Ноолуураас хялгас ялгахдаа түүнийг механик үйлчлэлд аль болохоор бага оруулах хэрэгтэй бөгөөд үүнтэй уялдаж жингийн зөрүүтэй ширхэгтүүдийн шилжилтийн ялгаанд үндэслэх агаарын урсгалаар ноолуураас хялгас ялгахад механик үйлчлэлийг багасгаж, ноолууран ширхэгтийг бага гэмтээх боломжтой нь судалгаагаар тогтоогдсон юм. Иймээс агаарын урсгалаар ноолуураас хялгас ялгах технологи, төхөөрөмжийн хийцийг шинэчлэн боловсруулахад судалгааны ажлын чиглэлийн агуулгыг хандуулж энэхүү диссертацийн ажлыг гүйцэтгэжээ. Үр дүнг жагсаавал:
1.Агаарын урсгалаар ноолуураас хялгас ялгах ажиллагааны үндсэн үзүүлэлт болох хөвөх хурдыг ноолуурын ширхэгтүүдийн хувьд туршилтын аргаар тодорхойлж, хялгас ялгах төхөөрөмжийн хийцийн үндсэн параметр, ажлын горимын үед үүсэх агаарын урсгалын нөлөөллийг тооцож, аэродинамикийн хорго (хоолой) дахь ширхэгтүүдийн хөдөлгөөний зүй тогтолыг судалснаар ноолуур, хялгасан ширхэгт агаарын урсгалын үйлчлэлээр ялгарах боломжтойг тогтоов.
2.Эргэлдэх хүрдний хязгаарын давхаргад аэродинамикийн хоргоны хананы байрлалын нөлөөлөл, ширхэгтийн хуулалтыг эрчимжүүлэх оновчтой байрлалын хувилбарыг тооцож, хийцийг сонгосон.
3.Ялгалтын орчинг бий болгох хурдтай агаарын урсгал үүсгэх аэродинамикийн төхөөрөмжийн оновчтой хийцийг онолын судалгаа, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилтаар тодорхойлсон ба зохион бүтээх онолын үндэслэлийг баяжуулж, туршилтаар батлав.