Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүрэн хөрсний хими, физик, биологийн шинж чанарт бордооны дараа жилийн үйлчилгээ



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2518
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : бууц, азот, фосфор, кали, ялзмаг

Аннотаци

Байгалийн нөөц, физик биетүүдийн дунд газар тэргүүлэх ээргийн ач холбогдолтой. Газартай холбохгүйгээр шийдэх улс төр, эдийн засаг, нийгэм, экологийн нэг ч асуудал үндсэндээ ховор юм. Газар бол улс төрийн утгаараа тусгаар тогтнолын тулгуур, байгаль эдийн засгийн үүднээсээ улс орны хөгжлийн материаллаг үндэс, нийгмийн ба экологийн талаасаа хүмүүний амьдралын хамгийн анхдагч мөнхийн орчин юм .
Газрын хамгийн чухал хэсгийн нэг бол хөрс юм.
Хөрс судлалын шинжлэх ухааныг үндэслэгч В.В.Докучаев (1846-1903) хөрс түүний үржил шимийн тухай ойлголтыг анх гаргаж “Байгалийн бие даасан онцгой биет хөрс нь цаг хугацаа орон зайд үүсч, хөгжиж, хувирч өөрчлөгдөж байдаг” гэж илэрхийлсэн. Мөн түүнчлэн тэрээр “Ус, агаар, амьд ба сөнөсөн организмуудын нөлөөнд өөрчлөгдөн байдаг уулын чулуулгийн хамгийн өнгөн хэсгийн давхрааг хөрс гэнэ” гэж хөрсийг тодорхойлсон байдаг.
П.А. Костычев хэлэхдээ “Хөрс нь байгалийн хүчин зүйлүүд ба хүний үйл ажиллагааны нөлөөн дор хувирч өөрчлөгдсөн, үржил шимт чанарыг агуулсан дэлхийн хуурай гадаргын сэвсгэр өнгөн үе давхарга болно” гэжээ. Хөрс бол ургамал ургах орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл юм. Газар тариалангийн үйлдвэрлэл нь хөрсний үржил шимтэй салшгүй холбоотой.
Таримал ургамлын ургац нь хөрсний үржил шим, хүний үйл ажиллагааны бүтээгдэхүүн юм. Хөрс хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн хэрэгсэл болохын хувьд дараах онцгой шинж чанартай.
1. Зөв ашиглаж байгаа тохиолдолд муудаж хуучирахгүй улам сайжирдаг.

2. Үйлдвэрлэх хүчний хөгжил хөрсөнд сайнаар нөлөөлнө. Тэгвэл машин техник үйлдвэрлэх хүчээ хөгжихөд хоцрогдож байдаг.

