Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг зааглаж, хүний эрх эрх чөлөөг жинхэнэ утгаар хүлээн зөвшөөрч, төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх болсон нь уг Үндсэн хуулийн гол агуулга юм. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгаа нь эн тэргүүнд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, дур зоргоос иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах эрх зүйн механизмыг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг шүүх эрх мэдлийн хяналтад бүрэн гүйцэд оруулах хүртэл үргэлжлэх үйл явц мөн. Уг үйл явц, түүний практик хэрэгжилт нь юуны өмнө захиргааны материаллаг ба процессын эрх зүйн учир холбогдол, тэдгээрийн болон бусад салбар эрх зүйн харилцан хамаарлын асуудлыг судлах шаардлагыг манай орны хууль зүйн шинжлэх ухааны өмнө дэвшүүлэн тавьж буй бөгөөд энэ нь өнөөгийн нэн тулгамдсан хэрэгцээ болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д заасан дагнасан шүүхийн анхных болж байгуулагдсан Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа нь захиргааны гэх тодотголтой хэрэг маргааны ойлголтыг шинэ шатанд гаргасан төдийгүй уг хэргийг хянан шийдвэрлэх цоо шинэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаа нь захиргааны материаллаг ба процессын эрх зүйг хэрэг дээр нь зааглах боломжийг олгож, үндэсний эрх зүйн тогтолцоонд захиргааны процессын эрх зүй бие даан хөгжих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн ойлголт болон түүний бие даасан салбар эрх зүй болох шинж, шалгуурыг тодорхойлох хийгээд бусад салбар эрх зүйгээс ялгарах болон уялдах талуудыг илрүүлэх улмаар уг эрх зүйд тулгамдаж буй асуудлыг судлах нь процессын эрх зүйн хөгжилд бага боловч тус нэмэр болох болов уу гэдэг үүднээс уг сэдвийг сонгосон болно. . Захиргааны процессын эрх зүйн асуудлыг манайд салбар эрх зүй болох талаас нь судалж бичсэн зохиол бүтээл өнөөг хүртэл төдийлөн хангалттай гарч байгаагүй байна. Харин уг асуудлыг ихэвчлэн захиргааны материаллаг эрх зүйн нэг институц буюу түүний бүрэлдэхүүн хэсэг болох талаас нь судласан зохиол бүтээл нэлээд гарчээ. Тухайлбал, Б.Чимид, Ж.Долгорсүрэн, Д.Дашцэдэн, Ж.Сүхбаатар, Д.Ганзориг зэрэг эрдэмтэн судлаачид захиргааны процессын асуудлыг захиргааны эрх зүйн хүрээнд судлажээ . Сүүлийн үед гарсан захиргааны эрх зүйн зарим бүтээлд тухайлбал, П.Одгэрэл, Ж.Долгорсүрэн, Г.Буянхишиг зэрэг эрдэмтэн судлаачид захиргааны процессын асуудлыг процессын эрх зүй болох талаас нь хөндөн зохиол бүтээлдээ тусгажээ . Мөн манай улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойших хугацаанд захиргааны хэргийн шүүхийн тухай асуудлыг Үндсэн хуулийн эрх зүйн талаас нь болон процессын эрх зүйн үүднээс нь хэсэгчлэн Б.Чимид, Ц.Сарантуяа, Г.Банзрагч, Н.Тунгалаг, Н.Эрдэнэцогт, А.Энхтуяа, Т.Алтангэрэл, С.Гэрэлмаа, Н.Отгончимэг зэрэг эрдэмтэн судлаачид зохиол бүтээлдээ судалж ирэв . Х.Шоллер, Ю.Харбих, Х.Волфф, Ф.Штилль, Г.Райхел, В.Дурнер, Д.Каан, П.Бритцке зэрэг ХБНГУ-ын болон Америкийн эрдэмтэд Монголд шинээр байгуулагдсан ЗХШ-ийн үйл ажиллагааг тайлбарлан таниулах, түүний онол-практикийн асуудлаар ихэвчлэн процессын эрх зүйн чиглэлээр дагнан болон Монголын эрдэмтэдтэй хамтран ганц сэдэвт бүтээл туурвиж, нийтлэл өгүүлэл бичиж хэвлүүлжээ . Захиргааны процессын эрх зүйн онолын чиг хандлагыг судалж, өөрийн орны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн эрх зүйн зохицуулалтын түвшинг шинжилж, харьцуулан дүгнэх, улмаар захиргааны процессын эрх зүй нь бие даасан салбар эрх зүй болох онол-эрх зүйн үндэслэлийг боловсруулж, үндэсний эрх зүйн тогтолцоонд захиргааны процессын эрх зүй хэмээх шинэ салбар эрх зүй үүсч бүрэлдсэнийг хууль зүйн шинжлэх ухааны тогтсон аргаар нээн харуулахыг үндсэн зорилгоо болгов. Уг зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд: 1.Монгол Улсад захиргааны процессын салбар хэрхэн үүссэнийг онол-түүхийн үүднээс нэгтгэн дүгнэх;
