Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоог цаашид үр дүнтэй хөгжүүлэхэд халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот бүлгийг зөв оновчтой тодорхойлох асуудал юунаас ч илүү чухал гэж үзэж байна. Монгол улс халамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнээ зөв тодорхойлж чадаагүйгээс “халамжийн орон”, “халамж хавтгайрсан”, “халамж эзэндээ хүрдэггүй” гэсэн нэр хаяг, шүүмжлэлд байнга өртөж ирсэн. Нийгмийн халамжийн үйлчилгээний зорилтот бүлгээ зөв тодорхойлж чадахгүй байгаагаас халамжид зарцуулах хөрөнгө нэмэгдсэн ч түүнээс гарах үр дүн нь муу, олон хүн, олон өрх ядууралд өртсөн хэвээр байна. Монгол улсын эдийн засагт 2005 оноос мэдэгдэхүйц өсөлт гарч, төсвийн орлого нэмэгдэж, хөрөнгийн эх үүсвэр хүрэлцээ сайжирч, зарим нийтлэг мөнгөн тэтгэмж, тусламжийг олгож эхэлсэнээр 2004-2008 онд нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгө 23,1 тэрбумаас 218,6 тэрбум төгрөг болж 9,5 дахин, түүнд хамрагдсан хүний тоо 378,7 мянгаас 1600,0 мянга болж 4,2 дахин нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар Монгол улс нийгмийн халамжийн шинжтэй үйлчилгээнд нийт 868,4 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнчлэн 2001 онд улсын төсвийн зардалд халамжийн мөнгөн тусламжийн зардлын эзлэх хувь 0,1% байсан бол 2011 оны байдлаар 24,0% болж өссөн байна. Гэвч нийгмийн халамжийн зардлын энэхүү огцом өсөлт 2013 оноос эхлэн уул уурхайн салбарын уналт, эдийн засгийн хямралыг дагаад эрс буурсан байна. Нийгмийн халамжийн зардалд 2013 онд 444,1 тэрбум, 2014 онд 477,9 тэрбум, 2015 онд 465,4 тэрбум төгрөг тус зарцуулсан байна.
Нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийн хэмжээ ийнхүү өндөр байгаа ч ядууралд дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Хэдийгээр 2014 оны байдлаар ядуурлын түвшин буюу хамрах хүрээ 21,6 хувь болж өмнөх жилүүдээс буурсан ч ядуурлын жинхэнэ мөн чанарыг илэрхийлэх үзүүлэлт буюу ядуурлын гүнзгийрэлт 2014 онд 5,2 хувьтай байгаа нь ядуу хүн ам дунджаар ядуурлын шугамнаас 5,2 хувиар доош хэрэглээтэй байна гэсэн үг юм. Гэтэл нийгмийн халамжийн үйлчилгээ нь ядуурлын шугамнаас доогуур байгаа өрх хүн амд чиглэсэн байх ёстой боловч тэдэндээ хүрч үйлчилгээ үзүүлж чадаагүй, үзүүлсэн үйлчилгээ нь үр дүн багатай байгааг ядуурлын гүнзгийрэлт харуулж байгаа юм.
2012 онд шинэчилсэн найруулга хийгдсэн Нийгмийн халамжийн тухай хуулинд бэлэн мөнгө тараан хуваарилах тогтолцооноос татгалзах, үйлчилгээ тусламжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүл, нийгэм хамт олонд үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхижуулах, сөрөг зан үйлийг нь өөрчлөх, үйлчлүүлэгчийн нөөц бололцоог илрүүлж, давуу талыг нь хөгжүүлэх замаар тэдэнд дэмжлэг үзүүлэх нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ бий болгох бодлогын эх үүсвэр тодорхой хэмжээнд тавигдсан ч хэрэгжилтийн шатанд багагүй асуудлууд тулгамдаж байна.
Иймээс Монгол улсын онцлог, хөгжлийн түвшин, ард иргэдийн амьжиргааны түвшин, соёл, зан заншил, уламжлал, нийгмийн харилцааны нөхцөл байдалд нийцсэн нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс халамжийн үйлчилгээний зорилтот бүлгийг тодорхойлоход тулгамдаж буй асуудлыг Нийгмийн ажил мэргэжлийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, шинжлэх ухааны үндэстэй судлах, үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0