Диссертаци нь монгол хэл дээр бичигдсэн 121 хуудастай, нийт 30 зураг, схем 3, 9 хүснэгттэй, ном зүйн 115 жагсаалттай болно. Хүн амын дунд тохиолдох эрхтэн системийн эмгэгүүдийн үүсэх эмгэг жамын явц, эд эс гэмтэх үзэгдлийн мөн чанарыг молекул биологи, молекул биохимийн үүднээс нарийвчлан судлах болсон нь өмнө нь бидний мэдэж бодож төсөөлж байсан ойлголтоос хавьгүй нарийн өргөн хүрээтэй болсныг сүүлийн жилүүдэд хийсэн эрдэмтдийн судалгаа харуулсаар байна. Тухайлбал зүрх, тархи, бөөр зэрэг голлох цул эрхтнүүдийн эмгэг өөрчлөлт нь дийлэнхидээ тэдгээр эрхтнийг хангаж байдаг цусан хангамж, цусны бичил эргэлттэй холбоотой, ялангуяа зүрхний инфаркт, цус харвалт, шок, эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс заслын хагалгааны үед реперфузигээр нөхцөлдсөн эмгэг төлөв зонхилж (ischaemia-reperfusion injury), ишеми, гипоксигаар нөхцөлдөж явагддаг гэж үздэг байсан бол харин сүүлийн үед хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоо, ялангуяа ходоод гэдсэнд ишемигээр суурилсан колит, илеит, (intestinal ischaemia, ischaemic colit), mucosa ischaemia буюу стрессын гаралтай ходоод гэдэсний шархлаа, түүнчлэн амьсгалын зам болон үе гишүү тулгуур эрхтний үрэвсэлт өвчнүүд (ischaemic bone disease, diabetic foot)-ийн эмгэг жамыг гипокси-ишемитэй холбоотой гэж бичих боллоо. Харин ишемийн дараах реперфузи бол ишемигээр нөхцөлдсөн эд эсийн цусны урсгалыг дахин сэргээх, эсийн гэмтлийг багасгахад чиглэсэн саногенезийн ач холбогдолтой үзэгдэл боловч дийлэнхи тохиолдолд транзитор ишемийн дараа цусны урсгалыг гэнэт сэргээх нь эсэд эргэлттэй болон эргэлтгүй гэмтэл үүсгэдгийг "реперфузийн ишемийн гэмтэл" буюу "реперфузийн гэмтэл" гэдэг нэр томъёогоор тайлбарладаг. Түүнчлэн реперфузигээр нөхцөлдсөн ишемийн гэмтлүүд нь зүрх, бөөр, элэг, уушиг, тархи, нарийн бүдүүн гэдэс, их биеийн булчинд тохиолддогийг судлаачид илрүүлжээ. Нөгөө талаас нийгэм соёл, ахуй орчны хэт их хувьсал, хотжилт, дэлхий нийтийн глобальчлалыг даган дэлхийн хүн амын насжилт хэдийгээр улс орон бүрд өөр өөр байгаа ч агаарын бохирдол, орчны эрүүл ахуйн тааламжгүй нөлөөлөл, хүнсний хэрэглээний онцлогоос болоод дэлхийн хүн амын нас баралтын үндсэн шалтгаанд зүрх судасны системийн эмгэг, хавдар, цус харвалт, амьсгалын доод замын эмгэг, чихрийн шижин өвчин, бөөр, цусны эмгэг, хоол боловсруулах зам, элэгний эмгэгүүд эхний арван байрт багтсаар байгаа нь мөн л дээр өгүүлсэн эрхтэн системийн эмгэгүүд үүсэх эмгэг жамд багагүй үүрэгтэй ишеми, гипоксигээс урьдчилан сэргийлэх, реперфузийн ишемийн үед хэрэглэх шинэ эмийн бэлдмэл гарган авах, улмаар эмчилгээний шинэ зарчим боловсруулах шаардлага хэрэгцээ их байгааг харуулж байна. Бидний өмнө нь явуулж байсан скрининг сорилт туршилтын ажлын явцад цусны бүлэгнэлт, үрэвслийн процессыг ямар нэг хэмжээгээр багасгах нөлөөтэй болох нь илэрч байсан судалгааны дүн (М.Амбага, Б.Саранцэцэг, Ц.Мөнхтуяа 2004-2006), нөгөө талаас уг ургамлын өөр нэг зүйл болох Spiraea japonica ургамал нь Хятадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар ишеми, гипоксийн эсрэг антиоксидант нөлөөтэй болохыг тогтоосон судалгааны дүн дээр үндэслэн бид Уламжлалт анагаах ухаанд хорхой, шар усны өвчинг анагаах, шархыг анагаах үйлдлээр хэрэглэгдэж ирсэн уламжлалтай Сарнайн овогт багтах Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia) ургамлын үйлдлийн механизмыг нарийвчлан судлах ерөнхий зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд: 1.Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia) ургамлын усан идээшмэл болон спиртэн ханд, түүнээс ялгасан нийлбэр алкалоидын мембраны хэт исэлдэлт, гипокси, амьтдын ажиллах чадварт үзүүлэх нөлөөг судлах
2.Удвал навчит тавилганы усан идээшмэл болон спиртэн хандны цусны бүлэгнэлтэд үзүүлэх нөлөөг судлах
3.Удвал навчит тавилганаас ялгасан нийлбэр алкалоид болон усан идээшмэлийн тархины эдэд үүсгэсэн реперфузийн ишемийн үед үзүүлэх нөлөөг судлах
4.Туршлагын амьтанд үүсгэсэн уушигны хурц хавагналтын үед сурфактантын тогтворт чанарт Удвал навчит тавилганы усан идээшмэл, спиртэн хандны үзүүлэх нөлөөг судлах
5.Соматик эсэд уураг, амин хүчил, глюкоз, холестерол, триглицеридын "нэвтрэх-хуримтлагдах-ялгаралт" хийх үзэгдэлд үзүүлэх нөлөөг Удвал навчит тавилганаас ялгасан хлороформ, этилацетат, гексан, бутанолоор хандалсан фракци дээр үзэх 1.Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia) ургамлын усан идээшмэл (1:5), спиртэн ханд болон уг ургамлаас ялгасан нийлбэр алкалоид нь туршлагын амьтдаас ялгасан цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанарыг дээшлүүлэн, цус-ийлдэсний орчинд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг багасгах, ийлдэсний оксидаза сорилын хугацааг уртасгах замаар хэт исэлдэлтийг бууруулах антиоксидант идэвхтэй болохыг илрүүллээ.
2.Удвал навчит тавилганы усан идээшмэл, спиртэн ханд, мөн уг ургамлаас ялгасан нийлбэр алкалоид нь туршлагын амьтдад зохиомлоор үүсгэсэн нормобарийн гипоксийн үед гипоксиг тэсвэрлэх чадвараар Актовегинаас дутахааргүй, Адреналин гидрохлоридоор үүсгэсэн уушигны хавагналтын үед сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлэх замаар эрхтний гипоксид орох хугацааг уртасгадаг, мөн элэгний эсийн хурц үрэвслийн үед амьтдын амьдрах чадварыг дээшлүүлдэг болохыг анх удаа баталлаа.
3.Удвал навчит тавилгана нь хархны гүрээний артерийг боох замаар үүсгэсэн тархины реперфузийн ишемийн эмгэг загвар дээр тархины эдэд агуулагдах МДА-ын хэмжээ, ийлдэс болон цусны улаан эсийн мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг багасгах замаар реперфузийн ишемийг багасгах нөлөөтэй болохыг илрүүлсэн нь бидний судалгааны ажлын шинэлэг тал гэж үзэж байна. 1.Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia) ургамлын усан идээшмэл, спиртэн ханд, түүнээс ялгасан нийлбэр алкалоид дээр явуулсан сорил туршилтын дүнгээс үзэхэд уг ургамал нь хүчтэй антиоксидант, мембран бэхжүүлэх, бүлэгнэлтийг багасгах, ишеми гипокси, ялангуяа тархины реперфузийн ишемигээр нөхцөлдсөн эд эсийн гэмтэл, үхжлийг багасгах үйлдэлтэй болохыг Актовегин, Пирацетам зэрэг стандарт эмүүдтэй харьцуулан судалсан судалгаагаар анх удаа баталсан нь түүнийг зүрх судас, тархи, хэвлийн хөндий болон судасны мэс ажилбарын үед бусад сонгомол эмүүдтэй хавсарч хэрэглэх
2.Зүрх судас, амьсгал, хоол боловсруулах замын эмгэгүүд, судасны пластик хагалгааны үед илэрдэг ишеми гипокси, түүнчлэн чихрийн шижин өвчний алсын хүндрэл болох бичил эргэлтийн судасны бөглөрөл, шамбарам зэрэг венул, хялгасан судас-бичил эргэлтийн алдагдал, мөн хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой гэдгийг гаргаж өгснөөрөө уг судалгааны ажлын практик ач холбогдол оршино. Удвал навчит тавилганы гипокси-ишемийн эсрэг үйлдлийг гипоксийн үеийн амьтдын амьдрах чадвар, элэгний эсийн хурц үхжилт үрэвсэл, тархины эдийн ишеми-реперфузийн эмгэг загвар болон уушигны хурц хавагналтын эмгэг загвар дээр судална. Судалгааны багийн дэвшүүлж буй таамаглал нь Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia Pall) нь гипокси-ишемийн эсрэг үйлдлийг үзүүлэх бөгөөд энэ нь түүний өөхний хэт исэлдэлтийн процессыг бууруулах, цусны бүлэгнэлтийг багасгах, реперфузийн ишемийн үед явагдах хүчилтөрөгчийн дутагдал болон гипоксийн үед амьдрах чадварыг дээшлүүлэх улмаар эсэд бодисын солилцооны шугам дээр электрон протон ашиглалтын ашигтай хэлбэрийг бий болгодогтой холбоотой байж болох юм гэсэн таамаглал дэвшүүллээ.