Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газрын тосны олборлолтонд парафин хуримтлалын нөлөөлөл



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2346
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : геологийн тогтоц, цооног, газрын тос, хагарал эвдрэл, давхарга, олборлолт, элс, шавар

Аннотаци

Судалгааны ажлын үндсэн зорилго:
Тосон-Уулын газрын тосны ордын олборлолтын цооногуудын бүтээмжийн бууралт, түүнд парафиний хуримтлал хэрхэн нөлөөлж байгааг судалж тогтоох, улмаар парафиний хуримтлалаас урьдчилан сэргийлэх олборлолтын арга технологийн оновчтой чиглэлийг тодорхойлоход оршино.
Олборлолтын цооногт парафин хуримтлагдах нөхцөл, шинж чанарыг зөв тогтоосноор парафиний хуримтлалтай тэмцэх үр ашигтай арга технологи боловсруулах гол нөхцөл бүрдэнэ.
Энэхүү үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Үүнд:
• Тосон-Уулын ордын геологийн тогтцын талаарх судалгааны материалыг шинжлэн судалж, олборлолтын цооногуудад парафиний хуримтлал бий болоход нөлөөлж буй байгаль-геологийн хүчин зүйлсийг тогтоох.
• Тосон-Уулын ордын олборлолтын цооногуудын ашиглалтын үзүүлэлтүүд, олборлолтын технологийн горимын үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
• Олборлолтын цооногуудын туршилт, засвар үйлчилгээний ажлын мэдээ мэдээллийг нэгтгэн шинжилж, цооног ашиглалтын явцад тохиолддог парафиний хуримтлалаас үүдэлтэй хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга технологийн талаар дүгнэлт гаргах

Судалгааны объект:
Тосон-Уулын ордод ашиглагдаж байгаа олборлолтын цооногуудын ашиглалтын хугацаа, тасралтгүй үргэлжлэх ашиглалтын байдал харилцан адилгүй байгаа. Иймд 3-аас дээш жил тасралтгүй ашиглагдаж байгаа цооногуудыг сонгон авч эдгээр цооногуудын ундаргын өөрчлөлт, шинж чанарт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Хоёр жил хүртэлх хугацаанд ашиглагдаж байгаа цооногуудын хувьд шингэний урсгалын горим тогтворжоогүй, ундаргын өөрчлөлт ихээхэн хэлбэлзэлтэй байгаа зэрэг нь судалгаа хийж бодитой дүгнэлт гаргахад хараахан учир дутагдалтай болно.

Судалгааны арга зүй:
Энэхүү судалгааг хийхдээ: практик өгөгдлүүдийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ажиглалт, хэмжилт явуулах, математик статистик боловсруулалт хийн үр дүнг жиших, харьцуулах аргаар гүйцэтгэсэн болно.
Судалгааны явцад гарсан завсрын дүгнэлтүүдээ нэгтгэн авч үзье.
Тосон-Уулын ордын олборлолтын онцлог нийлмэл нөхцөл нь:
• Тектоник хагарлаар эвдэрч, сарнисан
• Газрын тос нь парафиний агуулга өндөр гэсэн 2 үндсэн шинж чанараар тодорхойлогдож байна.
Хагарал эвдрэлийн улмаас тос агуулагч чулуулаг нь ан цавархаг сүвшилттэй болсон, өөрөөр хэлбэл нэвчээмж нь нэмэгдэн үйлдвэрлэлийн үзүүлэлт сайжирсан боловч нөгөө талаар давхаргын хэмхдэст чулуулгийн барьцалдалт сулран, энэ нь олборлолтын цооногуудын бүтээмжид нөлөөлөх олон талт сөрөг хүчин зүйл болсон байна.
Тус ордод ашиглаж байгаа олборлолтын цооногуудын ундарга жилээс жилд тасралтгүй багасан 3-аас 8 жилийн хугацаанд 2-оос 6 дахин, давхаргын даралт 2-4 дахин буурчээ.
Олборлолтын цооногуудын бүтээмжийн багасалтанд дараахь 3 хүчин зүйл голлон нөлөөлж байна. Үүнд:
1. Хагарал ан цавшилтын улмаас суларсан элс шаврын эрдсүүдын угаагдал

2. Олборлолтын янданд парафин царцан хуримтлагдах

3. Олборлолтын техник, технологийн оновчтой бус үзүүлэлтүүд болно.
Дээрх хүчин зүйлс нь харилцан хамааралтай, бие биенээ нөхцөлдүүлсэн шинжтэй нөлөөлөл үзүүлж байна.

1. Хагарлаар суларсан элс шаврын эрдсүүд нь:
• Давхаргын шингэний урсгалаар угаагдан цооногийн мөргөцөг орчмын агуулагч чулуулгийн нүх сүв ан цавыг бөглөн давхаргын нэвчээмжийг бууруулж, мөн зарим нэг цооногийн ёроолд ихээр тунан хуримтлагдаж давхаргаас нэвчих шингэний шүүрэлтийг багасгажээ.
• Газрын тосон дахь элс шавар, бусад жижиг механик хольцууд нь парафин царцан талстжих процессийг эрчимжүүлж байна.


2. Газрын тосны найрлага дахь парафин нь:
• Олборлолтын янданд ус болон механик хольцуудтай цуг царцан хуримтлагдаж олборлолтын яндангийн голчийг багасган, цооног ашиглалтын тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулж, цооногийн бүтээмж буурах улмаар хаагдах хүртэл төрөл бүрийн хүндрэлүүдийн үндсэн шалтгаан болж байна.


3. Олборлолтын техник технологийн үзүүлэлтүүдээр давхарга ба цооног дахь шингэний урсгалын хурд тодорхойлогдоно.
• Олборлолтын цооногуудад техник-технологийн үзүүлэлтүүдийг анх сонгохдоо давхаргын элс шаврын угаагдлыг тооцолгүй зөвхөн тухайн үеийн давхаргын ундаргын хэмжээнд үндэслэн шингэний урсгалын хурдыг өндөр тогтоосноор элс шаврын угаагдал эрчимтэй явагдах нөхцлийг бий болгожээ.
• Цооногуудын ёроол орчимд элс шавар хуримтлагдсаар давхаргын шингэний шүүрэлт эрс багасан, цооног дахь шингэний түвшин буурч, цооногийн шахуургын горимын үзүүлэлтүүд давхаргын бодит ундаргаас 3-6 дахин их болжээ.
• Цооногийн шахуургын бүтээл буурч, цооног дахь шингэний урсгалын хурд удааширсанаар дараахь сөрөг нөхцлүүд бий болсон байна. Үүнд:
o Элс,шавар, механик хольцууд цооногийн ёроолд тунах
o Царцсан парафиний талстууд хоорондоо нэгдэж томрон тунаж хуримтлагдах
o Давхаргын шингэний дулааны алдагдал нэмэгдэх
Тосон-Уулын ордын олборлолтын цооногуудын бүтээмжийг өсгөх, цаашилбал орд ашиглалтын үе шатанд олборлолтыг үр ашигтай явуулахын тулд юуны өмнө
• Цооногийн ёроолд элс шавар тунаж хуримтлагдахаас сэргийлэх
• Олборлолтын яндан, тоног төхөөрөмжүүдэд парафин царцан хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр техник, технологийн тооцоо сонголтыг хийх нь зүйтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 427
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :