Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын боловсролын тогтолцооны философи шинжилгээa



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2120
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Боловсролын гарц, боловсролын орчин, боловсролын үнэмлэх, боловсрол, мэдлэг, системийн анализ, боловсролын орц

Аннотаци

Боловсрол бол нийгмийн нэн олон талт үзэгдэл мөн тул түүнийг мэдлэгийн онолын (эпистемологи) баримтлалуудын үүднээс судлах нь тэдгээр баримтлалаа философийн өөр бусад онолын баримтлал, зарчмуудтай уялдуулахыг шаарддаг бөгөөд энэ диссертацийн ажилд боловсролыг зохистой тодорхойлоход зориулалт бүхий эпистемологи судалгааг нэн түрүүнд праксеологийн зарим асуудалтай холбохыг оновчтой гэж үзэв. Эпистемологи, праксеологийн харилцан уялдааны үүднээс илэрхийлэхэд боловсролын нэн чухал функци нь нийгмийн тодорхой орчин дахь аль нэг нийтлэг шинж бүхий хүмүүсийн (социумын) болон аль нэг улс орны, улмаар нийт хүн төрөлхтний үйл ажиллагааны янз бүрийн тогтолцооны нөхөн үйлдвэрлэл ба хөгжил, өөрчлөлтийг хангахуй мөн. Боловсролын ийм ерөнхий ач холбогдол бүхий функци олон жич функциэр дамжин xэрэгждэг бөгөөд нэн түрүүнд соёлжуулах, сургах, хүмүүжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, баталгаажуулах зэрэг функцийг тийм жич жич функци мөн хэмээн онцолж болно. Боловсролын янз бүрийн функцийг, тэдгээр тус бүрийн онцлогийг илрүүлэх үйл ажиллагаа бол түүний (боловсролын) тухай гноселоги тодорхойлолтын нэг хувилбар боловсруулах бололцоо олгож байна. Ийм үзлийн үүднээс хандвал боловсрол бол хүн амын үндсэн бүх бүлэг давхраа тус бүрийн амьдрал, үйл ажиллагааны болон нийгмийн нийт үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, улмаар цаашдынх нь нөхөн үйлдвэрлэл, хөгжлийн бололцоог хангах тийм мэдлэг, чадвар, соёлын ололтыг эзэмшүүлэх зориулалттай институт (зохион байгуулалт ) мөн. Боловсролын тухай ийм тодорхойлолт нь манай үеийнхний амьдрал, үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангахад чухал ач холбогдолтой тийм элементүүд уламжлалт соёлд байдгийг үгүйсгэгч орчин үеийн зарим нэг үзлийг тойруугаар боловч няцаана. Боловсролын онолыг: боловсрол судлал (боловсролын тухай шинжлэх ухаанууд); боловсролын философи, боловсролын тухай шашны онол гэдэг гурван үндсэн салбартай хэмээн үзэх нь арга зүйн хувьд зүйтэй юм гэж диссертант үзлээ. Боловсролын үйл ажиллагааны нэг үр дүн болж өгдөг мэдлэг бол танин мэдэхүйн үр дүнг (үнэнийг) төдийгүй үнэлэмжийн үр дүнг (үнэлгээг) өөртөө агуулдаг. Нийгмийг танин мэдэхүйн янз бүрийн философи арга ба арга зүйн xандлагууд дотроос системийн тухай онолын хүрээнд боловсорсон арга зүйн үндэслэлүүд нь монголын эдүгээ үеийн боловсролын амьдралыг зохион байгуулалттай үйл ажиллагаа мөний нь философийн үүднээс илэрхийлэхэд илүү тохиромжтой юм. Диссертант Монголын эдүгээгийн боловсролын үйл ажиллагааг судлахдаа системийн тухай онолын дараахь үндэслэлүүдийг онцоллоо. a). Системийн тухай онол дахь объектив, субъектив хоёр хандлагыг бие биед нь сөргүүлэх нь өрөөсгөл шинжтэй бөгөөд угтаа тэдгээр нь тодорхой нөхцөлд аль нэг нь нөгөөгөө шаардаж, тийнхүү харилцан нэгнээ нөхөж байдаг гэж үзэх нь плюралист арга зүйд нийцдэг. б). Тухайн системийн хувьд зарим элемент нь устаж, зарим нь мөхөх, эсвэл шинэ шинэ элемент бий болох зэрэг үйл явц ямагт хэрэгждэг. Үүнд, системийн тодорхой элемент дотоод, гадаад шалтгаанаар хөнөөлгөх буюу "устах", харин тухайн элемент өөрийн функцийг хэрэгжүүлж дуусаад аяндаа үгүй болох буюу "мөхөх" гэсэн үйл явц байнга явагдаж байдаг байна. в). Нийгмийн амьдрал дахь тодорхой системийн өөрчөлт нь объектив, субъектив янз бүрийн шалтгааны улмаас бүтцээрээ зөв юм уу буруу, үр дагавраараа ашигтай ба хортой зэрэг янз бүр байдаг. г). Нийгмийн системийг бүрдүүлж буй элементүүдийг өөр өөр логик үндэслэгээг иш үндэс болгон янз бүрээр бүлэглэж болдог. д). Философи агуулгын үүднээс "систем", "бүтэц" гэдэг хоёр ойлголтыг хольж хутгахаас сэргийлдэг байх ёстой. Бүтэц бол системийн маш чухал нэг тал, мөн түүний оршин тогтнох чухал нөхцөл нь болж өгдөг. Учир нь тэр (бүтэц) нь системт (тогтолцоот) бүхлийн элементүүдийх нь биш, харин тэдгээр элементийн янз бүрийн холбоо, харилцааны нь цогц мөн. Бүтэц нь тодорхой тогтолцоот бүхлийн тухайн тогтворт талыг хангаж өгдөг тул системийн нөхцөл нь болж өгдөг байна. е). Бүтцийн тухай эдүгээ үеийн философи ойлголтууд бүхэлдээ сонгодог биш (уламжлалт биш) философийн хүрээнд бий болжээ. Гэхдээ тэдгээрийг "сонгодог", "сонгодог биш" хэмээн болзмол утгаар хоёр хувааж болно. Сонгодог үзлийн үүднээс хандвал нийгмийн бүтэц бол нийгмийн тодорхой үзэгдлүүдийн харилцаа, хамаарал мөн бөгөөд тэнд ямар нэг хүч тэнцвэржүүлэгч зууч болж өгдөг. Энэхүү үзлийг нэг арга зүй болгон баримталбаас манай өнөөгийн боловсролын тогтолцооны хүрээнд үйлчилдэг тэнцвэржүүлэгч хүч нь түүний дотоод бүрдлүүдийн (элементүүдийн) хоорондын болон энэ тогтолцоо олон хэв маяг, түвшинд гадаад орчинтойгоо харилцах харилцааг тохируулагч болох төр, бүр тодорхой хэлбэл, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэргийн холбогдох бүрэн эрх тус тус юм. Ийнхүү бүтцийн тухай сонгодог биш философи баримтлалын үүднээс хандвал тэмдэглэгээний тогтолцоонд мэдлэгийн агуулга объектив шалтгаантай байж чаддаггүй, харин уг мэдлэгийн субъектээс нь хамаармал байдаг. Ийм арга зүйн үүднээс үзвэл аливаа тогтолцооны, түүний дотор боловсролын тогтолцооны талаархи нэгдмэл, ижил мэдлэг бий болгох зорилт бол зөвхөн хүсэл эрмэлзэл байдаг болохоос яг биелж чаддаг зүйл биш юм. Тийм ч учраас төр бол боловсролын тогтолцоог тэнцвэржүүлэгч хүч төдий бус улмаар түүнийг шууд бүтээгч мөн. ё). Тодорхой объект ямар систем болж орших нь тэр объектийн дотоод бүрэлдэхүүн хэсгүүдээс төдийгүй түүний (объектийн) гадаад орчноос ихээхэн хамааралтай хэмээх системийн тухай онолын хүрээнд бий болсон арга зүйн үндэслэл боловсрол судлалд өргөн ашиглагдах болов. Улмаар энэ нь боловсролын философи ба боловсрол судлалд системийн анализыг өргөн ашиглах арга зүйн үндэс болж өгчээ. ж). Боловсролыг үйл явц (процесс) мөн гэж үзвэл үүний нэн чухал категори нь "боловсролын хямрал" мөн. Энэ ойлголт бол боловсролын тогтолцооны зарим элемент болон орчин нь нийт тогтолцоондоо тохирохоо болихыг илэрхийлдэг. Энд орчин нь байгалийн, нийгмийн аль ч хэв маягийн байж болдог. з). Орчин үед бүх нийтийн боловсролын бодлогыг тухайн орны амьдралд хэрэгжүүлэх зохистой арга замыг тодорхойлох зорилтуудтай холбогдон боловсрол судлал, боловсролын философи хоёрын уялдаан дээр олон чухал онолын ойлголт бий болсон ажээ. Тухайлбал "албан бус боловсрол", "тасралтгүй боловсрол" гэдэг ойлголтууд боловсролын онолын чухал категориуд болжээ. Эхний категори дахь "албан бус" гэдэг тодотгол нь ерөнхий боловсролын болон дээд сургуулийн гадуур олж авдаг гэсэн утгыг илэрхийлдэг. Харин "тасралтгүй боловсрол" гэдэг ойлголтын үндсэн агуулга нь аливаа хүн хэрэгцээ болж буй боловсролоо тохиромжтой үедээ сонгосон арга, хэлбэрээрээ олж авах ёстой гэдэг үзэл мөн. Боловсрол бол агуулгаараа мэдлэг мөний хувьд танин мэдэхүйн төдийгүй бас үнэлэмжийн үр дүн мөн. Үнэлэмж бол тухайн субъект үйл ажиллагааныхаа нөхцөл, зорилго болон хувийн итгэл үнэмшил зэргийнхээ үүднээс өөртөө өртөж буй юм, үзэгдэл, үйл явдалд эерэг юмуу сөрөг утга оноохуй мөн. Боловсролыг үнэлэмж хэмээн үзэх нь дараах хоёр үндсэн утгыг өөртөө агуулж байна. Үүнд: нэгдүгээрт, боловсрол бол холбогдох үнэлэмжийн объект болж, тиймээс сургууль, суралцагчид, гэр бүл, төрийн байгууллага, иргэний нийгмүүд зэрэг янз бүрийн субъектийн зүгээс өөр өөр үнэлгээ авч байдаг. Хоёрдугаарт, боловсролын тогтолцоо бол үйл ажиллагаатайгаа холбогдсон үнэлгээг өөртөө тавьж буй хяналт болон сургалтын байгууллага, суралцагчид, багш нар зэргээрээ дамжуулан өгч байдаг. Боловсролын талаархи үнэлэмжийн хэрэгждэг хүрээг нь үндэс болговол түүнийг (үнэлэмжийг) төрийн, нийгмийн, хувийн гэсэн үндсэн гурван хүрээнд авч үздэгийг зохистой ангилал хэмээн үзэв. Эдгээр нь: а). Боловсролын талаархи төрийн үнэлэмж бол тухайн төр наад зах нь өөрийн оршин тогтнол, бэхжилтийн эрх ашгийн үүднээс боловсролын тодорхой хүрээ, төвшний асуудалд ямар нэгэн үнэлгээ өгдөг байдал мөн. Түүхийн янз бүрийн үе дэх монголын төрийн бодлого, үйл ажиллагаанд боловсролын талаар өөр өөр үнэлэмж хэрэгжиж ирснийг энэ судалгааны ажилд үндэслэсэн болно. б). Боловсролын талаарх нийгмийн үнэлэмж бол улс орны боловсролын тодорхой хүрээ, түвшний үйл ажиллагаанд нийт хүн ам, эсвэл түүний тодорхой зарим бүлэг нь эрх ашигтаа ач холбогдолтой үнэлгээ өгдөг үйл явц мөн. Ийм тодорхойлолтыг иш үндэс болговол 1990-ээд оноос хойшхи боловсролын талаархи монголчуудын нийгмийн үнэлэмжийг: хүн амын нийтлэг нийгмийн үнэлэмж, түүний янз бүрийн бүлэг, давхрааны өвөрмөц нийгмийн үнэлэмж гэж хоёр үндсэн хэсэгт хувааж болох юм. в). Боловсролын талаархи хувийн үнэлэмж бол тухайн хүн өөрийнхөө боловсролын онцлог, түвшин, чанар зэрэгт өгч буй үнэлгээ мөн. Орчин үе дэх боловсролын талаархи нийгмийн үнэлэмжийг боловсорсон түвшнөөр нь ерийн ухамсрын, онолын гэж хувааж болно хэмээн үзэж байгаагаа тодорхой үндэслэгээнүүд гаргасан болно. Боловсролын талаархи нийгмийн үнэлэмжийн янз бүрийн хүрээ ба янз бүрийн хэлбэр нь харьцангуй бие даасан шинжтэй байдгийн зэрэгцээ бие биедээ нөлөөлж , харилцан бие биенээ нөхцөлдүүлж, гүйцээж байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 352
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :