Энэхүү диссертаци нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, 4 дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүтэж байна. Монголын уран зохиолын сан хөмрөгөөс дэлгэцийн бүтээл болсон гол гол бүтээлүүдийг сонгон авч кинотой нь харьцуулан гол судлагдахуун болгож ашиглав. Улмаар судалгааг шинжлэх ухааны үндэслэл, баталгаа нотолгоотой болгох зорилгоор уран сайхны бичвэр, кино зохиол хоёрын талаарх онол судалгааны бүтээлүүдээс ашиглах, мөн тухайн эх зохиол болон кинотой холбогдон гарсан шүүмж, судалгааны материалуудыг иш үндэс болгохыг хичээлээ. Биднийг судалгаа хийх явцад манай кино зохиолууд нийтэд түгсэн уран сайхны бичвэр юм уу, эсвэл найруулагчийн зохиол хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн нь хомс байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь яг утга зохиолын талаас нь тухайн кино болсон зохиолуудын өөрчлөлт, цаад нарийн ялгааг тодруулахын тулд мэдээж хэрэг эх зохиол, кино сценарий хоёрыг харьцуулах шаардлага гарч байлаа. Гэтэл эх зохиол, кино хоёр нь нийтийн хүртээл болчихсон байхад тэрхүү хоёр бие даасан урлагийн бүтээлийг холбож байх ёстой, бидний судалгааны үнэтэй хэрэглэгдэхүүн болох кино зохиол /кино сценарий/ нь хадгалагдаж, хэвлэгдэж үлдсэн нь бараг алга байна. Иймд кино болсон, эсвэл киноны сэдэв, санаа, агуулгын тодорхой нөлөө үзүүлсэн зохиолуудыг кинотой нь шууд харьцуулах шаардлага гарч байлаа. Монголын кино үйлдвэр, театрын музей, номын сангууд, түүнчлэн киноны зохиогч, найруулагчдад нь тухайн киноны нь сценарий байхгүй байгаагаас энэ сэдвээр судалгаа хийхэд чухал хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэж байв. Иймд кино зохиолуудыг тухай бүрт нь эмхтгэн хэвлүүлж байвал хожмын судалгаа хийхэд болон мөн уран сайхны бичвэрийн хэлбэр /кино зохиол/ -оор уншигчдад кино бүтээл хүргэх тал дээр ач холбогдол нь өндөр байх юм. Цөөн тооны кино зохиол хэвлэгдэж олонд хүртээл болсон байгаагаас судалгааны ажлын судлагдахуун болгон ашигласан болно.