Үндэслэл:
Орчин үеийн перинаталь анагаах ухааны үндсэн зорилго нь бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, саруул хүүхэд төрөх нөхцлийг хангахад чиглэгдэнэ. Иймээс ургийн аливаа эмгэг, хэвийн бус байдлыг эхийн хэвлийд байх үед нь эрт илрүүлж оношлон тавиланг урьдчилан зөв тодорхойлох нь перинаталь судлалын үндсэн зорилго юм. Учир нь перинаталь үеийн эмгэгийн 60 хүртэлх хувь нь антенаталь үедээ үүсэж хөгждөг болох нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдож байна.1, 2, 3 Орчин үед дэлхийн ихэнх улс орон өөрийн үндэстэн, ястан, угсаатны ургийн биофетометрийн хэвийн хэмжээг тогтоон пренаталь оношлогоонд ашиглаж байна. Манай оронд ихэс-ургийн тогтолцоог хэт авиан шинжилгээний аргаар нарийвчлан судалж, улмаар ургийн хэвийн өсөлт хөгжлийг үнэлэх, түүний амьдрах чадвар, жирэмсний тээлтийн хугацааг тодорхойлох, аливаа эмгэгээс сэргийлэх, эмчлэх талаар иж бүрдлээр хийгдсэн судалгааны ажил үгүйлэгдэж байна. Иймээс манай улсын эх барихын практикт ургийн өсөлт хөгжил, амьдрах чадвар, ургийн эмгэгийг оношлох, ихэс-ургийн тогтолцооны, биофетометрийн үзүүлэлтийн лавламж боловсруулж, Монгол хүний биологийн мэдээллийн санд оруулах, улмаар эмчилгээ оношлогооны практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Зорилго:
Улаанбаатар хотод оршин суугч эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн өргөтгөсөн биофетометрийн хэвийн хэмжээг тогтоож, харьцуулан дүгнэх, эх барих судлалын практикт нэвтрүүлэх
Судалгааны арга ба загвар: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн аргаар 2008-2010 оны хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хамрах хүрээ ба түүвэр: Судалгаанд Улаанбаатар хотод оршин суугч 16-44 насны 15-40 долоо хоногтой эрүүл жирэмсэн эхчүүдээс санамсаргүй, (давталтгүй) энгийн түүвэрлэлтийн аргаар 1498 эхчүүдийг сонгон авлаа.
Үр дүн:
1.Улаанбаатар хотод оршин суугч эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн толгойн их хөндлөн хэмжээ нь жирэмсний тээлтийн 15-40 долоо хоногтойд
31.7±2,4-
93.1±2,8 мм, ургийн толгойн тойрог 116±7,3-334,4±9,8 мм, ургийн толгойн шулуун хэмжээ
39.0±2,1мм-
113.8±4,2мм, хэвлийн тойрог нь
95.7±5,3-
352.1±15,5 мм, дунд чөмөгний урт
16.4±2,8-
71.8±1,6мм, цээжний тойргийн хэмжээ
87.0±3,6-
327.2±14,3 мм, бугалга ясны хэмжээ
14.9±0,9-
61.8±2,1 мм, шаант ясны хэмжээ
13.7±1,2-
61.8±2,6 мм, тахилзуур ясны хэмжээ
12.8±1,3-
61.0±2,3 мм, богтос ясны хэмжээ
13.9±1,1-
55.5±3,6 мм, шуу ясны хэмжээ 13,3±0,9-53,7±3,1 мм, ургийн урьдчилсан жин
113.7±14,1-
3561.5±321,5 гр байгаа нь ургийн толгой, цээж, хэвлийн хэмжээ нь Ази, Европын зарим үндэстний үзүүлэлттэй ойролцоо харин ургийн дээд, доод мөчдийн хэмжээсүүд Азийн зарим улс үндэстний үзүүлэлтээс харьцангуй их атлаа, Европын зарим улс үндэстний үзүүлэлтээс ялимгүй бага байна.
2.Ургийн ихсийн зузаан нь жирэмсний тээлтийн 15 долоо хоногтойд
15.8±1,3 мм байснаа 40 долоо хоног хүрэхэд
35.3±1,8 мм болж нэмэгдэж, цэвэр өсөлт нь
2.3 мм, өсөлтийн дундаж хурд
6.5% байв.
Ихсийн
46.2% нь умайн ар хананд, 48% нь өвөр хананд,
3.9% нь умайн ёроолд, 1.9% нь умайн хажуу хананд байрласан байв.
Ихсийн хөгжлийн зэргийг тооцож үзэхэд 29-30 долоо хоног хүртэл 0 зэрэг, 31-32 долоо хоногтойгоос эхлэн ихсийн 1-р зэрэг, 34-35 долоо хоногтойгоос эхлэн 2-р зэрэг, 37 долоо хоногтойгоос ихсийн 3-р зэрэг илэрч байгаа зүй тогтол ажиглагдаж байна.
3.Ургийн биофетометрийн бүх үзүүлэлтүүд нь жирэмсний тээлтийн хугацаатай шууд хүчтэй хамааралтай байгаа бөгөөд хамаарал нь статистикийн үнэн магадлалтай байна. (p<0,001) Ургийн биофетометрийн үзүүлэлтийн динамик өсөлт нь жирэмсний тээлтийн эхний үед эрчимтэй өсөж, улмаар сүүлийн саруудад өсөлт нь саардаг ба хугацаатай хүчтэй хамааралтай (R=
0.97- R=
0.98) байна.
Дүгнэлт:
Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ихэс-ургийн өргөтгөсөн биофетометрийн хэвийн үзүүлэлтийг жирэмсний тээлтийн долоо хоногоор тодорхойлсон судалгааны үр дүн нь ургийн хэвийн өсөлт хөгжил, жирэмсний тээлтийн хугацааг тодорхойлох, цаашид угсаатны хэт авиан зүй, олон урагт жирэмсэн, ургийн бойжилт удаашрах хам шинжийг судлах хэт авиан судалгааны үндэс, эмнэл зүйн болон суурь судалгааны ажилд ашиглах үндсэн хэрэглэгдэхүүн болох юм.