Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутан багш төлөвших үйл явцад хичээлээс гадуурх ажлын нөлөөллийг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2484
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Оюутан багш төлөвших үйл явц, хичээлээс гадуурх ажлын нөлөөлөл

Аннотаци

Судалгааны ажил нь удиртгал, 2 бүлэг, 4 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, хураангуй гэсэн хэсгүүдээс бүрдсэн болно. 1. Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах мэргэжилтэн-бие хүн төлөвшүүлэх нийгмийн бодит хэрэгцээ шаардлагын үүднээс өнөөдрийн их дээд сургууль түүний дотроос багш бэлтгэдэг сургуулиудаас бэлтгэгдэж гарч байгаа боловсон хүчин эдүүгээ суралцаж буй оюутны төлөвшил, сурах хөдөлмөртөө хандаж байгаа хандлага нь цаг үеийн шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгааг бид бараг өдөр тутам ажиглаж байна. Yүний нэг шалтгаан нь их, дээд сургуулиуд дээр явж байгаа хичээл-сургалтаас гадуурх ажлууд нь мэргэжилтэн- бие хүний төлөвшилд нөлөөлхүйц хэмжээнд явагдаж чадахгүй байгаатай холбоотой болох нь бидний судалгааны явцад тодорхой харагдлаа. Тухайлбал: хичээлээс гадуур явж байгаа урлаг, спорт, чөлөөт цагийн бараг бүх төрлийн ажлыг ихэвчлэн уралдаан тэмцээн, байр эзлэхийн төлөөх тэмцэлдээн өрсөлдөөний хэлбэр, зорилго, чиглэлтэй зохион байгуулдаг учраас эдгээрийн явцад оролцогч оюутан, суралцагчид бие биенийхээ болон эсрэг талынхаа давуу, сайн талыг сонирхож суралцахаасаа илүү алдааг тооцоолох, алдаж осолдоход нь сэтгэл ханамж авах хандлагатай оролцдог учраас энэ нь тэдний ёс суртахуун, хүнлэг үзэл, шудрага ёс, нийтэч чанар, төлөвшихөд төдийлөн зөв зохистой нөлөө үзүүлж чадахгүй байна. Иймээс ялангуяа багш бэлтгэх сургуульд явуулах хичээлээс гадуурх ажлуудыг тэдгээрт оролцогч оюутнуудад багш-бие хүнд байх хүмүүнлэг нийтэч чанар төлөвшихөд түлхэц өгөхүйц арга хэлбэрээр явуулахад онцгойлон анхаарч онол, аргазүйн хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай болж байна
2. Оюутны сурах хөдөлмөрт болон мэргэжилдээ хандах хандлага, идэвх санаачлага нь тэдний суралцах хугацааны туршид олон хүчин зүйлээс түүний дотор хичээлээс гадуурх ажлын агуулга, арга хэлбэрээс хамаарч өөрчлөгдөж байдаг нь бидний судалгаанаас харагдлаа.Тухайлбал: Багш-мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад явуулах хичээлээс гадуурх ажлын тогтолцоог тэрхүү багш-бие хүний шинж төлөвших зүй тогтол, бүр тодруулбал сургалтын төлөвлөгөөний дагуу уялдуулан төлөвлөн боловсруулж төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатайгаас гадна бие биенийхээ үр өгөөж чанарт эсрэг нөлөө үзүүлдэг болох нь манай судалгааны ажлын явцаас харагдсан юм. Сургалтын төлөвлөгөөнд оюутны судлах хичээлүүдийг I курсийн эхний улирлаас төгсөх ангийн сүүлчийн улиралд тасралтгүйгээр төлөвлөдгийн адил хичээлээс гадуур явуулдаг ажлуудыг ч оюутан ахуйд дасан зохицохоос эхлээд мэргэжилтэн-багш- бие хүний ерөнхий суурь шинж төлөвшихөд түлхэц, дэмжлэг үзүүлэхүйц зорилго, агуулга, аргазүйтэй байхаар сонгон төлөвлөх, агуулга, аргазүйг боловсруулах, үр өгөөжийг туршин судалж үнэлэх ажлыг системтэй явуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Бид ч энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэтийн бодлого төлөвлөгөөтэй байна. Энэ нь оюутан-багш-бие хүний төлөвшилд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь бидний явуулсан туршилтаас тодорхой харагдлаа.
