Судалгааны материал Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тархалт, хөдөлмөрийн нөхцлийг судлан тогтоохын тулд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг сонгон авлаа. Үйлдвэрийн техник технологи, хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалан тус үйлдвэрийн ажиллагсдын дунд хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл өндөр байдаг онцлогтой. Тус үйлдвэр нь нийт 6000 гаруй ажиллагсадтай үндсэн болон туслах цехүүдээс бүрддэг. Судалгааны арга, аргачлал Ретроспектив чиглэлтэй дескриптив судалгааны аргыг ашиглан судалгаанд УБЭҮ-н сүүлийн 3 жилд хөдөлмөрийн чадвар түр алдсан нийт ажиллагсдын, ХЧТАӨТ, ХЧТӨАХ, нэг тохиолдолд ноогдох дундаж хоног зэргийг судаллаа. Ретроспектив чиглэлтэй дескриптив аргаар тус үйлдвэрийн ажиллагсдын МШӨ-н тархалтыг судлахын тулд 1978-2008 онд мэргэжлийн өвчтэй болох нь тогтоогдсоны улмаас хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн болон хагас алдсан, хөнгөн ажилд шилжсэн 610 ажиллагсдын ажилласан жил, хөдөлмөрийн чадвар алдсан хувь, ажил мэргэжлээр нь нарийвчлан судаллаа. Агшингийн аргаар МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон бүр мөсөн алдагсадын нийгэм-эдийн засгийн зарим хүчин зүйлсийг судлахдаа асуумжийн судалгааг ашиглалаа. Ретроспектив чиглэлтэй дескриптив судалгааны аргыг ашиглан хөдөлмөрийн нөхцлийг судлахдаа хөдөлмөрийн эрүүл ахуйчийн 2005-2007 онд ажлын бүх байруудад хийсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн дүнг ашиглан манай оронд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн эрүүл ахуйн хэм хэмжээний стандартуудтай харьцуулан үнэлгээ өгөв. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН Бидний энэхүү Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын ХЧТАӨ 2005-2006 онуудад 100 ажилчин тутамд 79,5-79,8 тохиолдож байснаа, 2007 онд буурч 59,7 -д хүрсэн байна. Тус үйлдвэрийн ажилчдын дунд 2005-2007 оны дунджаар ХЧТАӨ-ийн 4252 тохиолдол бүртгэгдэж, 100 ажилчин тутамд 73 тохиолдол ноогдож байна. ХЧТАӨ-ийн 3 жилийн дундаж хоног 37610, 100 ажилчинд ноогдох дундаж хоног 643,2 байна. 2005-2007 онд тус үйлдвэрийн ажилчид 1-58 хүртэл хоногоор хөдөлмөрийн чадвараа түр алдсан, нэг тохиолдолд ноогдох дундаж хоног нь 8,8 байгаа нь дунд зэргийн явцтай өвчин зонхилон тохиолдож байгааг харуулж байна. ОХУ-ын эрдэмтэн Е.Л.Ноткины ангилалтай харьцуулахад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 100 ажилчин тутамд ноогдох ХЧТАӨ-ийн тохиолдол 2005-2006 онуудад дундаж түвшинд, 2007 онд буурч бага түвшинд хүрсэн байна. Мөн энэхүү ангилалтай ХЧТАӨ-ийн 100 ажилчин тутамд ноогдох хоногийг харцуулахад 2005-2006 онд дундаас доош түвшинд, 2007 онд бага түвшинд байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 2005-2007 оны ХЧТАӨ-ийг оношоор нь судлахад бодит тоогоор 2126 тохиолдол буюу 16,7% нь осол гэмтэл, 2070 тохиолдол буюу 16,2% нь яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэг, 1848 тохиолдол буюу 14,5% нь бөөр, шээсний замын өвчин, 1578 тохиолдол буюу 12,3% нь амьсгалын тогтолцооны өвчин, 1503 тохиолдол буюу 11,8% нь хоол боловсруулах эрхтний өвчин, 1218 буюу 9,5% нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж эмчлэгдсэн байна. УБЭҮ-ийн ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчний тархалтын түвшинг (prevalence) судлахад 24 жилийн дунджаар 1000 ажилчдад 4,6 ноогдож байна. Neg ба Chan [1994] нарын 338 уурхайчдын дунд хийсэн мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаагаар 1000 ажилчинд 6 тохиолдол бүртгэгдсэн, мөн Hughes [1998] нарын АНУ-ын нүүрсний 2342 уурхайчдын мэргэжлээс шалтгаалах өвчний тархалтыг судлахад 1000-д 4 шинэ тохиолдол ноогдож байсан судалгааны үр дүнтэй тус тус ойролцоо байна. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн бүтцийг өвчний нэршлээр нь судлахад 43% нь тоослогийн шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл уушги тоосжих өвчин (силикоз, сидероз, антрокосиликоз), 37% нь яс булчин тулгуур эрхтний өвчний эмгэг, 10% нь химийн бодисын хордлого, 3% нь сонсголын бууралт, 1,8% нь доргионы өвчин, 1% нь арьс харшлын өвчин, 0,7% бусад өвчин тус тус эзэлж байлаа. Тус үйлдвэрийн ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн бүтэц нь хувь хүний ажилласан жил, хүйс, нас, мэргэжил, цехээс хамаарсан ялгаатай байна. 2005-2007 онуудад тус үйлдвэрийн ажлын байруудад хэмжсэн ерөнхий тоосны дундаж дүнгээс харахад манай оронд мөрдөгдөж байгаа ерөнхий тоосны ЗДХ- (2мг/м3, 6-10мг/м3)-ээс хэтрээгүй байгаа боловч, хамгийн их утгыг харахад цутгуурын цех, авто тээврийн байгууллага, уулын хэсэгт тоосжилт нэлээд их ЗДХ-с 2-4 дахин их байна. 2005-2007 оны тоосны хэмжилтийн дунджийг АНУ-ын ерөнхий тоосны ЗДХ (2мг/м3) -тэй харьцуулбал уулын цех, баяжуулах, цутгуурын цехэд 1-3 дахин их байна. Шуугианы ерөнхий түвшинг 2005-2007 онд хэмжсэн дундаж дүнгээс харахад цутгуурын цех, баяжуулах үйлдвэрт шуугиан ихтэй, хамгийн дээд хэмжээ нь 88-105дбА-д хүрдэг, мөн уулын хэсэгт заримдаа 99дбА-д хүрч байна. Ажлын байрны доргионы түвшинг ерөнхий ба хэсэг газрын доргионы эх үүсвэр бүхий ажлын байруудад хэмжсэн 2005-2007 оны дунджаар уулын хэсэг, баяжуулах үйлдвэрийн доргионы түвшин эрүүл ахуйн ЗДХ (50дбА)-ээс хэтрээгүй байлаа. Харин бутлуурын шалан дээрх ерөнхий доргионы дундаж хэмжээ 14дбА-ээр, кранчны өрөөний шалны ерөнхий доргион дундаж хэмжээ ЗДХ (50дбА)-нээс 1дбА-ээр их байлаа. Краны жолоочын гар дээрх хэсэг газрын доргионы дундаж хэмжээ ЗДХ (59дбА)-ээс 8дбА-ээр их байв. Цутгуурын цехийн ерөнхий доргионы дундаж хэмжээ ЗДХ (59дбА)-нээс 5дбА-ээр их байна. Тус үйлдвэрийн химийн бодисын ууршилттай зарим ажлын байруудад хийгдсэн хэмжилтийн дундаж дүнгээс харахад автотээврийн байгууллагын агаарт толуол ЗДХ-с 17,5 мг/м3 -ээр, бензол 3 дахин их байлаа. Мөн цутгуурын цехэд бензол 1,8 дахин их байна.