Диссертаци удиртгал хэсэг, хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. 1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, улс төрийн нам болон бусад институтуудыг байгуулах, сонгох, сонгогдох зэрэг улс төрийн эрхийн зарчмуудыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. 1990 онд намын тухай хууль батлагдаж олон намын систем бүрэлдэх эрх зүйн орчин бүрдсэнээр олон намын тогтолцоо Монголд бодит биелэлээ олсон юм. Олон намууд бий болсоноор тэдгээрийн үүсэл, бэхжилт, төлөвшилтийн үйл явц Монголын улс төрийн системийн хөгжлийн тулгаар нэг судлагдахуун болон гарч ирсэн юм. Намын үүсэл, хөгжлийн асуудлыг судлан шинжлэхэд түүний бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтийн үйл явцыг зайлшгүй шинжлэх шаардлагтай байдаг. Энэ утгаар нь авч үзвэл Монголын намуудын хөгжилд тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтынх нь өөрчлөлт, шинэчлэлт, төлөвшилтийн асуудал онцгой байр эзэлж ирсэн нь гарцаагүй. Монголын намуудын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтийн үйл явц нь хөгжлийн өвөрмөц үе шат бүхий нарийн төвөгтэй байдлаар хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Монголын намуудын төлөвшилтийг тэдний нийтлэг шинжээс нь эхлэн шинжилж үзвэл бүтэц, зохион байгуулалт нь хэт төвлөрсөн, түүнийгээ дагасан үйл ажиллагаа нь тодорхой хэв загварт баригдмал, байнгын бус шинжтэй, зохион байгуулалт, үйл ажиллагаа хоёр нь бие биенийгээ дэмжих, харилцан шинэчлэх уялдаагаар сул, харин ч нэг нь нөгөөгийнхөө шинэчлэл, хөгжилд саад, тээг болох хөшүүрэг болдог, заримдаа энэ шинж нь хурц илэрдэг зэрэг нь тэдний төлөвших үйл явцад сөргөөр нөлөөлж байна гэж үзэхэд хүргэлээ. Өнөөгийн Монголын намуудын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтийг бүтэц-үүргийн хандлагаар авч үзвэл нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн үйл ажиллагаанууд тэдгээрт тохирсон бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг хийхэд намууд анхаарах ёстой бөгөөд ийм шинэчлэлийг дорвитой хийж чадахгүй байна. Энэ нь доорх учир шалтгаантай холбоотой гэж үзэж байна. Үүнд:Улс төрийн ардчиллын туршлага Монголд хомс байгаатай энэ тэргүүнд холбоотой. Монголын нийгмийн хөрсөнд тохирох ардчиллын хэв загвар түүнд нийцсэн намын шинэчлэл, өөрчлөлт өнөө хэр явагдаж чадахгүй байгаа нь ийм байдлыг нотолж байна. Намын бүтцийн ижил загвар нь нэгэн хэв маягийн намын зохион байгуулалтыг бий болгож намуудын өрсөлдөх чадварыг сулруулж байгаа нь нэг сөрөг хүчин зүйл болж байна. Нам доторх эрх мэдэл хуваарилалт, дотоод ардчилал, шийдвэр гаргах үйл явц дахь гишүүд, дэмжигчдийн оролцоо зэрэг нь аль ч намуудад нэгэн хэв шинжтэй байгаа явдал ийм байдлын тод жишээ мөн. Намын бүтцийн хаалттай шинжүүд нь зохион байгуулалтынхаа төлөвшилтөд сөргөөр нөлөөлж байна. Ер нь аливаа намд бүтцийн шинжээсээ хамаарч зохион байгуулалтынхаа хэв маягийг бий болгодог, эсвэл зохион байгуулалтынхаа хэв маягаас хамаарч бүтцээ хэлбэршүүлдэг гэсэн зохион байгуулалтын хоёр хандлага бий. Монголын намууд бүтэцдээ тохирсон зохион байгуулалтыг хийж байгаа бөгөөд энэ нь намууд зохион байгуулалтынхаа хувьд уян хатан байхад тээг болж байна. Орчин үеийн ардчилал, нийгмийн эрэлт, шаардлага нь сул бүтэц бүхий зохион байгуулалтын уян хатан хэлбэрийг төлөвшүүлж ажиллахыг намуудаас шаардаж байна. Монголд намуудын нийгмийн төлөөллийн бааз тодорхойгүй, бэхжээгүй байгаа нь намын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтөд сөргөөр нөлөөлж байна. Намууд нийгмийн бүтэц, сонгогчдын сэтгэл зүйн өөрчлөлтийг мэдэрч тусгасан хөтөлбөр, үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь нийгмийн зүгээс тэднийг дэмжих, эс дэмжих, шинэчлэх эс шинэчлэх нөлөө бүхий шахалт шаардлага төрөн гарахгүй байна. Өөрөөр хэлбэл нам, нийгмийн хооронд харилцан хамаарал бүхий "амьд" холбоос байхгүй байна. Тиймээс диссертацийн судалгааны үр дүнд үндэслэн Монгол дахь намын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтийн асуудалд дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд. 1.Намын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтөд намын институтжилтийн түвшин онцгой чухал юм. Намын институтжилтийг байгууллагын хувьд дотоод бүтцүүдийн эрх, үүргийн хуваарилалтаа нийтлэг хууль, эрх зүйн хийгээд дотоод хэм хэмжээнүүдийнхээ хүрээнд бэхжүүлж, улс төрийн тогтолцоонд албан ёсны байр сууриа эзлэн төлөвших үйл явцын цогц систем юм хэмээн тодорхойлж байна. Монголд намын институтжилтийн үйл явц нийтлэг хууль, эрх зүй, дотоод хэм хэмжээнүүдийнхээ хүрээнд явагдаж буй хэдий тэдний төлөвшилтийн үйл явц удаашралтай, хангалтгүй байгаа нь институтжих үйл явц төдийлөн сайн явагдахгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Иймд Монголын намуудын бүтэц зохион байгуулалтын төлөвшилтийг тэдгээрийн институтжилтийг шалгуур үзүүлэлт болгон тогтоох явдал чухал юм. Манай намуудад бүтцийн талын институтжилт нэлээдгүй бэхжин төлөвшиж буй боловч тэдгээрийг эмхлэн зохицуулах арга хэлбэр болсон зохион байгуулалтын түвшин дэхь институтжилт төдийлөн хангалттай явагдаж чадахгүй байна. Энэ нь тодорхой бүтцэд захирагдмал намын зохион байгуулалтын хэв маяг төлөвшиж байгаатай холбоотой юм гэсэн дүгнэлтэд хүргэлээ.
2.Монголын намуудын зохион байгуулалт нь орон нутгийн тархалтаас нэгдэлд суурилсан бус харин нэгдлээс орон нутгийн тархалт руу чиглэсэн хэв маягтай байгаа нь дээрээс зохион байгуулагдсан намын хэв маяг төлөвших хөрс болж байна. Өөрөөр хэлбэл нам үүслийн нэг төвтэй байж тэрхүү төвөөсөө намын бүтэц, зохион байгуулалтаа тогтоон бэхжүүлдэг нь Монголын намын бүтэц, зохион байгуулалтын гол онцлог юм.
3.Монголын намуудын бүтэц, зохион байгуулалт нь харилцан уялдаагүй, бие биенийгээ хөгжүүлэх, шинэчлэх механизм болж төлөвшөөгүй, бүтцээ дагасан үйл ажиллагаа тогтмолжоогүй нэн ялангуяа жижиг намуудын орон нутаг дахь бүтэц, тэдгээрт тохирсон зохион байгуулалт бий болоогүй байгаа нь Монголын намуудын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилт сайн явагдаж байна гэж дүгнэх аргагүй байна.
4.Социалист нийгмийн тогтолцооны үед төлөвшсөн намын бүтэц, зохион байгуулалтын гажсан хэв маягаас намын зохион байгуулалтын ардчилсан хэв маяг руу шилжилт хийх явцад хуучин хэвшмэл хэв загвараа хадгалах хандлага буюу инерцийн хууль намуудад өнөө хэр үйлчилсээр байгаа нь намын бүтцийг шинэчилж, зохион байгуулалтын арга барил, хэлбэрийг өөрчлөхөд учирч буй томоохон саад бэрхшээл болж байна. Өмнөх тогтолцооны үеийн намын бүтэц, зохион байгуулалтын инерци ийнхүү хадгалагдан үйлчилж байгаа нь намуудад биелэлээ олохдоо бүтцийн нэгжүүдийн хоорондын харилцаанд иерархи шатлал бүхий тогтолцоо зохион байгуулалтынх нь үндэс болон бэхжиж, "төвлөн удирдах" зарчим удирдлагынх нь арга барил болон хэвшсэн байгаагаар нотлогдож байна.
5.Нам ардчиллыг хэрэгжүүлэгч улс төрийн байгууллага байх ёстой. Тиймээс Монголын намууд орчин үеийн ардчиллын ололтод суурилсан намын бүтэц, зохион байгуулалтын хэв маяг руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл Монголын намын бүтэц, зохион байгуулалтын цаашдын хандлага нь бүтцийн хатуу хэлбэрээ зөөллөж, зохион байгуулалтын хувьд илүү өргөн олныг хамарсан шинжээр буюу өргөн хүрээний намын зохион байгуулалтын хэв маягт шилжин ажиллах явдал чухал юм гэж дүгнэж байна. Иргэний нийгмийн институт, засаглалыг хэрэгжүүлэгч субьект гэдэг талаасаа нам нь ардчиллын чанарыг үнэлэхэд онцгой ач холбогдолтой улс төрийн байгууллага билээ. Ардчилсан нийгэмд намын бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг нийгмийн хөгжлийн ололт, амжилт, түүнд өгсөн иргэдийн үнэлгээ, иргэдийн улс төрийн сэтгэл зүйн хандлага, сонгууль, сонгуулийн үр дүнгээр дүгнэдэг. "Ардчиллын чанарын үнэлгээ, ард түмний үнэлгээг хоёр арга замаар тодорхойлж болно. Нийлүүлэлт талаас улс төрийн удирдагчид болон байгууллагууд нь ардчиллын шинж чанарыг тодорхойлох гол зүйлс гэж тооцогддог. Авилгад автагдсан улс төрчид болон либерал ардчиллын үнэт зүйлсийг хангаж чаддаггүй, согогтой институтийн загвар зэрэг нь муу засгийн үндэс суурь болж байдаг" тухай Азийн барометр судалгааны эмхэтгэлд бичсэн байна. Сүүлийн жилүүдэд иргэд, сонгогчид улс төрөөс хүнийсэх, улс төрийг үнэлэх иргэдийн үнэлгээ буурах, улс төрийн институт байгууллагуудад итгэлгүй болох зэрэг сөрөг хандлагууд нийгэмд газар авах болжээ. Иргэд, сонгогчид улс төр, төр засагт ингэж хандахын гол учиг, шалтгаан нь намын үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Тиймээс өнөөдөр Монголын ардчиллын ололт, амжилт, ардчиллын нягтрал, чанараас хамаарч намын бүтэц, зохион байгуулалтыг нийгмийн хөгжлийн зорилтод нийцүүлэн боловсронгуй болгон төлөвшүүлэх асуудал чухлаар тавигдах боллоо. Иймээс Монголын намын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож төлөвшүүлэхийн тулд дараах шинэчлэлийн алхмуудыг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд. 1.Намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуулиудыг Монголын нийгмийн онцлогт тохируулан өөрчилж, намын нээлттэй уян бүтцийг төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх. Намын тухай хууль анх 1990 онд батлагдаж 1996, 2005 онуудад зарим нэг өөрчлөлтүүд хийгдсэн ч тус хууль нь сөрөг хүчний намуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, эрх баригч том, төвлөрсөн намыг дэмжихэд чиглэсэн хууль хэвээр байна. Хууль анхлан батлагдахдаа тухайн үеийн МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын хэлбэрийг загвар болгон намд тавигдах шаардлагуудыг түүнд зохицуулж хийсэн тул намуудыг төвлөрсөн, том бүтэцтэй байхыг шаардсан хууль болсон юм. Энэ зарчим одоо ч хадгалагдсаар байна. Тиймээс энэ хуулийн зарим зүйл, заалтуудыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд тус хуулийн
11.1 зүйлд "Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна" гэж заасныг "Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог хуулийн дагуу намын дүрмээр зохицуулна" гэж, мөн
13.3 зүйлд "Намын их хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их хурлаар сонгож байгуулна" гэж заасныг "Намын их хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг дунд анхан шатны нэгжийн сонгуулиар байгуулах" гэж өөрчлөх,
13.5 зүйлд "Намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулна" гэж заасныг "Өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг анхан, дунд шатны төлөөлөгчдөөс бүрдүүлж байгуулах" гэж тус тус өөрчлөн найруулах.
