Бид энэхүү судалгааны ажилдаа архивийн шинэ баримт сэлт, данс хараа, хэвлэлийн мэдээ, амьд гэрчийн өчил, урьд өмнө хийсэн судалгааны зохиол бүтээлийн үндсэн дээр 1940-өөд оноос 1960-аад оны дунд үе хүртэлх монголын нийгмийг үзэл сурталжуулж байсны учир холбогдол, үр дагаварыг судлан шинжилж дараах гаргалгааг хийж байна.
•Бидний судалгаандаа хамруулж эхэлсэн 1940-өөд оноос 1960-аад оны дунд үе бол сүм хийд, лам нарын асуудлыг “шийдвэрлэж дууссан”-ы дараах он жилүүд байв. Чухам энэ үеэс нам, төрөөс шашингүй нийгмийг бий болгохын төлөө хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсан билээ. БНМАУ-ын Үндсэн хуульд: иргэдийн шүтэж бишрэх эрх чөлөөтэй хэмээн хуульчлан тунхагласан боловч, бодит баталгаагаар хангагдаагүй, тэр ч байтугай бурхны шашны зан үйл үйлдэхийг хориглож, тийм аливаа илрэлд үзэл суртлын хатуу шахалт, дарамт үзүүлж байсан юм.
•1950-иад оны дунд үеэс 1960-аад оны дунд үе хүртэлх хугацаанд монголын нийгмийн амьдралд гарсан нэгэн томоохон үзэгдэл бол нийгмийг шинэчлэх үзэл санаа, хуучныг баримтлагчдын хооронд гарсан зөрчил, нэг хүний захиран тушаах хүнд сурталт тоталитари дэглэмд аажмаар шилжсэн шилжилт, улс төрийн тогтолцоонд нэг намын ноёрхлыг эрх зүйн хувьд эргэлт буцалтгүй хуульчилсан явдал юм. Хүүхдийг багаас нь намын үзэл сурталд үнэнч байхаар хүмүүжүүлэх зорилт тавьж, пионерт элссэн үеэс нь “МАХН-ын үйл хэрэгт хэзээд бэлхэн байгтун” хэмээн уриалж, “хэзээд бэлхэн” хэмээн хариулдаг хэвшмэл жаяг тогтоосон байна. Ийнхүү хүнийг бага наснаас нь МАХН-тай амь амьдралаа холбохгүйгээр урагшлахгүй гэдэг ухамсар баттай суулгаж байв. Энэ мэтээр нийгмийн удирдлагын хүрээнд төр, намын тогтолцооноос нам, төрийн тогтолцоонд шилжиж, төржсөн нам, намжсан төр тогтжээ.
•Хураангуйлж хэлэхэд, монголын нийгмийн захиран тушаах тогтолцооны улс төр, танин мэдэхүйн үндэс нь ард олонд үл итгэн, ардчилсан шинжтэй үйл ажиллагаанд болгоомжтой хандаж байсан, үзэл суртлын үндэс нь марксизм-ленинизмийн сталинчлагдсан хэлбэр болж байжээ. Эл тогтолцоо 1980-аад оны дунд үе хүртэл бат үндэстэй, тогтвортой хадгалагдаж байсныг түүхэн үйл явц нотолж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0