2.Захиргааны процессын эрх зүйн онолын чиг хандлагад дүн шинжилгээ хийснээр захиргааны процессын эрх зүйн ойлголтыг тодорхойлж, уг эрх зүйн талаар нэгдмэл ойлголт бүрэлдүүлэх;
3.Салбар эрх зүйд тавигдах үндсэн шалгуурын дагуу захиргааны процессын эрх зүй бие даасан салбар эрх зүй мөн болохыг нотлон тодорхойлох;
4.Захиргааны процессын эрх зүйн эх сурвалжид дүн шинжилгээ хийн, түүний төрөлжүүлэлтийн түвшинг тогтоон цаашид боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх;
5.Захиргааны процессын эрх зүй ба бусад салбар эрх зүйн харилцан хамаарлыг судалж, үндэсний эрх зүйн тогтолцоонд түүний эзлэх байр, чиг үүргийг тогтоох;
6.Захиргааны процессын эрх зүйд нэн тулгамдаж буй асуудлыг илрүүлж, түүнд дүн шинжилгээ хийснээр уг асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг болно. Захиргааны процессын эрх зүйн онол-арга зүйн үндсийг боловсруулах болон онолын чиг хандлагыг судлахад түүвэрлэх, түүхчлэн судлах аргыг харьцуулсан эрх зүйн аргатай хослуулан хэрэглэхийг оролдов. Захиргааны процессын эрх зүйн шалгуурыг боловсруулахад хэм хэмжээний болон системчлэх аргыг голлон хэрэглэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн практикт тулгамдаж буй асуудлыг ажиглах, бичиг баримт судлах, анкетын аргаар эмпирик судалгааг явуулав. Процессын эрх зүйн болон захиргааны процессын эрх зүйн тухай ойлголт, онолын чиг хандлага, зарчим, хэм хэмжээ ба эх сурвалж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсч буй нийгмийн харилцаа, түүний ялгарал, хэрэгжилтийн явц дахь бэрхшээл, түүний учир шалтгаан нь судалгааны гол объект болно. 1.Монгол Улсын захиргааны процессын эрх зүй нь бие даасан салбар эрх зүй мөн болох шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг нь тодорхойлсон;
2.Захиргааны процессын эрх зүйн хэм хэмжээний ангилал, эх сурвалжийн төрөл, эрэмбэ болон төрөлжүүлэлтэнд дүн шинжилгээ хийж, цаашид улам боловсронгуй болгох арга зүйн эхлэлийг тавьсан;
3.Захиргааны хэргийн ойлголтыг нийтийн эрх зүйн маргааны тухай сонгодог ойлголттой харьцуулан дүн шинжилгээ хийж, шинээр тодорхойлон улмаар уг ойлголт өргөжин тэлэх чиг хандлагыг тодруулах оролдлого хийсэн;
4.Захиргааны хэргийн харъяаллыг хуульчлан тогтоох үзэл баримтлалыг судлан уг хэргийн харъяаллыг шинээр хуульчлахад чиглэсэн тодорхой санал дэвшүүлсэн;
5.Захиргааны хэргийн харъяаллын талаарх маргаантай асуудлыг судлан дүн шинжилгээ хийснээр Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан ба захиргааны маргааныг зааглах үндэслэл, шалгуурыг тодорхойлсон;
6.Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтийн байдлыг шинжилсний үндсэн дээр ЗХШ-д нэхэмжлэх эрх нээгдэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хөнгөвчлөх буюу боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал дэвшүүлсэн. 1.Захиргааны процессын эрх зүйг бие даасан салбар эрх зүй болох талаас судласан нь захиргааны материаллаг болон процессын эрх зүй цаашид бие даан, зохицуулах зүйлийнхээ хүрээнд улам бүр гүнзгийрэн хөгжих эхлэлийг тавьсан. Энэхүү хөгжил нь тэдгээрийн харилцан хамаарлын хүчин зүйлээр цаашид бие биеэ тэтгэн хөгжүүлэхэд зориулагдана;
2.Энэхүү ажлын хүрээнд хийсэн судалгаа нь нийтийн эрх зүйн салбаруудын зааг ялгаа болон уялдаа холбоог тодорхой болгоход чиглэгдсэнээрээ онолын төдийгүй практик ач холбогдолтой гэж үзнэ. Үүний үндэслэл нь хувийн эрх зүйн маргаан болон нийтийн эрх зүйн маргааныг зааглах хийгээд нийтийн эрх зүйн маргааныг дотор нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан ба захиргааны маргаан гэсэн ангилалд хувааж байгаа нь процессын эрх зүйн хөгжилд бага ч атугай тус нэмэр болох болов уу гэж найдна;
3.Уг судалгааны дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг улам боловсронгуй болгоход чиглэж байгаа нь захиргааны процессын эрх зүйн хөгжлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэртэй юм;
4.Энэ судалгаа нь захиргааны хууль бус үйлдлээс иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах хууль зүйн баталгааг хангах эрх зүйн механизмын үйлчлэлийг сайжруулах, боловсронгуй болгоход чиглэж байгаагаар түүний практик ач холбогдол илрэнэ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд горилогчийн хийсэн дүгнэлт, санал нь түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ном бүтээлд тусгалаа олжээ. Горилогчийн 2006 онд бичиж хэвлүүлсэн "Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй" сурах бичиг нь өнөөдөр хууль зүйн их дээд сургуулийн оюутан суралцагчид, захиргааны хэргийн өмгөөлөгчдийн гол сурах бичиг, гарын авлага болжээ. Горилогч эл номонд захиргааны процессын эрх зүйн суурь ойлголтыг анх удаа томъёолон гаргасан бөгөөд захиргааны процессын эрх зүйн ерөнхий хийгээд тусгай асуудлыг бүхэлд нь нээн харуулахыг зорьсон бөлгөө. Докторант бусадтай хамтарч судалгааны сэдвийн хүрээнд нэлээд гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохиожээ. Үүнд Хууль зүйн үндэсний төвөөс эрхлэн 2004 онд гаргасан "Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн" хамтын бүтээлд 8 дугаар бүлэг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ойлголт, төрөл, зарчим, үе шат, онцлог, 10 дугаар бүлэг ЗХШ-д нэхэмжлэл гаргах эрх, 12 дугаар бүлэг Захиргааны хэргийн нотлох баримт, түүнийг бүрдүүлэх, нотлох үүрэг гэсэн 3 бүлэгт зохиогчоор оролцжээ. Мөн төвөөс эрхлэн 2004 онд хэвлүүлсэн "Захиргааны хэргийн шүүх" нийтэд зориулсан албан бус сургалтын гарын авлагад хамтран зохиогчоор 3 сэдвийг бичсэн бол Ханнс-зайделийн сангаас эрхлэн 2005 онд гаргасан "Захиргааны хэргийн шүүх, түүний үйл ажиллагаа" лекцийн материалд хамтран зохиогчоор оролцжээ. Докторант судалгааны ажлын сэдвийн хүрээнд олон улсын симпозиумд 1 удаа, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 3 удаа илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Мөн сэдвийн хүрээнд 5 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Горилогч 1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд Захиргааны процесс хичээлийг заах явцдаа захиргааны процессын асуудлыг бие даасан салбар эрх зүйн түвшинд хүргэхийг өөрийн зорилгоо болгон ажиллаж ирсэн билээ. Дэлхийн банкны эрх зүйн шинэчлэлт төсөл, ХЗДХЯ-аас хэрэгжүүлсэн хууль зүйн их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд горилогч 2008 онд "Захиргааны процессын эрх зүй" хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг хийсэн нь өдгөө хууль зүйн их дээд сургуулийн жишиг хөтөлбөр болон сургалтанд хэрэглэгдэж байна. Докторант Монголд шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд анхнаас нь оролцож "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр нийслэл болон 9 аймгийн шүүх, прокурор, өмгөөлөх, цагдаагийн болон захиргааны байгууллагын ажилтнуудад 30 гаруй удаа лекц уншив. Мөн Ханнс-зайделийн сангаас ТВ-5 телевизтэй хамтран явуулсан "Захиргааны хэргийн шүүх" сэдэвт телевизийн ярилцлагад удаа дараа оролцож ЗХШ-ийн үйл ажиллагааг сурталчлав. Судалгааны ажлын бүтэц, хэмжээ: Судалгааны бүтээл нь удиртгал, 3 бүлэг, 11 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэж байна. Courier New 12 хэмжээтэй үсгээр 41-48 мөрөөр бичигдсэн 148 хуудастай болов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0