3. Машиныг гологдсон үед шинээр сольж болно. Хөрсийг сольж болохгүй. Түүнийг дахин сэргээхэд асар их хугацаа хэрэгтэй.
Хөрсний 1 см- зузаан үржил шимтэй хэсэг тохиромжгүй нөхцлийн улмаас эсвэл хөрстэй ухамсаргүй харьцсаны улмаас асар богино хугацаанд ч алга болдог байхад эргээд түүнийг бий болгоход 800-1200 жил ойролцоогоор шаардагдана. Хөрсийг буруу эдэлснээс үржил шимийг бууруулах нь аль ч улсад гарч байсан гашуун туршлага хүн төрлөхтний түүхэнд үлджээ. Жишээ нь Канад, АНУ-д 1920-1930-аад оны үед хөрсний элэгдэлд тариалангийн талбай тэр аяараа орж ургац алдаад зогсоогүй улс орон аюулд учирч байсан байна. Казахстан улсад атар газар өргөн эзэмшисний дараа хөрс салхины элэгдэлд орж байсан.
Манайд ч 1970-аад оноос хойш хөрсөнд салхины элэгдэл хүчтэй явагдаж байгааг судлаачид тэмдэглэж байна.
Усалгааг буруу хийснээс хөрс давсжиж ургамал ургаж чадахгүй үхнэ. Усны эвдрэлд хөрс ихээр өртөх аюул ч бий. Эд бүгд нөхөгдөшгүй гарз болдог. Иймд хөрсийг хамгаалах нь байгаль хамгааллын чухал асуудлын нэг юм.
Хөрсний онцлог шинж чанар нь түүний үржил шим юм. Үүгээрээ ердийн уулын чулууллагаас ялгаатай. Хөрс бүр үржил шимээр харилцан адилгүй байх ба үржил шим сайтай хөрснөөс арвин ургац хурааж авах бүрэн үндэстэй. Үржил шим сайтай хөрсийг ашиглах тохиолдолд бордох, услах, өвчин хортонтой тэмцэх зэрэг асуудлыг зохицуулах нь чухал.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн гол зорилго нь хөрсний үржил шимийг алдагдуулахгүй улмаар нэмэгдүүлж ашиглахад оршино.
“Ургамлыг амьдралын хугацаанд нь шаардлагатай ус, агаар, дулаан, шим тэжээлийн бодисоор хангах хөрсний чадварыг түүний үржил шим гэнэ”. Хөрсний үржил шим бодитой зүйл бөгөөд түүний хими, физик, биологийн шинж чанараас шалтгаалж байдаг. Ялангуяа ургамалд шингэцтэй шим тэжээлийн бодис бий болгож хуримтлуулж түүнийг алдагдал багатай барьж байх чадвар нь хөрсний үржил шимийн чухал үзүүлэлт болно. Хөрсний үржил шим олон хүчин зүйлээс шалтгаалах иж бүрэн үзүүлэлт. Эдгээрийн зарим нь тухайлбал механик бүрэлдэхүүн, эрдэс чулуулагийн тогтоц зэрэг нь хувирахад бэрх тогтвортой зүйл харин зарим нь болох шим бодис, ургамалд шингэцтэй шим тэжээлийн бодис, чийг, талбайн хог ургамлын хогтолт зэрэг нь амархан өөрчлөгдөх хүчин зүйлүүд юм.
Оросын алдарт агрохимич, академич Д.Н. Прянишников бичихдээ “Агрохимийн зорилго бол газар тариалан дахь бодисын эргэлтийг судлаж, хөрс ургамалд болж байгаа химийн процессыг илрүүлж, ургацыг нэмэгдүүлж, түүний чанарыг сайжруулж чадахад орших бөгөөд энэ нь бодисын эргэлтийг хүний оролцоотой хийх гол арга бол бордоо хэрэглэх үйлдэл юм” (75) гэжээ.
Хөрсний үржил шим болон хими, физик шинж чанаруудын өөрчлөлтүүд нь бэлчээр, таримал ургамлын ургац, ашиглалтын нөөц зэрэгт ихээхэн нөлөөлдөг гол хүчин зүйлүүд болохыг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол орны уур амьсгал эрс, тэс эх газрын шинжтэй боловч ургамал ургалтын богино хугацаанд (90-120 хоног) чийг дулааны зохистой нөхцөл бүрдэх онцлогтой. Монгол оронд байгалийн ийм нөөцийг ашиглахад чиглэгдсэн үндэсний газар тариалан эрхлэх үйл ажиллагаа түүхийн богино биш үеийг хамарсан байна.
Тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор 1959, 1976 онд их хэмжээний атар газар эзэмшиж эргэлтийн талбайн хэмжээ 1.34 сая га-д хүрч үндэсний агротехнологи үйлдвэрлэлд эрчимтэй нэвтэрч байсан.
1980-аад оны үеэс үр тариа дунджаар 770 мян.т, төмс хүнсний ногоо 200 гаруй мян. т-ыг хурааж хэрэгцээгээ хангаад экспортолдог байсан ба 1990-ээд оны үеэс газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд буурч, эргэлтийн талбай багасан 60 гаруй хувь нь атаржин орхигдсон, хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногооны үлэмж хэсгийг импортоор нийлүүлж байна. Үүнд объектив ба субъектив хүчин зүйл нөлөөлсний дотроос тариалангийн бүс бүсчлэлийн нөхцөлд дасан зохицсон агротехнологийн бүрдэл горим алдагдаж эдэлбэр талбайн хөрс салхи, усны элэгдэл эвдрэлд орж, үржил шимт чанарт антропоген ба техногений сөрөг нөлөө давамгайлах явц илэрч хөрсний үржил шимийн баланс ихээхэн алдагдалтай, эрчимжүүлэлт бараг орхигдсон (75).
Бордоог хэрэглэх менежмент нь ургамлын хооллолтын процесс, хөрсний үржил шимийн түвшин, тэжээлийн бодисын хөдлөл зүй, агуулалтыг тогтоон илрүүлж шаардлагатай тэжээлийн бодисоор хангаж өгөх явдал юм. Хэрвээ хөрсөнд тэжээлийн бодис дутагдалтай байвал бордоогоор нөхөж хангана. Бордоо хэрэглэхтэй холбоотой ургамлыг ургуулах шинжлэх ухааны ойлголт нь “хөрс-чийг-тэжээлийн бодис-ургамал” гэсэн системд явагдах бодисын эргэлтийг агротехнологийн аргаар зөв тохируулахад оршино. Бордоо хэрэглэх нь хөрсний үржил шимийг хамгаалах үндсэн арга мөн (75).
Монгол орны хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ихэнхи нь ялзмагт үе давхарга нимгэн азот, фосфор, молибден, бор, кобальт, иод, цайр зэрэг ургамлын тэжээлийн чухал язгуур махбодиор дутмаг, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хайрга, үйрмэг чулуун хольц ихтэй, гол нуурын сав хотгор газрууд нь ихэвчлэн давсархаг хөрстэй хур тунадас дутагддаг учраас ургамлын ургах тэжээлийн ба орчны таатай нөхцөлийг хүний оролцоотойгоор бий болгохыг шаарддаг хөрстэй юм.
Хөрсний үржил шимийг сайжруулах, тогтвортой арвин ургац авах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хөрсний агрохими, зарим шинж чанарууд, биологийн идэвхийн өөрчлөлтийг тодорхойлох, шим тэжээлийн бодисын ашиглалтыг тооцох, тухайн бүс нутагт тохирсон бордоо хэрэглэх стандарт боловсруулах анхан шатны материал бий болгох асуудал нэн чухал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :