Судалгааны ажил нь оршил, гурван бүлэг, төгсгөл, ашигласан бүтээлийн жагсаалт, хавсралтуудаас бүрдэж байна. Оршил хэсэгт судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилтууд, судалгааны объект, судлах зүйл, судалгааны ажлын хязгаарлалт, судалгааны арга, судалгааны ажлын шинэлэг тал, докторын диссертацын бүтэц, товч агуулга, хамгаалахаар дэвшүүлж байгаа асуудал зэргийг оруулсан. "Улсын хил хамгаалалтын тогтолцоо түүнд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцооны эзлэх байр, эрх зүйн орчин, бусад орны туршлага" гэсэн нэгдүгээр бүлэгт улсын хил хамгаалалтын тогтолцоонд орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн оролцооны эзлэх байр, эрх зүйн орчны талаар болон "Улсын хил хамгаалалт" гэснийг шинээр томъёолон түүнд орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн оролцооны математик загварчлалыг санал болгов. Түүнчлэн ОХУ болон БНХАУ-ын хил хамгаалалтын бодлого үйл ажиллагаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. "Улсын хил хамгаалалтын тогтолцоонд орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн оролцооны өнөөгийн байдал,түүнд хийх дүгнэлт" гэсэн хоёрдугаар бүлэгт орон нутгийн засаг захиргаа иргэдийн оролцооны түүхэн замнал одоо үе,хил хамгаалалтын өнөөгийн байдлыг үнэлсний зэрэгцээ хил хамгаалалтад орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцоог хангахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн математик загварыг боловсруулж, судалгааг SWOT шинжилгээний аргаар гүйцэтгэсэн. "Улсын хил хамгаалалтад орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам" гэсэн гуравдугаар бүлэгт нэг, хоёрдугаар бүлгүүдэд хийсэн судалгааны ажлынхаа үр дүн дээр тулгуурлан орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэдийг хил хамгаалалтад оролцуулах боломжийг бүрэн ашиглахад чиглэсэн арга замыг бүрдүүлэх санал, зөвлөмжийг боловсруулав.