2.Намын гишүүдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлж, намын бодлого дээрээс бус дороос эхтэй байх зарчим, тогтолцоонд шилжих. Мөрийн хөтөлбөр, намын дүрэм, журам, дотоод асуудлууд, боловсон хүчний сонгон шалгаруулалт зэрэг гишүүдийн эрх, оролцоог хангаж ажиллах бүтэц, зохион байгуулалтыг бий болгож бэхжүүлэх. Ингэхийн тулд дүрмээр намын дунд болон анхан шатны нэгжүүдэд дээд шатны байгууллагаа сонгодог, нэр дэвшүүлдэг эрхүүдийг олгох хэрэгтэй. Тухайлбал Намуудын дүрмээр намын анхан шатны байгууллага дээд шатны байгууллагын тогтоол, шийдвэрээр байгуулагддаг (бүх намууд хамаарна) тогтолцоог өөрчилж анхан шатны байгууллагыг намын дэмжигч, гишүүдийн санал, санаачлагад тулгуурлан байгуулдаг зарчимд шилжих, Ерөнхийлөгч, УИХ-д нэр дэвшигчийг тодруулахад намын гишүүд, анхан дунд шатны нэгжийн саналыг үндэс болгодог механизмыг бүх намуудад төлөвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бүх шатны сонгуульд нам дээрээс доош нэр дэвшүүлж намын хошуучлагч, лидерүүд голлох байр суурь, эрх мэдэлтэй оролцдог урсгалыг өөрчилж дороос дээш нь нэр дэвшүүлж, нэр дэвшигчийг тодруулах сунгаанд намын гишүүд, намын анхан, дунд шатны нэгжийн эрх, үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхамуудыг дүрмийн өөрчлөлтөөр хийх.
3.Намууд намын бодлого хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий чадварлаг think tank-уудыг бүтэцдээ суулгаж өгөх нь чухал байна. Зарим намд тухайлбал Ардчилсан намд Бодлогын зөвлөл нэртэй бүтэц энэ үүргийг гүйцэтгэж буй боловч тэрхүү бүтэц нь намын Think Tank-ийн үүргийг бүрэн гүйцэтгэж чадахгүй байна. Эрх үүрэг нь ч дутмаг байна, ажиллаж буй хүмүүсийн бодлого боловсруулах чадвар нь ч сул, хүний нөөцийн бодлого ч байхгүй байна. Иймээс бүх намуудад зөвхөн лидерүүдийн мэдрэмж, тухайн үеийн олон нийтийн санал бодлоор ирж байгаа даралт, шахалт, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар намын улс төрийн бодлого тодохойлогдож байгаа ба ийм бодлого зөрчилтэй, тууштай биш, улс орны эрх ашигт нэг мөр нийцэхгүй, хэтийн зорилгогүй зэрэг олон талаараа дутагдал доголдол дагуулж байна. Үүнийг засаж сайжруулах, намын бодлогыг чанарын өндөр түвшинд гаргах хамгийн оновчтой гарц бол намын бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадварыг хариуцсан намын зөвлөх статус бүхий Think Tank-ийн бүтэц бий болгох явдал гэж үзэж байна. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудын төлөвшсөн намууд Think Tank-ийн бүтцийг бий болгосон жишээ олон байна. Тухайлбал Японы Либерал Ардчилсан намд "Бодлого судлах зөвлөл" нэртэй Think Tank ажилладаг. Бодлого судлах зөвлөл нь намын бодлогын бүх асуудлаар судалгаа хийж бодлого боловсруулж батлуудаг. Нам бодлого болгон дэвшүүлэх бүх асуудлаар энэ зөвлөлөөс зөвшөөрөл авдаг ба бодлого судлалын зөвлөлийн дарга нь Либераль Ардчилсан намын гүйцэтгэх албаны гурван том албан тушаалын нэг байдаг.
4.Намын удирдлагын төвлөрөл, сонгуульт байгууллагуудын хугацааны асуудалд шинэчлэлт хийх шаардлагтай гэж үзэж байна. Намын удирдлагад ажиллаж буй лидерүүдийн сэлбэлт удаашралтай байгаа нь намыг улам бүр олигархижуулж байна. Тухайлбал, МАХН-ын Бага хурлын 255 гишүүний 60 хувь нь улиран сонгогдсон, Удирдах зөвлөлийн 23 гишүүний 6 буюу 26% нь улиран сонгогдсон байдал үүнийг гэрчилж байна. Ардчилсан намын удирдах байгуулага болох Үндэсний Зөвлөлдөх Хороо, Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний сэлбэлт МАХН-тай адилхан юм. Иймд намын их хурал, бүгд хурлуудыг хоёр жилийн хугацаатай болгож намын удирдлага, удирдах байгууллагуудын ажлын үзүүлэлтүүдийг ойр ойрхон дүгнэдэг орчин үеийн намын бүтэц, зохион байгуулалтын хөгжлийн дэвшилтэт арга барилаас нэвтрүүлэх нь зүйтэй юм. Хэрэв ингэж чадвал намын элитүүд, сонгуульт албан тушаалтнуудын шинэчлэгдэх үйл ажиллагаагаа эрчимжиж намын хүний нөөц шинэ чадварлаг боловсон хүчнээр сэлбэгдэж улмаар намын дотоод харилцаа"олигархийн төмөр хууль"-иар өрнөхөөс урьдчилан сэргийлэх нэг арга болж чадна. Ийм үйл ажиллагааг ардчилал хөгжсөн орнуудын намууд нам доторх сонгон шалгаруулалтад ротацийн аргыг хэрэгжүүлэх замаар шийдэж байна.
5.Намын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилтөд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол намын санхүүжилт мөн. Намын санхүүжилтын өнөөгийн эх үүсвэрүүд нь намыг аливаа эх үүсвэрээс хараат болгох аюулд унагаж нам төрийн бодлого хэрэгжүүлэхээс илүүтэй санхүүжүүлэгчийн ашиг сонирхолд үйлчлэн ажиллах байдал газар авч байна. Иймээс санхүүжилтын эх үүсвэрийг хуулиар маш нарийн зохицуулж нэг мөр болгож ингэхдээ төрийн санхүүжилтын механизмыг түлхүү анхаарах явдал чухал байна. Мөн санхүүжилтийн хяналт, үнэлгээ, шалгалтын механизмыг нарийвчилж, ил тод байдлыг бодитой болгон хариуцлагыг тооцдог тогтолцоо руу шилжих явдал туйлын чухал байна.Тухайлбал санхүүжилтийн тайландаа аудит хийлгээгүй, хийлгэсэн ч түүнийгээ ил тод болгодоггүй намын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах эсвэл сонгуульд оролцох эрхийг нь хаах хүртэлх арга хэмжээг авах, хууль бус санхүүжилт авсан намын сонгуульд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хориглох, өндөр торгууль ноогдуулж, хууль бус хандивыг нь хураах гэх мэт хуулийн олон нарийн зохицуулалтуудыг хийх шаардлагтай байна.
6.Сонгуулийн системийн оновчтой хувилбарыг сонгох нь намын бүтэц, зохион байгуулалтын төлөвшилд нааштай ахиц авч ирнэ. Манайд сонгуулийн холимог системийг сонгон хэрэгжүүлэх нь намын төлөвшилтөд эерэг нөлөө үзүүлэх магадлал өндөр юм. Сонгогчдын 50-иас илүү хувийн санал авсан нэр дэвшигчийг мажоритари системээр, 50 хувьдаа хүрээгүй тойрог бүрийг нэгтгэж хувь тэнцүүлсэн системийг ашиглаж суудал хуваарилах хувилбар байж болох юм. Сонгуулийн холимог системийн энэ хувилбар нь намуудын өрсөлдөөний тэгш байдлыг бодитой хангаж, намын нийгэм дэхь нэр хүндийг өсгөх, шударга өрсөлдөөнийг дэмжих хөшүүрэг болно. Жижиг намууд парламентад орж ирсэнээр парламентад үзэл бодол, бодлогын альтернативуудыг өрсөлдүүлэх, шүүн хэлэлцэх боломж бүрдэнэ. Олон намын систем төлөвшинө. Сонгогчид улс төрийн нам, нэр дэвшигчийг аль алиныг нь харж сонголтоо хийнэ. Мажоритари, пропорциональ системд байдаг сөрөг талуудыг саармагжуулж, сонгуулийг ардчилах, шударга явагдахад тодорхой нэг алхам болно гэж үзэж байна. Монголын намуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон төлөвшүүлэхэд чиглэгдэн хийгдэх эдгээр шинэчлэлтүүд нь орчин үеийн намын хөгжлийн нийтлэг жишигт хүрсэн намын шинэ хэв маяг Монголд бий болоход чухал алхамууд болно хэмээн үзэж байна. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийн үр дүнд Монголын намууд бүтцийн хэлбэрийн хувьд олон түмний намын орчин үеийн шинжийг агуулсан, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь өргөн хүрээний намын шинжийг өөртөө бий болгосон байдлаар төлөвшин хөгжих боломжтой гэж үзэж болохоор байна. Монгол дахь намын төлөвшилтийн өнөөгийн байдал нь кадрын, өргөн хүрээний, олон түмний намуудын аль алиных нь шинжүүдийг агуулсан гэхдээ олон түмний намын шинж давамгайлсан завсрын буюу гибрид (эрлийз) шинжтэйгээр хөгжиж байна. Харин манай намуудын ойрын ирээдүйн дүр төрх нь Баруун Европын өргөн хүрээний хэв шинж давамгайлсан олон түмний намын хэлбэр байх бол алс хэтийн хэв шинж нь Америк маягийн сонгодог хэв шинж байх болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0