжил, маркетинг, бүтээгдэхүүн, бизнесийн амьдралын орчилыг давхар хамарсан, агуулгын өргөн багтаамжтай ойлголт болно. Энэхүү судалгааны ажлаар технологийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөхдөө, үйлдвэрлэлийн хүрээн дэх гарцын үзүүлэлт болох үр дүнгийн функцийн утга, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлыг илэрхийлсэн технологийн удирдлагын логик загварын хувилбар гаргаж, олон түвшний технологийн менежментийн уялдаа, агуулга, Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тодорхой үеүд дэх технологийн удирдлагын элементүүдийн хөгжил, чиг үүргүүдийн уялдаа холбоог судалж, дүгнэсэн юм. Тухайлбал, технологийн менежментийн логик загварыг санал болгосон нь үйлдвэрлэлийн хрээнд ашиглах бүрэн боломжтой бөгөөд энэ нь байгууллагын хөгжлийн гол хуулиудын нэг болох синергийн хуулийн үйлчлэлийн мөн чанарт тулгуурласан нь энэ бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, үндэслэлийг тодруулж байгаа юм. Өнөөдөр дэлхийн улс орнууд технологийн хөгжлийн янз бүрийн шатанд яваа бөгөөд манай орны хувьд хөгжиж байгаа олон орны адил бусдын бэлэн технологийг хэрэглэх үе шатандаа явж байна. Энэ бол Монгол орны хоцрогдлын бодит жишээ бөгөөд үүний гол шалтгаан нь нийгмийн амьдрал, эдийн засгийн сул дорой байдлаас болж шинжлэх ухааныг хөгжүүлж чадаагүй, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоо сул, технологийн менежмент, үйлдвэрлэлийн инжнерчлэл хөгжөөгүй, үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт бүхнээс нэвтрүүлчих сэтгэлгээ дутагдсан зэргээс болсон гэж дүгнэж байна. Энэ нөхцөлд нэгэнт технологи өндөр хөгжсөн орнуудыг хөөн гүйцэх нь үнэхээр боломжгүй учир экологийн цэвэр орчин, түүхий эдийн онцлог, байгальд халгүй уламжлалт технологидоо тулгуурлан технологио угтуулан хөгжүүлэх стратеги баримтлах боломж байна. Үүний тулд үйлдвэрлэлийн хүрээнд шинэ сэргэг мэдээлэл бүхий мэдээллийн баазыг бий болгон ашиглах, туршилт үйлдвэрлэлийн чадварлаг лаборатори, зураг төслийн төвүүдийг ажиллуулах, технологийн хавсрага судалгааг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр олон улсын зах зээл дээр тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр өрсөлдөх "түрүүлж мэдрээд, өрсөн нэвтрүүлэх" гэсэн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлнэ. Улс орныхоо хөгжлийг хангахад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхийн тулд бид шинжлэх ухаан технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх; техник, технологийн шинэчлэлтийг шуурхай мэдэрч, эрчимтэй нэвтрүүлэх менежментийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, технологийн бодлогын илрэл бөгөөд үргэлжлэл нь "Судалгаа ба хөгжил" (Research & Development) өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн бодлого нь улс орны хөгжил, нийгмийн амьдралд нөлөөлж түүхэн тодорхой хөгжлийн үе шатуудыг дайруулан өнгөрөөж өдгөө "судалгаа ба хөгжил"-ийн үе шатандаа орсон явдалд манай орны технологийн удирдлагад тусгах, энэ нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тодорхойлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүрээнд яаж нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан, технологийн бодлогын шалгуур үзүүлэлтүүдээр илэрхийлж, шинжлэх ухаан, технологийн бодлогын үр нөлөөг үнэлэх шаардлагатай юм. Академийн хүрээлэнгүүд, их сургууль, үйлдвэрлэлийн хүрээнийхний үйл ажиллагааг нягт уялдуулж, бодитой интеграцид оруулах явдал нь практик хэрэглээ, үр өгөөж багатай судалгаа явуулахгүй байх, тэдгээрт судалгаа, хөгжлийн процесс салангид хэрэгжиж байгаа байдлыг арилгах нь чухал. Манай судлаачид гадны технологийг өөрийн нөхцөлд нутагшуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ техникийн систем, технологийн амьдралын циклийн талаар иж бүрэн мэдээлэлтэй байх, үүний тулд түүнд үнэлгээ өгөх, мөн түүнийг сайжруулах техникийн даалгаврыг тодорхойлох чадвартай байх шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан тухайн технологийн хөгжлийн янз бүрийн түвшинг, түүний амьдралын мөчлөгийг танин мэдэхэд "S" муруйн онол чухал ач холбогдолтой. Чухамхүү уг онолоос манай орны хөнгөн аж үйлдвэрийн зарим салбарт гадны хөрөнгө оруулалт хийгдэх болсон бодит шалтгааныг илрүүлж болно. Технологийн хөгжлийн бодлого, стратегиа хэрэгжүүлэх, өөрийн хүч бололцоонд илүүтэй тулгуурлах үүднээс үндэсний уламжлалт технологийн сангаа цуцалтгүй судлах, шилдэг зүйлсийг нь олж тогтоох, сэргээн өвлөх, оюуны өмч болгож баталгаажуулах шаардлагатай байна. Манай улсад шинжлэх ухаан, технологио хөгжүүлэх хөрөнгө хүч, мэдээлэл, арга зүй дутагдаж байгаа энэ үед үйлдвэрлэлд гадны хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогоор дамжуулан шинэ техник, технологийг менежменттэй нь хамт оруулах боломжтой бөгөөд үүнд Засгийн газрын бодлого, зохицуулалт, хууль эрх зүйн орчин чухал ач холбогдолтой болж байна. Энэ ажилд нэн даруй "Аж үйлдвэрийн хууль" -ийг гаргах хэрэгтэй байна. Технологийн удирдлага бол тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тогтвортой ажиллагааг хангах, техник технологийн ашиглалт, үр ашгийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг, зардлыг багасгах, чанар бүтээмийг дээшлүүлэх зэрэг үйлдвэрлэлийн болон судалгаа шинжилгээний ажиллагааг нэгтгэн удирдах, алс хэтийн зорилгод чиглэсэн технологийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг хангах энэ утгаараа технологийн удирдлага нь үйлдвэрлэлийн хүрээн дэх технологийн төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхижүүлэлт, хяналт, зохицуулалтын асуудлыг хамарсан удирдлагын төрөлжсөн үйл ажиллагаа мөн. Сүүлийн 10-аад жилийн улс төрийн үйл явцаас хамааран Засгийн газрын бүтэц, яам салбарын тогтолцоо байнга өөрчлөгдөж, гарч ирсэн улс төрийн хүчинд нийцүүлэн яамдыг байгуулах, нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлтүүдийг "стгэлийн хөдлөлөөр" хийдэг болсон нь үндэсний үйлдвэрлэлийг уналтанд оруулахад болон салбарын удирдлагын асуудлыг орхигдуулахад багагүй нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх асуудалтай хамт үйлдвэрлэлийн удирдлагыг сайжруулах, үйлдвэрлэлийн хүрээнд технологийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудлыг онол - арга зүй, практик талаар иж бүрэн, тогтвортой хандлагын үүднээс тавих хэрэгтэй. Өнөөгийн хувьцаат компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судалж бүлэглэн, нөлөөллийн хэмжээнээс (хэмжих - М) хамааран тэдгээрийг үнэлэх (Е), энэ үнэлгээг үндэслэн үйлдвэрийн газруудын ангиллыг тогтоон, тэдгээр ангилал тус бүрт хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх (P), улмаар хэрэгжүүлэх,сайжруулах (I) асуудлыг иж бүрэн хөндөж гаргасан удирдлагын түгээмэл арга болох "MEPI" системийг технологийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой. Энэ үүднээс "технологийн удирдлагын логик загвар"-аар хөнгөн аж үйлдвэрийн салбарын 20 үйлдвэрийн газарт туршин математик бодолтыг хийж, салбарын үйлдвэрийн газруудыг үйл ажиллагааных нь байдлаар эрэмбэлэн ангилал тогтоож, тэдгээр тус бүрт тохирох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх бололцоо олгож байна. Урьдчилсан тооцоогоор үзэхэд тэдгээр үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлтийн болон үйлдвэрлэлийн үр ашгийн коэффициент 10 гаруй хувиар, тогтвортой жигд ажиллагаа 20 гаруй хувиар дээшлэх боломж байна. Үйлдвэрлэлийн инженерчлэлийн аргыг ашиглах замаар технологийн удирдлагыг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх бас нэгэн боломж байгааг судалгаагаар тогтоож, түүнийг монголын үндэсний уламжлалт үйлдвэрлэлийн хүрээнд, тухайлсан нэг бүтээгдэхүүн (шөрмөсөн утас) дээр туршин, улмаар үндэсний уламжлалт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессын стандартыг бий болгов. Үйлдвэрлэлийн технологийн удирдлагын хөгжлийг хангах асуудлыг хөндөн тавихдаа том, дунд, жижиг үйлдвэрийн уялдаа холбоог хангасан "Пирамид систем"-ийг үндэс болгох нь үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх бас нэгэн нөхцөл болно. Энэ нь хөнгөн аж үйлдвэрийн салбарын 80 шахам хувийг эзэлж буй жижиг, дунд үйлдвэрийн онцлогийг тусгаж байна. Өнөөдөр Засгийн газар том үйлдвэрүүддээ түшиглэж жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Манай орны аж үйлдвэр, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарт юуны өмнө технологийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаас нь сайжруулах арга хэмжээ авах, технологийн бодлогыг үйлдвэрлэлийн онцлог болон хөгжлийн түвшинтэй уялдуулан зөв тодорхойлох шаардлага дэвшигдэж байна. Үүнд: а). Арьс шир, үслэг эдлэлд тавигдаж байгаа чанарын үзүүлэлтүүдийг хангахын тулд арьс ширэн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, амьдын болон бэлтгэлийн үеийн элдэв төрлийн гэмтлийг арилгах нь чухал юм. Манай улсын бэлтгэсэн арьс, ширний 30 орчим хувийг гэмтэлтэй арьс эзэлдэг нь дэлхийн дундаж түвшин / 18 хувь/ -ээс ихээхэн доогуур, түүний дотор нядалгааны үеийн болон, арчлалт хамгаалалт, тээвэрлэлтийн үеийн гэмтэл ихэнхи хувийг эзэлж байгаа нь шийдвэрлэж болох боломжтой асуудал гэж үзэж байна. Энэ талаар дэлхийн олон оронд судалгаа туршилтууд хийгдэж, өндөр дэвшилтэт технологи гарч байгаа боловч манай орны хувьд монгол малын арьс, ширний онцлогийг харгалзан боловсруулсан өндөр технологи байхгүй байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна. б).Ноос, ноолууран бүтээгдэхүүний тухайд авч үзвэл, сайн чанарын түүхий эдийн асуудал нь бас л малын үржил, селекцитэй холбоотойгоор ийдэгдэнэ. Түүхий эдийг материал судлал талаас нь болон нөөцийг арвижуулах талаас нь иж бүрэн судлах, шинэ бүтээгдэхүүн гаргах технологийн шийдлүүдийг эрж хайх, тухайлбал, тэмээний ноос, сарлагийн хөөврийн гүн боловсруулалтыг хийснээр угтуулан хөгжүүлэх стратеги хэрэгжих боломж байна. в). Оёдлын үйлдвэрүүдийн хувьд өнөөгийн байдлаар хамгийн сайн, жигд ажиллагаатай, техник, технологийн шинэчлэлтийг богино хугацаанд бараг бүрэн хийж чадсан гэж үзэж болох боловч бүтээгдэхүүний борлуулалт, менежментийн асуудал нь гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэлд байгаа, нөгөөтэйгүүр сүүлийн 2-3 жилд шаардлага хангахгүй техник тоног төхөөрөмж оруулж ирж айгаа зэрэгт анхааралтай хандаж гаалийн болон татварын зохицуулалт хийх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр гадаад худалдааны нөхцөлтэй холбоотойгоор оёдлын үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч гадаадынханы орж ирэх сонирхол тодорхой хугацааны дараа багасах хандлагатай байгаад дүгнэлттэй хандаж, Засгийн газраас явуулах бодлогыг өнөөдөр угтуулан тодорхойлох нь чухал байна. Судалгааны ажлын үр дүнд бий болсон арга зүй болон дэвшүүлсэн дүгнэлт саналууд нь үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлэн үндэсний үйлдвэрлэлийн бодлогын үндэс болох бөгөөд түүнийг сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогод тусгалаа олох бүрэн боломжтой. Түүнчлэн өнөөгийн нөхцөлд шинжлэх ухаан, технологийн хувьсал, өөрчлөлтийг хангах арга замаар үйлдвэрлэлийн хөгжлийг хангах, байгууллагын удирдлагын тогтолцооны хоцрогдолыг арилгаж, шинэ маягийн арга ухааныг боловсруулж нэвтрүүлэх, "Үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл дэх инженерчлэл", "шинэ бүтээгдэхүүн бий болгох", "Үйлдвэрийн газрын хөгжлийн матриц" зэрэг боловсруулалтууд нь онол, практикийн ач холбогдолтой юм. Энэхүү нэг сэдэвт бүтээл нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн болон технологийн удирдлагын хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж буй судлаачид, докторантууд, магистрантууд, их дээд сургуулийн оюутнуудад өргөн ашиглах боломжтой, Үйлдвэрийн газрын инженер, техникийн ажилтнууд, менежерүүдэд гарын авлага болохуйц үнэ цэнэтэй бүтээл болсон юм. Хамгаалалт хийсэн өдөр:
2000.
11.10
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0