Хөхний өмөнг оролцуулаад бусад голомтот өвчнүүдийг эрт илрүүлэн оношлоход рентген-маммографийн шинжилгээ илүү үр дүнтэй байдаг. Хөхний өмөн нь баруун Европын болон хойт Америкийн орнуудын 100000 эмэгтэйд стандартчилсан үзүүлэлтээр 87 -100 байна. Дэлхийд жил бүр 1 сая гаруй эмэгтэй хөхний өмөнгөөр оношлогдож, 400000 гаруй эмэгтэй нас бардаг. " Хөхний өмөнгийн эмчилгээ " сэдэвээр хийгдсэн магистрийн зарим ажил байгаа боловч хөхний голомтот өвчнүүдийн рентген оношлогооны аргаар оношлох ба ялган оношлох талаар хийгдсэн судалгааны ажил өнөө хүртэл үгүй байна. 1997 - 1999 онуудад Улсын Хавдар Судлалын Төвд хэвтэн эмчлүүлсэн 991 өвчтөний 315 (31,7%)-нь хөхний өмөнгийн урьдал өвчин байснаас фиброаденома 218 (22%), мастопати 67 (6,6%), гинекомасти 23 (2,01%), хөхний бусад урьдал өвчин 7 (0,6%) байв.18 Манай улсад олонтоо тохиолдож байгаа хөхний өмөн өвчнийг рентген-маммографийн аргаар эрт илрүүлэх, оношлох, ялган оношлох боломжийг судлаж, практикт нэвтрүүлэх нь хойшлуулшгүй тулгамдсан асуудал болоод байгаа юм. Цаашид эрүүл эмэгтэйчүүдийн дундаас хөхний далд өмөнг эрт үед нь илрүүлэн оношлоход чухал арга болгон, дэлхийн нэн хөгжилтэй орнуудад нэвтрээд удаж байгаа скрининг-маммографийн аргыг өөрийнхөө оронд нэвтрүүлэх нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй хөхний өмөнг эрт оношилсоноор түүний эмчилгээний үр дүнг сайжруулан, өвчтөний амьдрах хугацааг уртасгахад чухал ач холбогдолтой болно гэж бид үзэж байна. Хөхний рентген зураг авах аргачлал төвөгтэй бус бөгөөд хөхний өмөн сэжиг бүхий үед аль ч рентген оношлогооны кабинетэд хэргэлэх боломжтой байна. Тиймээс бид хэрэглэх энгийн хялбар төсөр атлаа нийтэд хүртээмжтэй (оношлогооны) өндөр үр дүнтэй рентген-маммографийн шинжилгээг эмнэлзүйн өдөр тутмын үйл ажиллагаанд , нэн ялангуяа хөхний өмөн сэжиг бүхий тохиолдолд өргөн хэрэглэхийг зөвлөж, хөхний өмөн ба голомтот хоргүй эмгэгүүдийг өөр хооронд нь ялган оношлох шалуурыг бий болгов. Бидний судалгааны ажлын үр дүнг ЭМШУИС, Анагаах ухааны дээд сургууль, Коллежийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгаанд ашиглах боломжтой юм.