Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын төлөвшлийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2460
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Монголын улс төрийн намын дотоод ардчилал

Аннотаци

Уг диссертаци нь удиртгал, хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, ашигласан материалын жагсаалт бүхий нийт 174 хуудас бичлэг, 28 хүснэгт, 21 зураг бүдүүвч, хавсралтаас бүрдэнэ. Удиртгал хэсэгт нэг сэдэвт бүтээлд дэвшүүлж буй асуудлын судлагдсан байдал, сэдвийг судлах шаардлага, судалгааны ажлын зорилго, тухайн зорилгод үндэслэн гарч ирсэн зорилтууд болон энэхүү ажлын хүрээнд дэвшүүлж байгаа шинжлэх ухааны шинэлэг тал, түүний онол, практикийн ач холбогдлыг тусгасан болно. Нэгдүгээр бүлэг: "Улс төрийн намын дотоод ардчиллыг тодорхойлох арга зүйн асуудал" сэдэвтэй бөгөөд Улс төрийн нам ардчиллыг хэрэгжүүлэгч институт болох нь зүйлд Ардчилал ба улс төрийн намын үүсэл, Улс төрийн системд намын эзлэх байр суурь, Улс төрийн системд намын гүйцэтгэх чиг үүрэг, сонгууль ба улс төрийн намууд. Намын дотоод ардчиллыг тодорхойлох шалгуур, хүчин зүйлс зүйлд, намын зохион байгуулалт, гишүүнчлэлийн бодлого, нам дахь хошуучлал болон бусад хүчин зүйлс. Намын дотоод ардчиллын тулгамдсан асуудал зүйлд дотоод ардчилал гэж юу болох, энэ асуудал хэдий үеэс улс төрийн хүрээнд хэрэглэгдэх болсон, намын эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулалт хийж ирсэн туршлагыг шинжиллээ. Хоёрдугаар бүлэг: "Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын асуудалд" сэдэвтэй бөгөөд Монголын улс төрийн намуудын төлөвшил зүйлд улс төрийн шинэ нөхцөл, намын шинэ эрх зүй, сонгууль ба олон намын тогтолцоо. Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын өнөөгийн байдлыг шинжлэхүй зүйлд намын дотоод ардчиллыг нэр дэвшигчийг тодруулах үйл явц, намын зохион байгуулалт ба гишүүнчлэл, намын санхүүжилт, намын дотоод ардчилалд тулгарч буй бэрхшээл. Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйлд намаас нэр дэвших үйл явцыг ардчиллах, намын дотор чөлөөт клуб, дугуйланг дэмжих, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгох, намын дотоод ардчиллыг дэмжих арга зам, шинэ хандлагыг дүгнэсэн болно. Төгсгөлд нь дүгнэлт, ашигласан материал, хавсралтыг орууллаа. Намын дотоод ардчилал нь ардчилал болон нам судлалын хүрээний эмпирик асуудал бөгөөд өнөө үед онолын судалгаа хомс байна. Учир нь сүүлийн гуч гаруй жилд судлаачид ардчиллын чанарын талаар эмпирик судалгаа хийх болжээ. Нөгөө талаар ардчиллын үнэт зүйл дэлхий даяар глобальчлагдаж буй нь ардчиллын институт, түүнийг чиг үүргийг ойлгох, судлах, бэхжүүлэх туршлагаасаа хуваалцах болсонтой холбоотой юм. Өрнөдийн судлаачид орчин үеийн ардчиллыг дотоод ардчилалтай улс төрийн намгүйгээр төсөөлөх боломжгүй бөгөөд төлөөллийг хэрэгжүүлэх, засаглалыг зохион байгуулах, ардчилсан хариуцлагыг импортлодог өвөрмөц үүрэгтэй ардчиллыг хэрэгжүүлэгч институт болохыг хүлээн зөвшөөрч байна. Монгол улс дахь ардчиллын хөгжлийг нягтруулахад улс төрийн намуудын дотоод ардчиллын төлөвшлийн асуудал тулгамдаж буй асуудлын нэг гэж үзсэн учир энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд дараахи дүгнэлтүүдийг хийж байна. 1.Орчин үед улс төрийн ардчилал намын мөн чанар, үүрэг, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт нь илүү нээлттэй, ардчилсан болохыг глобальчлагдсан дэлхий шаардаж байна. Учир нь ардчилсан төрийн хамтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүх нийтийн хяналтыг тогтоох, энэхүү хамтын хяналтад бүгд эрх тэгш байдалтай оролцох гэсэн хос зарчимд тулгуурлаж байдаг ажээ. Тиймээс ч XIX, ХХ зууны сонгодог судлаачид улс төрийн нам, намын системийн онолын асуудлыг онцгойлон судалж байсан бол өнөөдөр судлаач Л.Даймонд, Р.Гюнтер, П.Норрис, С.Скарроу, Р.Катз, И.В.Вэйзин, И.Назан, П.Майр, Ж.Балингтон, Ж.Ишияама, Д.Божинова нар ардчилал, улс төрийн намын харилцан хамаарал, намын зохион байгуулалт ба шийдвэр гаргах үйл явц дахь гишүүдийн оролцоо, намаас нэр дэвших үйл явц, эмэгтэй гишүүдийн оролцоо зэрэг дотоод ардчиллын асуудлыг шууд хөндөн судалж, нөлөөлөгч хүчин зүйлс, бодлогын арга замуудыг судалж байна.