3. Багш-мэргэжилтэн-бие хүн төлөвших үйл явц нь их, дээд сургууль төгссөний дараа ч үргэлжлэх цаг хугацааны үйл явц бөгөөд түүний суурь нь оюутан-багшийн төлөвшил юм. Оюутан-багшийн төлөвшил нь оюутан сургуульд элсэн орох үеэс эхлэх бөгөөд энэ нь танхмийн сургалт, танхмаас гадуурх үйл ажиллагаа, багш оюутан болон оюутан хоорондын харьцаа, хамтын ажиллагааны агуулга, аргазүй, ёс зүйтэй холбоотой явдаг болох нь бидний судалгааны явцад ажиглагдсан. Yүнд тулгуурлан бид багш бэлтгэдэг сургуулийн хичээлээс гадуурх ажлын тогтолцооны ерөнхий хувилбар гаргаж үр нөлөөг үнэлсэн бөгөөд ач холбогдолтой болох нь харагдлаа. Тухайлбал: Мэргэжилтэн-бие хүн төлөвших үйл явцад оюутны суралцаж буй сургууль дээр буй сургалт болон хичээлээс гадуурх ажил соёл, урлаг, спортын арга хэмжээний агуулга төдийгүй тэдгээрийг зохион байгуулж, үнэлж дүгнэж байгаа арга хэлбэр, багш удирдагчийн харьцаа, хандлага ихээхэн чухал нөлөөтэй болох нь ажиглагдсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох явцад тухайн чиглэлийн мэргэжилтэн-бие хүнд төлөвшсөн байх чухал чухал чанар, чадварууд оюутанд илэрч хөгжин төлөвших нөхцөл бүрддэг ба тэрхүү боломжийн үр өгөөж хэр байх нь тухайн үйл ажиллагааг ямар зорилготой яаж явуулж байгаагаас шууд шалтгаална. Тухайн оюутны хувьд л гэхэд өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, хамтарч ажиллах бодит боломж, танхимд хичээллэж байх үеийнхээс илүү сайн бүрддэг. Гэтэл үүнийг өнөөдрийн хувьд лав л багш бэлтгэдэг аль ч сургуулиудад хангалттай ашиглаж чадахгүй байгаа нь бидний ажиглалт болон эдүгээ шинээр бэлтгэгдэн гарч байгаа багш нарын үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа тул энэ талаар багш бэлтгэдэг сургуулиуд анхааран тодорхой арга хэмжээ авууштай.
4. Их, дээд сургууль түүний дотор багш бэлтгэдэг сургууль дээр явуулах хичээлээс гадуурх ажлын тогтолцоо нь оюутны суралцах хугацааны туршид тодорхой залгамж холбоотой явах үйл ажиллагаануудаас бүрдэх бөгөөд үйл ажиллагаа тус бүр мэргэжилтэн-бие хүн төлөвших үйл явцад тодорхой хувь нэмэр оруулах зорилго чиглэлтэй байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангаж чадсан нөхцөлд хичээлээс гадуурх ажил нь танхимийн сургалттай дүйцэхүйц хэмжээний үр нөлөөтэй болохыг бидний туршилт судалгаа харууллаа. Тухайлбал: Оюутны сонирхол, оролцоо, өөртөө итгэх итгэл, үнэмшил, бусадтай хамтран ажиллах чадвар болон хичээл сурлагандаа хандах хандлагад чанарын ихээхэн өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдсан. Энэ нь тухайн хүний мэргэжилтэн-бие хүний чанар, чадвар төлөвшилтөд нааштай нөлөө үзүүлэх нь мэдээж хэрэг. Хичээлээс гадуурх ажлын тогтолцоонд орох үйл ажиллагаануудыг оюутнуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөх, урлаг, спортын авьяас сонирхлыг илрүүлж, хөгжүүлэх төдийд бус тэдний мэргэжлийн ажил үйлчилгээнд шаардагдах ерөнхий мэдлэг чадвар, ур ухааныг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн агуулга, зорилго чиглэлтэй төлөвлөж зохион байгуулж үр өгөөжийг уралдаан тэмцээнд байр эзлүүлэхээр бус оролцогсодын авьяас, ур чадварт гарсан ахиц оролцоогоор үнэлдэг байвал одоогийнхоос илүү чанар, үр ашигтай байх төлөв бидэнд ажиглагдав. Ялангуяа хариуцлагатай, санаачлагатай, хамтач, бүтээлч мэргэжилтэн-бие хүн төлөвшихөд ихээхэн чухал нөлөөтэй болох нь харагдлаа.
5.Бидний судалгааны явцад оюутан түүний хувийн онцлог, тухайлбал яс үндэс, хэл соёлын онцлогтой уялдсан бэрхшээл хүндрэл багагүй тохиолддог болох нь ажиглагдлаа. Ялангуяа оюутны хэл соёлын ялгаа нь тэдний суралцах /ярих/ явцад багагүй бэрхшээл учруулдаг нь өнөөдөр ч тодорхой байгаа. Тэрчлэн багш нар ч энэ талаар бага анхаарч ийм бэрхшээл хүндрэлтэй оюутнуудыг төдийлөн ойлгож, ойртож хандахгүйгээс байх л ёстой зүйл гэж үздэг бололтой. Гэтэл үнэндээ ялангуяа оюутны суралцах эхний 2-3 улиралд үр өгөөж муутай өнгөрөх гол нөхцөл үүнээс эхэлдэг гэж үзэх үндэстэй. Ийм учраас оюутнуудын дунд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд энэхүү тэдний хэл, соёлын ялгааныхаа зөрчил, бэрхшээлийг хурдан, богино хугацаанд дасан туулж, нийгэмшихэд чиглэсэн ажлууд оруулах шаардлагатай. Ялангуяа оюутнууд бусдын яриа сонсож ойлгох, бусадтай ярилцаж ойлголцох, өөрийгөө таниулах, бие биенээсээ суралцахад чиглэсэн ажлуудыг эхний хагас жилд анги-бүлэг дотор нь зохион байгуулууштай. Энэ чиглэлээр бие даасан судалгаа байхыг ч үгүйсгэх аргагүй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 328
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :