Машин, тоног төхөөрөмжийн түргэн элэгддэг эд ангиудад дуунаас хурдтай хий-агаарын плазмаар пургиулах аргыг ашиглан элэгдэл тэсвэрлэх бүрхүүл суулгаж, түүний бүтэц, шинж чанарыг тодорхойлох зорилго тавьж туршилт судалгааны ажлаа гүйцэтгэв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлдвэр аж ахуйн газруудыг сэлбэг хэрэгслээр хангаснаар машин төхөөрөмжийн сул зогсолтыг багасгаад зогсохгүй хөдөлмөр, материал ба түлш эрчим хүчний нөөцийг хэмнэж, импортоор авдаг эд ангиудын хэрэглээг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.
Цохилтот ачаалалтай, зүлгэлтийн элэгдлийн нөхцөлд ажилладаг ган эд ангийн гадаргууд плазман пургиулалтын дэвшилтэт технологийг ашиглан элэгдэл тэсвэрлэх бүрхүүл суулган, түүний бүтэц, шинж чанарыг судлах зорилго тавилаа.
Бүрхүүл, суурийн барьцалдалтын бат бөх чанар, элэгдэл тэсвэрлэх чанарын утгыг тодорхойлох тохиромжтой аргачлал (конус штифтийн тасралтын арга) болон лабораторийн төхөөрөмжийг ашиглав.
Туршилтын үр дүнг математик статистикийн аргаар боловсруулж технологи ажиллагааны математик загварыг гарган авч, бүрхүүлийн чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийн оновчтой утгыг тогтоов.
Шинжлэх ухааны шинэлэг тал.
1.Цохилтот ачаалалтай, зүлгэлтийн элэгдлийн нөхцөлд ажилладаг ган эд ангийн гадаргууд элэгдэл тэсвэрлэх бүрхүүл суулгахдаа дараачийн хайлмагтуулалт бүхий хий-агаарын плазман пургиулалтын дэвшилтэт технологийг ашиглах боломжтой болохыг тогтоосон.
2.Элэгдэл тэсвэрлэх бүрхүүл бий болгох зорилгоор 30ХС2 ган материал дээр ПС12НВК-01, ПР-Н70Х17С4Р4 маркийн нунтаг материалыг 35:65 харьцаатай сонгон авахад бүрхүүл, суурийн барьцалдалтын бат бөх чанарыг 120 МПа хүртэл дээшлүүлж болохыг тогтоов.
3.Плазм үүсгэгч хийд (агаар) пропан нэмж өгснөөр вольфрамын карбидын найрлагын өөрчлөлт гаргахгүйгээр элэгдэл тэсвэрлэх бүрхүүл суулгах боломжийг тогтоож өгсөн.
4.Плазмаар пургиулаад дараа нь хайлмагтуулсан бүрхүүл нь үлдэгдэл хүчдэлгүй, нягт бүтэцтэй, нүх сүвэрхэгжилт багатай, барьцалдалтын бат бөх чанар өндөр болсон зэрэг нь диссертацийн ажлын шинэлэг тал болно.
Гүйцэтгэсэн туршилт судалгааны ажил нь дараах практик үр дүнд хүрч байна.
1.Плазман пургиулалтын технологийг боловсронгуй болгож, түүний хэрэглээний хүрээг өргөтгөсөн.
2.Стандартын шавах материалуудыг бодвол бидний суулгасан бүрхүүл элэгдэл тэсвэрлэлтийн хувьд илүү байсан бөгөөд түүний найрлага, бүтцийг тодорхойлж өгсөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0