Сэдвийн үндэслэл:
Засгийн газраас баталсан “Атрын 3 аян”ы хүрээнд газар тариалангийн салбарт ихээхэн өөрчлөлт гарч өнөөдөр сэргэх шатандаа орж, газар тариаланг энэ дайтай тогтоож үлдээсэн гол хүчин зүйл нь хөрсний потенциал үржил шим байсан гэдгийг ард түмэн ойлгодог билээ.
Хөрсний агрофизик нь хөрсний физик шинж чанар болон түүний үйл явцуудыг судлах орчин үеийн судалгааны салбар юм. Хөрсний физик шинж нь хөрс бүрэлдэн тогтох явцад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна ургамлын өсөлт, хөгжилтөнд чухал нөлөөг үзүүлэх үндсэн хүчин зүйлийн нэг юм. Хөрсний физикийн шинж чанар нь механик бүрэлдэхүүн, ялзмагийн болон карбонатын агууламж зэргээс шалтгаалан хөрсний үе давхарга бүрт харилцан адилгүй байдаг.
Хөрсний ус-физикийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хөрс боловсруулах технологи арга ажиллагааны нөлөөгөөр өөрчлөлтөнд орж улмаар хөрсний агрономын үнэт чанарт шууд нөлөө үзүүлдэг байна.
Гандуу хуурай уур амьсгалтай нөхцөлд хөрсийг цомхотгосон элдэншүүлэг, механик элдэншүүлэггүй технологийн хувилбаруудыг туршин нэвтрүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил явуулж ирсэн байна. Энэ нь хөрсийг хамгаалах, хөрсний чийгийг хуримтлуулах, хадгалах талаар ахиц дэвшилттэй арга болох нь нэгэнт нотлогджээ.
Хөрсийг хагалж элдэншүүлэхээс аль болох зайлсхийх, механик боловсруулалтыг цомхотгох, химийн боловсруулалтаар солих, тэг элдэншүүлэг хийхийг эрмэлзэх болж байгаа өнөө үед судалгааны ажлыг олон талаас явуулах шаардлага бий болсон нь хөрсөнд бий болж буй эерэг сөрөг өөрчлөлтийг тандан судлах замаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэгдэх болсон.
Судалгааны обьект:
Судалгаа хийсэн Борнуур сум нь Монгол орны физик-газарзүйн ангиллаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хэнтий нурууны бэсрэг уулст бүсэд хамаарагддаг. “Нарт”-ын хөндий нь гүвээрхэг, толгодтой дунд зэргийн өндөрлөг болон нам уулсын болон уул толгодын хар хүрэн хөрс тархсан нутгаар хялгана, алаг өвст хялгана, жижиг үетэй алаг өвст бэлчээрийн хэвшлүүд зонхилон тархсан байна.
Төв аймгийн Борнуур суман дахь ХААИС-ийн эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн “Нарт” төвийн хүрэн хөрс, түүний уриншийн технологийн хувилбарууд
Судлах зүйл:
Уриншийн технологийн нөлөөгөөр хүрэн хөрсний агрофизикийн зарим шинж чанарын өөрчлөлт, зүй тогтол
Судалгааны ажлын зорилго, зорилт:
Хөрсөн дэх агаарын идэвхитэй горим бүхий манай орны хувьд түүнтэй холбоотой физик шинж чанаруудад уриншийн технологийн нөлөөг судлах зорилго тавьсан. Уг зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Үүнд:
1. Хөрсний физик шинж чанарт уриншийн технологийн үзүүлэх нөлөөг илрүүлэх
2. Уриншийн технологиудын чийг хуримтлуулах, хадгалах чадварыг үнэлэх
3. Уриншийн технологиудын чийг, дулааны горимыг тогтоох
Судалгааны ажлын шинэлэг тал, практик ач холбогдол:
Суурин судалгааны нөхцөлд уриншийн технологийн хувилбарууд дахь хөрсний чийгийн динамик судалгааг явуулж, химийн, механик болон хавсарсан уриншид цаг агаарын янз бүрийн нөхцөлд ус-физик, механикийн зарим шинж чанарыг атар газрын хөрстэй харьцуулан судалсан материалыг анх удаа нэгтгэн тавьж байгаа нь судалгааны шинэлэг ажил гэж үзэж байна.
Уриншийн талбайд хуримтлагдсан чийгийн хэмжээнд тулгуурлан тариалангийн практикт тариалалтын үеийн арга технологийг боловсруулахад шууд ашигласан физик шинж чанарын эерэг үзүүлэлтэд тулгуурлан уринш бэлтгэх технологийн сонголт хийх боломжтой бөгөөд, мөн хөрс боловсруулалтыг цомхотгох, тэглэх аргуудыг уламжлалт аргуудтай харьцуулан судалж, улмаар үйлдвэрлэлд зөвлөгөө өгөх замаар тариалангийн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажлын практик ач холбогдол оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0