Монгол улсын нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт, улс төрийн тоталитар дэглэмээс ардчилсан дэглэмд шилжсэнтэй уялдан үндсээрээ шинэчлэгдэн буй нийгмийн харилцааг социалист эрх зүйгээр зохицуулах боломжгүйд хүрсэн нь нэгэнт тодорхой болсон билээ. Зах зээлийн харилцаа нь захиргааны чиг үүргийг дан ганц захиран тушаах бус, сонгон хэрэглэх уян хатан бусад арга хэлбэрээр түүний дотор түншлэлийн харилцааны механизмыг өргөнөөр хэрэгжүүлэхийн зайлшгүйг нөхцөлдүүлэв. Хамтын ажиллагааны үндсэн арга замын нэг нь уг харилцааг захиргааны гэрээгээр зохицуулах явдал мөн. Шинжлэх ухааны танин мэдэхүйн хийгээд, эрх зүйн зохицуулалтын практик хэрэгцээний хувьд тухайлсан судалгаа зайлшгүй шаардлагатай болсныг иш үндэс болгон "захиргааны гэрээний эрх зүйн зохицуулалтын асуудал"-ыг сонгон авч докторын диссертацийн хэмжээнд тухайлан судалж, түүгээрээ цаашид гүнзгийрүүлэх эхлэл тавихыг зориглосон билээ. Захиргааны гэрээ Монгол улсын захиргааны эрх зүйн хувьд шинэлэг асуудал бөгөөд уг сэдвээр өдгөө хүртэл дагнасан судалгаа хийгдээгүй зөвхөн зарим нэгэн талаасаа хөндөгдөх хэмжээнд байгаа билээ. Монгол улсын захиргааны эрх зүйдэх гэрээний практикийг нэгтгэн дүгнэж, бие даасан институтын хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц онолын үндэслэлийг тодорхойлох, өөрийн орны практикт нийцсэн эрх зүйн зохицуулалтын онол арга зүйн үндсийг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд диссертацийн судалгааны гол зорилго оршино. Толилуулан буй ажлын шинэлэг талыг дараах байдлаар илэрхийлж байна: 1)Захиргааны болон захиргааны оролцоотой бусад гэрээний практикийг бүхэлд нь задлан шинжилж захиргааны эрх зүйн онолын үүднээс нэгтгэн дүгнэсэн анхны судалгаа болж буй. 2)Захиргааны гэрээний өнөөгийн практикийг иргэний гэрээний болон захиргааны акттай харьцуулан шинжилж эдгээр гэрээний нийтлэг, онцлогийг зохих шалгуураар илэрхийлэн харуулж, түүнийг захиргааны эрх зүйн бие даасан институт мөнийг нотлон дүгнэлт хийсэн. 3)Хөгжингүй зарим орны захиргааны гэрээний институтыг онол практикийн үүднээс харьцуулан шинжилснээр уул гэрээний хөгжлийн түгээмэл хандлагыг илэрхийлж, Монгол улсын судалгааны эргэлтэд анхлан оруулсан. 4)Судалгаандаа үндэслэн Монгол улсын төрийн удирдлагын хүрээнд уул гэрээний харилцааг хуулийн түвшинд зохицуулах шаардлага, гол арга замыг илэрхийлсэн зарим дүгнэлт, санал дэвшүүлсэн зэрэг болно.