Цочмог лейкеми (ЦЛ) нь цусны бусад хавдартай харьцуулахад илүү хүнд явцтай, түргэн даамжирдаг, тавилан муутай эмгэг бегөөд хүүхдэд тохиолддог хорт хавдрын гуравны нэгийг, хүүхдийн хавдрын шалтгаант нас баралтын эхний байрыг эзэлдэг [Л.А. Дурнов, 2002]. Дэлхийд цусны хорт хавдрын тохиолдол тогтвортой буюу аажмаар ихсэх хандлагатай байгааг хэвлэлийн эх сурвалжууд мэдээлж байна (ДЭМБ-ын мэдээ, 2003).
Монгол улсад сүүлийн 5 жил бүртгэгдсэн цусны хорт хавдрын тохиолдлын 35-38%-ийг хүүхдийн лейкеми эзэлжээ. ЭНЭШТ-ийн статистик мэдээгээр 2001 онд 11, 2002 онд 21, 2003 онд 27, 2004 онд 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь манай оронд энэ эмгэгийн өвчлөл ихсэх хандлагатай байгааг харуулж байна. ЦЛ-ийн бүх тохиолдлын
66.1-91% нь оношлогдсоноос хойш 6 хоногоос 1 жилийн дотор энддэгээс үзэхэд энэ нь ихээхэн тавилан муутай эмгэг юм
Хавдрын үүсэл, ургалтыг хянахад эсийн дархлааны урвал гол үүрэгтэй учир өвчтөний дархлаа дарангуйлагдсан түвшинг тодорхойлон дархлаа зүгшрүүлэх оновчтой эмчилгээ хийж өвчтөний тавиланд нааштай нөлөөлөх боломжтой. Хавдрын эсрэг үйлчлэх эсийн дархлааны гол механизм нь Th эсээс ялгарах цитокины үйлчлэлээр идэвхижсэн эс хордуулагч Т эс хавдрын эстэй холбогдож "бай" эсийг хордуулах молекулыг ялгаруулахад оршино [Van Gool S.W., 2000; Charles A. Janeway., 2004]. Шингэний дархлааны урвал хавдрын ургалтыг хянахад оролцдог [Lake D.F., Huynh W.C., 2004]. Тухайлбал, эсрэгбие нь хавдрын уусамтгай болон бэхлэгдсэн антигенийг саармагжуулах үүрэгтэй. Эсрэгбие нь хавсаргыг идэвхжүүлж, макрофаг, NK (natural killer) эсийг хавдрын эстэй холбох "гүүр" болж хавдрын эсийг устгадаг [Charles A. Janeway., 2004]. Түүнээс гадна эсрэгбие хавдрын эсийн хүлээн авууртай холбогдсоноор тэдгээрийн эд эсэд наалдамтгай чанарыг бууруулж, үсэрхийллийн эсрэг нөлөө үзүүлдэг. Цитокины зохицуулга буюу харилцан тэнцвэрт байдал алдагдах нь хавдрын эс үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл учир ийлдсийн цитокины агууламжииг тодорхоилох нь өвчтөний дархлаа чадамжийг илүү бодитой үнэлэх боломжийг олгоно [Lake D.F., HuynhW.C. 2004].
Хорт хавдар нь дархлаа хомсдолын суурин дээр үүсдэг, хавдрын эсүүд үүсч, олшрох үндсэн нөхцөл нь дархлааны үйл ажиллагааны дутагдал болохыг тогтоосон байна. Цусны хорт хавдрын үед илрэх дархлаа хомсдол нь хоёрдогчоор хавдар үүсэх, хүнд явцтай халдварт ертөх болон аминд халтай бусад хүндрэлийг үүсгэхээс гадна хавдрын цитостатик эмчилгээтэй холбоотой үүсэх дархлаа хомсдол нь өвчний тавиланд сөргөөр нөлөөлдөгийг судлаачид тогтоожээ [Monto H 1991].
Эрүүл хүнд эмнэлзүйн шинж тэмдэггүй, удаан явцтай, архаг халдварыг үүсгэдэг EBV (Epstein-Barr virus), CMV (Cytomegalovirus), T.gondii (Toxoplasma gondii)-mn халдварт цусны хорт хавдар болон ясны чөмөг шилжүүлэн суулгасан өвчтөнүүд илүү өртөмхий болох ба өвчний тавилан, амьдрах хугацаанд шууд. нөлөөлдөгийг судлаачид тогтоожээ [Lemert М etal 2002].
Манай эмнэлгийн практикт ЦЛ-ийн явцыг хянах үндсэн арга нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, ясны хэмийн шинжилгээ бөгөөд дархлаа чадамжийн тухай тодорхой нэг мэдээлэлгүйгээр эмчилж байна.
ЦЛ-ийн үеийн эсийн ба шингэний дархлаа чадамж, ужиг явцтай халдваруудыг тодорхойлсон ажил манай оронд хомс байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлууд нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.