Монгол цагаан идээг боловсруулах ардын уламжлалт арга технологид тулгуурласан үйлдвэрлэлийн урсгал шугамыг боловсруулах, оновчлох нь онол, практикийн ач холбогдолтой, шинжлэх ухаан, техник технологийн чухал асуудал билээ. Бяслаг гэдэг уураглаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн янз бүрийн арга, технологиор бэлтгэдэг. Монголчууд эрт үеэс бяслагийг өрхийн хэрэгцээнд зориулан гар аргаар бэлтгэн, хүнсэндээ хэрэглэж иржээ. 1960-аад онд Өвөрхангай Хужирт, Уянга, Архангайн Их тамир, Хөвсгөл зэрэг аймаг, сумдуудад цагаан идээний үйлдвэрүүд байгуулагдаж монгол бяслагийг уламжлалт аргаар хийж байжээ. Бяслагийн үйлдвэрлэлд сүүг ээдүүлэх ба ээдэм шахах процесс нь гол үүрэгтэй. Манай эрдэмтэд бяслагийн физик, химийн үзүүлэлт, технологийн горимыг судалж тогтоосон байдаг боловч ээдэм шахах ба биежих процессийн талаархи судалгааны ажлууд төдийлөн хийгдээгүй байна. Монгол уламжлалт бяслаг нь сувилал, хоол тэжээлийн онцгой ач холбогдолтой уурагт бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэх технологийн системийн шахах, сэврээх процессийг судалж, тоног төхөөрөмжийн параметрийг оновчлох нь бяслагийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэх, хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Иймд монгол бяслагийн реологийн шинж чанарын онцлогт тулгуурлан шахах процессийн оновчтой горимыг тогтоож, төхөөрөмжийн параметрийг оновчлох ба программчлахад гол зорилго нь оршино. Зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Монгол бяслагийн технологийг үндэслэн шахах процессийн операторын загвар боловсруулах
2.Бяслаг шахахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, параметрийг оновчлох
3.Бяслагийн реологийн шинж чанарт тулгуурлан шахах ба сэврээх үеийн биежилт, бүтэц үүсэх явцыг судлах
4.Бяслаг шахах төхөөрөмжийг зохион бүтээх үндсэн зарчмыг тодорхойлж, параметрийг оновчлох, шингэний прессийн шахах процессийг программчлах
5.Монгол бяслаг үйлдвэрлэх урсгал шугамын операторын загвар ба машин аппаратын бүдүүвч боловсруулах.
Монгол бяслагийн ээдэм шахах процесс, реологийн шинж чанарын хоорондох хамааралыг судалгааны ажлын объектоор сонгон авч туршилт судалгааг технологийн урсгалын онол -туршилтын арга зүй дээр үндэслэн 2000-2010 он хүртэл явуулж:
1.Бяслаг шахах процессийн операторын загварыг боловсруулж, үүний дагуу шахах даралт, хугацаа, шигдэлтийн гүн зэрэг параметрийг тодорхойлов.
2. Бяслагийн ээдэм боох материал нь сархинаган даавуу ба
2.67мм2 нүх сүвтэй материал ашиглаж болохыг судалгаагаар тогтоов.
3.Бяслагийн реологи ба бүтэц үүсэх процессийн судалгаанаас үзвэл: бяслагийг уламжлалт аргаар
0.025кг/см2 даралтаар шахахад 2 цагийн дараа бүтэц бүрэн үүсч, 8 цаг сэврээж бэлэн болгосон бяслагийн нягт нь ойролцоогоор 1.037кг/м3, бяслагийн гадаргуугийн шар хальсны зузаан 0,017мм, чийглэг 52- 58% байгааг судалгаагаар тогтоов.
4.Уламжлалт аргаар бяслаг шахах процесс болон бяслаг шахах шингэний прессийг зохион бүтээж, бяслаг шахах процессийн математик загвар гаргаж, тооцоолох алгоритм ба программыг Си хэл дээр боловсруулав.
5.Шингэний прессээр шахах аргыг уламжлалт аргатай харьцуулахад шахах хугацаа 8 дахин буурч байв.
6.Монгол бяслаг шахах процессийг судалж, бяслаг үйлдвэрлэх машин аппаратын бүдүүвч ба урсгал шугамын операторын загварыг боловсруулав.
7.Хэрэглээнд бэлэн болсон монгол бяслагийн реологийн үзүүлэлтийг тодорхойлж стандартаар батлуулах параметрүүдийг тогтоож тодорхой үр дүнд хүрлээ.
Монгол бяслагийн ээдэм шахах процессийн судалгаа, төхөөрөмжийн параметрийн оновчлолын хүрээнд хийгдсэн дээрх туршилт судалгааны ажил нь:
1.Бяслаг шахах процессийн операторын загварыг үндэслэн монгол бяслагийн реологийн шинж чанарын механик загвар боловсруулж, параметрийг оновчлон, тогтоосон.
2.Бяслаг шахах оновчтой параметрийг тодорхойлсоноор шингэний прессийг зохион бүтээж туршилт-судалгаа, сургалтанд нэвтрүүлсэн.
3.Бяслаг шахах шингэний, шурган, хөшүүрэгт пресс болон сүү ээдүүлэх цамцтай тогоо зэргийг судалгааны хүрээнд зохион бүтээж, ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулсан.
4.Цаашид үйлдвэрлэлийн урсгал шугамын операторын загварыг
боловсруулснаар, түүний тоног төхөөрөмжүүдийг бий болгоход чиглэгдсэн зэрэг ач холбогдолтой юм.