2.Нам дотоод ардчиллыг хөндөж судалж байсан, одоо судалж байгаа судлаачид, судалгааны институтуудын бүтээлийг дүгнэж үзвэл намын дотоод ардчилал гэдгийг "намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид оролцох" [113,192] гэж тодорхойлж байна. Учир нь Ардчилсан тогтолцооны мөн чанар нь улс төрийн намуудын дотоод үйл ажиллагааг ардчилсан, гишүүний эрхийг хүндэтгэсэн, нээлттэй, чөлөөт зохион байгуулалттай байхыг шаарддаг. Энэ нь ардчилал бодитой орших, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах нэг арга учраас улс төрийн намыг дотоод ардчилалтай байх ёстой ажээ. Намын дотоод ардчилал гэдэг нь гишүүд дотоод төлөөллийн байгууллага болон аливаа сонгууль, төрийн албанд нэр дэвшигчийг сонгоход оролцох, сонгох эрхээ эдлэх явдал юм. Мөн нам дотоод төлөөллийн байгууллагад хүйсийн тэгш байдлыг хангах, санхүүгийн хувьд нээлттэй байх, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон намын үндсэн бодлогын баримт бичигт саналаа тусгах тухай асуудлууд давхар хөндөгддөг.
3.Намын дотоод ардчиллыг тодорхойлох онолын суурь шалгуур байна. Энэ нь намын зохион байгуулалт, гишүүнчлэлийн бодлого, нам дахь лидерийн хошуучлал зэрэг болно. Улс төрийн намын зохион байгуулалтын хэв маяг ямар байгаагаас намуудын гишүүнчлэлийн бодлого тодорхойлогддог. Мөн намын лидерийн зан үйл, сэтгэл зүй, төлөвшлийн асуудлууд нь намын бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлдөг ажээ. Намын дотоод ардчилалд нөлөөлөгч хүчин зүйлсийг судлаачид гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлж байна гэж үзэж байна. Ерөнхийдөө сайн институтжсэн, намын үзэл санаанд шударга ёс тогтсон, намын зарчим тодорхой, дотоод харилцаа хүчтэй, төлөөллийн олон хэлбэртэй, намын удирдагчыг сонгох үйл явцыг тодорхой журамласан, төвлөрлийг сааруулсан байх зэрэг нь нам дотоод ардчилалтай болж төлөвших хүчин зүйлс ажээ. Үүнээс гадна намын гишүүдийн оролцоонд тухай улс орны түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл онцгой нөлөөлдөг байна.
4.Монголын улс төрийн намууд дотоод ардчилалгүй байгаа нь эдийн засгийн хөгжил сул, хуучнаа санагалзах нийгмийн сэтгэл зүй хүчтэй байгаа, эрх зүйн орчин нь хангалттай бүрдээгүй, намын гишүүдийн улс төрийн оролцоо сул зэрэг нь намын дотоод ардчилал төлөвшихөд саад болж байна. Тэр дундаа намын эрх зүйн орчин нь "картель" хэв шинжтэй зохицуулалттай гэж дүгнэлээ. Учир нь хэдийгээр улс төрийн олон нам шудрагаар өрсөлдөх Үндсэн хуулийн орчин буй ч сонгуулийн тухай хууль, болон улс төрийн намын тухай хуулиуд нь үндэсний хэмжээний бүтэц, зохион байгуулалт, түгээмэл гишүүнчлэлийг дэмжсэн орчин байна.
5.Өнөөдөр улс төрийн намууд олон гишүүнтэй, өргөн хүрээний зохион байгуулалттай болохыг эрмэлзэх болсон нь сонгогчдыг талцах, гишүүд намчирхах[22,125], нам гишүүдийнхээ санаа бодлыг агрегаци, артикуляци хийх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа [22,125], намд итгэх сонгогчдын итгэл унасан [22,56], улс төрийн намын дотоод шийдвэр гаргах үйл явцад гишүүд оролцож чадахгүй болсон [22,48], иргэд улс төрийн намыг албан тушаал ахих сонирхолтой хүмүүсийн нэгдэл болсон[50,26], улс төрийн хүрээнд болж буй шударга бус бүхнийг улс төрийн намтай холбон үзэх болсон [50,70] зэрэг нь манай намуудын төлөвшлийн үйл явц ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна.
6.МАХН 2,3, АН 3,1, ИЗН
2.6, МНН 3,5, ЭОН 2,5, БНН 2,0 гэж үнэлэгдсэн. Эндээс АН, МНН-ууд харьцангуй дотоод ардчилалтай гэж тодорхойлогдсон бол бусад МАХН, ИЗН, ЭОН-ууд дотоод ардчиллын индексээр хангалтгүй "муу" байгаа бол БНН-д дотоод ардчилал байхгүй байна. Намын дотоод ардчиллын индексийн зарим шалгуураар хангалтгүй, сул үнэлгээг авч байна. Үүнд, намаас нэр дэвших эрхийг дүрмээр хязгаарласан, нэр дэвшигчийг жирийн гишүүд сонгох эрхгүй, эрх бүхий дээд байгууллага сонгож, баталгаажуулдаг, дотоод бүх шатны байгууллагад эмэгтэй гишүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог дэмжсэн механизм байдаг ч, сонгуульд хэрэглэдэггүй, намууд санхүүгийн үйл ажиллагаандаа тайлан хийлгэдэг боловч олон нийтэд танилцуулдаггүй, жигүүр фракцыг хязгаарласан зэрэг нь дотоод ардчилал төлөвшихөд саад болж байна.
7.Монголын улс төрийн намуудын эрх зүйн орчин либерал ардчиллын үнэт зүйлд нийцээгүй нь улс төрийн намын төлөвшилд ахиц гарахгүй байхад нөлөөлж байсан гол хүчин зүйл ажээ. 1990 оноос хойш намын эрх зүйн орчин сул, намууд хуулиа дагаж мөрддөггүй, мөн Улсын Дээд Шүүх намуудын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг хянах үүргээ гүйцэтгэхгүй байсантай шууд холбоотой. Улс төрийн намын тухай хууль (1990, 2005) нь намуудын нэр дэвших, бодлого боловсруулах үйл явцад гишүүдийн оролцоо дэмжээгүй, төвлөрсөн зохион байгуулалт, хатуу гишүүнчлэлийн бодлогыг сонгоход нөлөөлж байна. Мөн намын дотоод ардчиллын нэг үзүүлэлт болох шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, түүх, соёлын хүчин зүйлс сөргөөр нөлөөлсөөр байна. Иймээс Монгол улс дахь улс төрийн намын дотоод шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын дотоод ардчиллыг хангах, улмаар ардчилсан институт болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх нь тулгамдсан асуудал болжээ. Улс төрийн намын шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын институтчлалыг сайжруулахын тулд дараахи зургаан бодлогыг санал болгож байна. Үүнд: 1.Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа намууд анхан шатны сонгууль явуулах. Орчин үеийн ардчилсан улс төрийн намууд дотоод шийдвэр гаргах үйл явцад гишүүдийн улс төрийн оролцоог хангахын тулд анхан шатны дотоод сонгууль нь нэр дэвшигчдийг торуулахад хэрэглэдэг сайн туршлага бөгөөд гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигч гарч ирэх боломжтой. Тухайлбал, УИХ, Ерөнхийлөгч болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг намууд дотроо анхан шатны сонгуулийн аргаар өрсөлдүүлж гаргаж ирэх. Анхан шатны сонгуулийг "хаалттай" хэлбэрээр явуулах.
2.Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих - Хүйсийн тэгш эрхийг хангах. Бүх шатны сонгууль болон намын төлөөллийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор квотыг ашиглах. Үүнд: Намын дотоод төлөөллийн байгууллагуудад суудал хадгалах квотыг 30%-иар тогтоох нь цаашид улс төрийн намууд үндэсний хэмжээнд сонгогдоход бэлтгэл болох ба улс төрийн арга барилыг эзэмшихэд чухал алхам болно. Мөн нөгөөтэйгүүр үндэсний болон орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд улс төрийн төлөөллийг хангахад боловсон хүчний хомсдол үүсэхгүй давуу талтай. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших эрхийн квотыг 30%-иар эмэгтэйчүүдэд олгох асуудал бөгөөд 2005 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хүчингүйд тооцогдсон уг заалтыг дахин сэргээх, улмаар Орон нутгийн сонгуульд ижил хэрэглэх. Эдгээр нь үндсэндээ нам улс төрийн төлөөллийн байгууллагын хувьд дэлхий нийтийн ардчиллын шинэ хандлага, үнэт зүйл болж буй эмэгтэйчүүдийн оролцоог квотоор дэмжих нь ЭЯГБХУК-д заасан үүргийг Монгол улс хэрэгжүүлэх боломж олдоно. Энэ нь өнөөдрийн намын ардчиллыг дэмжих чухал хөшүүрэг болох тодорхой.
3.Намын фракцыг дэмжих. Нам дэргэдээ үндэсний болон орон нутгийн зохион байгуулалтын түвшинд ажил мэргэжлийн, сонирхол зэрэг олон клуб, дугуйланг дэмжиж шийдвэр гаргах түвшинд оролцуулж санал авдаг байх хэрэгтэй.
4.Төвлөрсөн бус бүтэц, зохион байгуулалтыг бий болгох. Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг төвлөрсөн бус хэлбэр шилжүүлэх нь орон нутгийн болон, анхан шатны намын байгууллагын бие даасан байдлыг хангахад ач холбогдолтой. Хэдийгээр АН, зохион байгуулалтын хувьд хөндлөн бүтцийг ашиглаж байгаа ч МАХН болон бусад намуудын хатуу, төвлөрсөн бүтэц нь улс төрд давамгайлах үндэс болж байна. Иймээс Улс төрийн намын тухай хуулийн
13.
3. "Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна" заалтыг өөрчилж анхан шатны сонгуулиар байгуулдаг тогтолцоонд шилжих нь дотоод ардчиллыг дэмжих хөшүүрэг юм. Мөн орон нутгийн намыг бие даасан, хараат бус зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэх нь оновчтой юм.
5.Улс төрийн намын санхүүжилтийг хянах тогтолцоог бий болгох. Намд өгөх хандивыг нээлттэй болгох үүднээс хандивлагчийн сүүлийн 1-3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг давхар баталгаажуулж авдаг практикыг ашиглах. Үүнд: "Хандиваас өндөр татваргүй байх бодлого"-ыг сонгох. Энэ нь жирийн гишүүд сонгох, сонгогдох эрхээ тэгш эдлэхээс гадна нам эдийн засгийн бүлэглэлүүдийн гарт орохоос сэргийлнэ. "Намын санхүүгийн үйл ажиллагааны тайланг нээлттэй болгох үүднээс санхүүгийн хууль бус, алдаатай, худлаа тайланг өндөр хэмжээний мөнгөн торгуулиар торгох, цаашлаад улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг хязгаарлах зэрэг хуулийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу мөрдөх механизмыг бүрдүүлж өгөх. "Намын санхүүгийн үйл ажиллагааг хянах шинэ институциональ тогтолцоог бий болгох. Үүний тулд Үндэсний Аудитын газарт санхүүгийн үйл ажиллагааг сайн дураараа хянах эрхийг олгох, АТГ-т намын санхүүжилтийг хянах үүрэг нэмэх "Намууд санхүүгийн жилийн эцсийн тайлангаа Засгийн газарт (одоо үйлчилж буй хуулиар) биш УИХ-д тайлагнадаг болох. Ингэснээр УИХ улс төрийн намын төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хянах боломжтой болно.
2.Улс төрийн намын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах. Улс төрийн намын тухай хуулинд зааснаар Улсын Дээд Шүүхийн дүрэм, мөрийн хөтөлбөрт хяналт тавиж байна. Энэ нь улс төрийн намын үйл ажиллагаа хяналтгүй, улс төрийн намуудыг хуулиас гадуур байх боломжийг олгож байна. Иймээс намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь мөн тулгамдсан асуудал болжээ. Монголын улс төрийн намуудад нүүрлээд байгаа "олигархичлагдах" энэ үзэгдлийг даван туулж, улмаар улс төрийн намууд жирийн гишүүдийн оролцоог хангасан, үйл ажиллагаа нь нээлттэй ардчилсан институт болж төлөвшсөнөөр гишүүд рациональ сонголт хийх, намын дотоод амьдрал нээлттэй, аливаа шийдвэр ил тод, улс төрийн хариуцлагатай дотоод ардчилалтай институт болж төлөвшинө. Судалгааны хүрээнд санал болгож буй дээрх бодлогын асуудал нь шууд үр дүн авчирч болохуйц тул холбогдох хууль эрх зүйн хүрээнд зохих өөрчлөлтүүдийг оруулснаар Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын төлөвшилд ахиц гарч ардчилсан орнуудын жишигт ойртох боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :