Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын иод дутлын эмгэгийн тархалтыг бүс нутгийн биогеохими, төлийн бамбайн даавруудын төвшрүүлэгтэй холбон судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2503
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : бүс, цаг уур, өвчин, халдварт өвчин, эндемик, цус

Аннотаци

Мал аж ахуйг ихээхэн үр ашигтай хөгжүүлэх гол нөхцөл бол мал сүргийг өөрийн орны байгаль газар зүйн бүс, цаг уурын онцлогтой уялдуулан нутагшуулах, төрөл бүрийн өвчин эмгэгээс эрүүлжүүлэх монголын уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухааны сонгомол аргуудын зохистой хослолыг хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах явдал юм. Иймээс тодорхой бүс нутгийн малд тархмал байдлаар зонхилон тохиолдох халдваргүй өвчний (эндемик) шалтгааныг тогтоон, түүнтэй тэмцэх шинжлэх ухааны үндэслэл бүхий арга боловсруулах нь зөвхөн малын үхэл хорогдлыг багасгаад зогсохгүй ашиг шим, нөхөн үржихүйн чадавхийг дээшлүүлж, мал аж ахуйг үр ашигтай хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болох юм. Хөрс, ус, ургамалдаа иод дуталтай нутгийн малд бамбай булчирхай томрох, хэт жижигрэх, үс ноосны ургалт удаашрах, халцрах, хавагнах, өсвөр малын өсөлт саатах, амьгүй буюу амьдрах чадваргүй төл гаргах шинжээр илрэх иодын дутал буюу эндемик бахлуур өвчин манай орны ихэнх нутагт тархаж үлэмж хэмжээний хохирол учруулсаар байгаа энэ үед Дэлхий нийтээрээ иод дутлын эмгэгийг устгах Ромын 1992 оны Дэлхийн хоол, тэжээлийн тунхаглал, Монгол улсын засгийн газраас иод дутлын эмгэгтэй тэмцэх талаар тодорхой үе шаттайгаар хэд хэдэн хөтөлбөр, зорилтуудыг дэвшүүлсэн нь энэхүү судалгааны ажлыг явуулах үндэслэл болсон юм. Шинэлэг тал: Монгол орны бүс нутгуудын зарим аймаг, сумдын эх болон төл малд санамсаргүй түүврийн аргаар ерөнхий болон биечилсэн эмнэл зүйн үзлэг хийж, бамбай булчирхайн эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил хувиралтыг, биогеохимийн (бүс нутгийн хөрс, ус, ургамал, малын цусны зарим үлэмж ба бичил язгуур махбодын найрлага г.м) зарим онцлогтой холбон судлах замаар монгол орны мал сүргийн иод дутлын эмгэгийн тархалт нэрвэлтийн зураглал зохион гаргасан нь энэхүү бүтээлийн нэг чухал шинэлэг тал болно. Төл малын цусны ийлдсэн дэх бамбайн дааврын төвшрүүлгийг бүс нутгийн хэмжээнд таван төрлөөр нь анх удаа судлан гаргасан нь энэхүү судалгааны ажлын нэн шинэлэг тал болно. Энэхүү судалгааны ажлын үр дүнг Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, Үржлийн газар, төв, орон нутгийн Мал эмнэлэг, Үржлийн алба, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, түүнчлэн мал эмнэлгийн байгууллагуудад нэвтрүүлснээр хүн ам, мал сүргийг иод дутлын эмгэгээс сэргийлэх хяналтын тогтолцоог бий болгож хүнсний бүтээгдэхүүний аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангах, улмаар мал сүргийн ашиг шим, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзнэ. Монгол орны бүс нутгуудын биогеохимийн онцлог (хөрс, ус, ургамал, малын цусны зарим үлэмж ба бичил язгуур махбодын агуулга), малын бамбай булчирхайн эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил хувиралт, таван төрлийн төл малын бамбай булчирхайн дааврын төвшрүүлэг, иод дутлын эмгэгээс мал, сүргийг хамгаалах арга, зөвлөмжийн талаарх бидний мэдээллийг энэ чиглэлийн сургалт, судлагаа, үйлдвэрлэлийн ажилд ашиглах боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 227
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :