Нэгд: Монгол улс ба Өрнөд Европын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг XX зууны эхнээс XXI зууны эхэн хүртэл нэгэн зууны хүрээнд улируулан анх удаа цогц байдлаар тухайн үеийн улс төр, эдийн засаг, гадаад орчны хүчин зүйлүүдтэй холбон судалсан нь энэхүү бүтээлийн шинэлэг тал болно. Хоёрт: 1911 оны тусгаар тогтнолын сэргэлтийн дараах үеэс Монголын удирдагчид хоёр хөршөөсөө гадна «гуравдахь» хөрш буюу Өрнөдийн орнуудтай харилцаа тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан нь гадаад улс төр, эдийн засгийн бодлогын чухаг чиг шугам байсан, энэ нь юуны өмнө Өрнөдийн гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр орнуудтай худалдааны өргөн харилцаа холбоо тогтоох замаар түүнийгээ бататгах үндэсний ашиг сонирхол хийгээд аюулгүй байдалтай ямагт холбогдож улмаар, Монгол улс 1920-иод оны эхнээс Өрнөд Европ, тухайлан улс төрийн өөр тогтолцоотой, дипломат харилцаагүй Ваймерийн Бүгд Найрамдах Герман (мөн Франц) улстай аd hoc харилцаатай байсан гэж Монгол улсын олон улсын эрхзүйн статусыголон улсын харилцааны онол, дипломатын болон олон улсын эрхзүйг үндэслэн улс төрийн шинжлэх ухааны үүднээс дүгнэж, үүнийгээ архивын болон гадаад, дотоод шинэхэн эх сурвалжийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж нотлохыг эрмэлзэв. Өөрөөр хэлбэл Герман, Франц БНМАУ-ыг ad hoc хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь урьд өмнө хийгдэж байгаагүй олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухааны цоо шинэ дүгнэлт болно. Гуравт: Монголын зах зээл дэх Өрнөдийн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг архивын баримтаар тодруулав. Дөрөвт: Монгол улсын гадаад бодлого дахь «гуравдахь» хөрш буюу түншлэлийн бодлогыг олон улсын харилцааны онолын цогц ухагдахуун хэмээн үзэж, улс төрийн шинжлэх ухааны үүднээс тодорхойлж, Европын Холбоо, түүний нөлөө бүхий гишүүн орнууд Монгол улсын улс төр, эдийн засгийн чухаг түнш мөнийг иж бүрэн нээн харуулж, эдүгээ шинэчлэн тодотгож буй гадаад бодлогын үзэл баримтлалд түүнийг тусгайлан тусгах зэрэг асуудлыг дэвшүүлсэн нь шинэлэг зүйл болно.