Бурханы шашны гутгаар дэлгэрлээр үүдэн эхэлсэн Монголын Бурхан шашны сэргэн мандлыг оройлон тэргүүлэгчдийн нэг бол Ламын гэгээн хэмээх нэрээр олонд алдаршсан Эрдэнэ бандид хутагт, Хамба ханчин номун хан Лувсанданзанжалцан (1639-1704) юм.
Ламын гэгээний тогтоосон “Ханчин дэг”-ийн тухай түүх сурвалжид дурдсан зүйл тохиолдох боловч, түүний бүтэц агуулга, тархац, онцлогийг тодотгон тогтоосон судалгаа өнөө хэр байхгүй байгаа билээ. Дутагдаж байгаа эл орон зайг нөхөн гүйцээхэд энэхүү диссертац чиглэлдэж буй болно.
Ламын гэгээн Лувсанданзанжалцаны зохиосон Гандандашгэмпэллин хийдийн их, бага жаяг, Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпрэнлэйтогмидын зохиож мөрдүүлсэн Гандандэданлин хийдийн Жэдор дацангийн диег зэрэг сурвалжийг бид “Ханчин дэг”-ийн агуулга, цар хүрээг илэрхийлж чадах эш хэрэглэгдэхүүн хэмээн онцолж, зүйл, заалт бүрээр нь нягталж үзээд “дэг” гэдэг ойлголтыг “дэг журам”, “сахилга дэг”, “дэг дэглэм” гэсэн ерөнхий утгаас илүү дэг сургууль гэсэн өргөн утгыг агуулж байгаа нэр томьёо юм байна гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүнд “дэг” гэдэг нь:
a). Тухайн хийд дацангийн дотоод дүрэм журам;
б). Хурал уншлагын горим, эрэмбэ дараа, эш дамжлага, хөгжим ая дан;
в). Шашны ёслол, зан үйлийн тогтсон уламжлал, дэг зохиомж;
г). Тухайн хийд, дацангийн сахиус шүтээн, судар тарнийн чиг хандлага;
д). Шавь хошуу, хийд хүрээний бүтэц, зохион байгуулалт;
е) Хийд, дацангийн хэргэм тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт гэж үзээд “Ханчин дэг”-ийн судалгааны агуулгыг энэ хүрээнд авч үзсэн болно.
Судалгааны зорилго
Ламын гэгээний ханчин дэгийн ёслол, зан үйлийн судалгааг цам харайх, майдар эргэх, уул овоо тахих зэрэг өргөн олныг хамарсан шашин, соёлын цогц зан үйл, хурал номын хөгжим, ая дангийнх нь онцлогоор мөшгөн тодруулах, улмаар хурал номын монгол дэгийг үүсгэн хөгжүүлж, шашин соёлын зан үйлийн монгол хэв төрхийг тогтоон төгөлдөржүүлэхэд Ламын гэгээний оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг тодорхойлох
Судалгааны арга зүй
Судлан буй асуудлыг цуваа цагийн үүднээс, түүхэн зүйн зарчмыг баримталж, үндэсний болоод нийтлэгийн харьцаанд авч үзэхийн сацуу задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүхэн харьцуулалтын арга зүйг хэрэглэхийг хичээсэн болно.
Судалгааны шинэлэг тал
- Буддын ёслол, зан үйл, хөгжим, ая дангийн зүйлийг шашны ухуулга сурталчилгааны хэрэгслэл, сүсэгтэн олны сэтгэл оюунд шашны ухамсрыг бэхжүүлэх зан үйл гэх өнцгөөс бус соёлын үзэгдэл, урлахуйн үйл гэдэг талаас нь авч үзсэнээрээ
- Эх бичгийн сурвалж төдийгүй, зуурам мартагдаж болох аман сурвалжийг (тус хүрээний хурал уншлага, ёслол, зан үйлд биеэр оролцож байсан лам хуврагуудаас) цуглуулж багтааснаараа
a) Судалгааны онолын ач холбогдол
- Лувсанданзанжалцан судлалыг шинэ агуулгаар баяжуулж буй
- Монгол соёл иргэншлийн хөрс сууринд төлжин дэлгэрсэн монгол буддизмын онцлогийг орон нутгийн жишээгээр баяжуулж буй
б) Судалгааны практик ач холбогдол
- Судалгааны үр дүн, тайлбар, жишээ, дүгнэлтүүдийг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх сурталчилгаанд ашиглах боломжтой
- Диссертацийн зарим санаа, дүгнэлт, гаргалгааг сүм хийд, шашны байгууллагын ажил хэргийн практикт ашиглаж болох талтай
- Уг судалгаагаар тодруулан авч үзсэн шашин соёлын зан үйл, хөгжим, ая дангийн зүйлээс, шинэ цагийн бүжиг, хөгжим, тайз дэлгэцийн уран бүтээлд тусгах, санаа авах, суралцах, өвлөн боловсруулах зүйл байж болох талтай
в) Судалгааны танин мэдэхүйн ач холбогдол
- Монголын бурхан шашны ёслол, зан үйлийн баялаг өв уламжлалыг өнөө цагийн хүмүүсийн сэтгэлгээний төвшинд нийцүүлэн тайлбарлах, танин мэдүүлэхэд хувь нэмэр үзүүлж буй
г) Нийтлэг ач холбогдол
- Ламын гэгээний сургууль дэг үүсэн бүрэлдэж, өвөрмөц онцлогтойгоор хөгжин дэлгэрсэн асуудлыг монгол утга соёлын гүн хөрстэй нь уялдуулан авч үзэж, шинжлэх ухааны арга зүйн үүднээс судлан боловсруулснаараа онол, арга зүйн болон практик ач холбогдолтой
Дүгнэлт:
1. Ламын гэгээн Лувсанданзанжалцан Баруун өмнөт Халхын олон хошууд тэрчлэн Ордосын нутагт нийт 20 орчим хийд, дацан байгуулж, хурал номын дэглэм, зан үйлийг биечлэн тогтоохдоо төвдийн Дашлхүмбэ хийдийн зан үйл, хурал номын дэг ёсыг даган гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн орны нөхцөл, нүүдэлчдийн ахуйд зохицуулан боловсруулсан нь “Ханчин дэг” хэмээх шашин соёлын монгол дэгийн үүсэл болсон байна.
2. Лувсанданзанжалцаны үндэслэсэн Ханчин дэг нь хурал, уншлагын горим, эрэмбэ дараалал, аялага дуудлага, ая дан, дотоод дүрэм журам, шашны ёслол, зан үйлийн уламжлал, дэг зохиомжийн хувьд өөрийн өвөрмөц онцлогтой, бие даасан дэг сургууль байсан байна.
3. Ламын гэгээний үндэслэн тогтоосон Ханчин дэгийн ёслол, зан үйл, цам, майдар, уул овооны тахилга, хурал номын хөгжим, ая дангийн уламжлалаас үзэхэд Эрдэнэ бандид хутагт Лувсанданзанжалцан нь монгол ламын ухаан, монгол ахуй ухаарлаараа номын шавь нараа сургаж, энэтхэг, төвдөөс эхтэй буддын соёлын өв уламжлалыг монгол хөрснөө идээшүүлж, Монголын бурханы шашин гэж бүрэн нэршигдэж чадах өөрийн өвөрмөц онцлог бүхий Монгол буддизмыг үндэслэн, баталгаажуулахад онцгой хувь нэмэр оруулсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0