Элэг, цөсний замын цочмог өвчнийг архаг үрэвсэл, элэгний хатуурал, хорт хавдарт хүргэлгүйгээр сэргийлэх эмчлэх, гаж нөлөө багатай ургамлын гаралтай эмт бодисын судалгааг өргөжүүлэх нь чухал байгааг харгалзан үзэж бид Түвд – Монголын уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш элэг, цөсний өвчний үед хэрэглэж байсан уламжлалтай Ямаан сэрдэг /Saxifraga hirculus L./
- ургамлыг судалгааны объект болгон сонгон авсан юм.
Уламжлалт анагаах ухаанд элэг цөсний замын өвчний үед найрлагат жорын найрлагад олон давтамжтай ордог байсан Saxifrgaceaca овгийн нэг зүйл болох Ямаан сэрдэг (Saxifraga hirculus L.) ургамлын элэг хамгаалах, цөс зогсонгишлоос нөхцөлдсөн элэг, цөсний замын өвчний үед үзүүлэх нөлөөг судлахад энэ ажлын зорилго оршино.
Судалгааны арга, аргачлал: Туршлагын амьтдад элэгний өвчний эмгэг загварыг нийт 520 цагаан харх, 80 цагаан хулганад үндсэн хоёр аргачлалаар үүсгэж, ЯСХЭ-ийн үзүүлэх идэвхийг цөс нийлэгжүүлэх, хоргүйжүүлэх, цөсний детергент үйлдэл, элэгний эсийн үхжил задрал, уушигны эдийн сурфактантын тогтворт чанарт үзүүлэх идэвхийг стандарт Легалон 80, Холосас эмүүдтэй харьцуулан судалж, патогистологи, гистохимийн судалгаагаар давхар баталгаажуулав.
Судалгаанд сонгож авсан Ямаан сэрдэг ургамлаас 70%-ийн спиртэн ханд бэлтгэж, түүнээс хуурайшуулсан өтгөрүүлсэн ханд гарган авч сорил туршилтын амьтдад 100 мг/кг тунгаар зондоор уулгаж хэрэглэсэн болно.
Туршлагын амьтад дээр CCl4-өөр үүсгэсэн “хордлогот үрэвсэл”-ийн үед элэгний эсийн үхжил задрал, харин Тетрациклины гидрохлоридаар үүсгэсэн эмийн хордлогот үрэвслийн үед цөсний замын зогсонгишлийн хам шинж, хоргүйжүүлэх үйл ажиллагааны алдагдал зонхилон илэрдэг болох нь биохими, патогистологи, гистохимийн судалгаагаар тогтоогдлоо.
Ямаан сэрдэгийн элэг хамгаалах үйлдлийн эмчилгээний хамгийн идэвхитэй тун 100 мг/кг тундаа, харин энэ тун нь хорон чанар LD50 –аасаа 31 дахин бага болох нь тогтоогдлоо.
Бидний судалгаагаар ЯСХЭ нь үрэвслийн альтераци, экссудаци, пролиферацийн аль ч үе шатанд үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь харагдсан.
Нөгөөтэйгүүр ЯСХЭ нь цөс нийлэгжүүлэн ялгарах хурдыг нэмэгдүүлэн, цөсний хүчлийн детергент үйлдлээс хамгаалж, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулж, эсийн үхжил задралаас хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэлтэйг стандарт Легалон, Холосас эмүүдтэй харьцуулан судалж зарим тохиолдолд илүү байгааг тогтоосон юм.
ЯСХЭ-ийн дээрх элэг хамгаалах үйлдлийг уг ургамалд агуулагдах кверцетины бүлгийн флавоноид, агликон, гашуун бодис зэрэг биологийн идэвхит бодисоор нөхцөлддөг байж болохыг тогтоов.
Түүнчлэн эмийн (ТГ) болон элэгний хордлогот (CCl4) үрэвслийн үед хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад ЯСХЭ нь элэгний эсэд орших гликоген болон эсийн бөөмд агуулагдах ДНХ-ийн агууламжийг 22-24,5%-иар нэмэгдүүлдэг болохыг гистохимийн судалгаагаар баталсан юм.