Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2468
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Харааны бэрхшээл, харааны үйл ажиллагааны нөхөн сэргээлт, харааны бэрхшээлтэй хүн, хараа алдалт, харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүр

Аннотаци

диссертаци нь 112 хуудастай, оршил, 2 бүлэг, дүгнэлт, зөвлөмж, номзүй, хавсралт зэргээс бүрдэв. Диссертацид 57 график, 24 хавсралт, 8 хүснэгт орсон болно.бие хүний дотоод шинжтэй болон объектив нөхцөл байдалтай холбоотой түгшүүрийн талаар өрнөдийн эрдэмтэд өөр өөрийн байр суурьтай байв. Тухайлбал бие хүний бүрэлдэхүүн хэсэг болох дотоод зүй тогтлынхоо дагуу, мөн түүнчлэн ухамсраар мэдрэх шинжээрээ түгшүүр нь хоёр төрөл байдаг гэж З.Фрейд томъёолжээ. Үүнд: 1.мэдрэлийн гаралтай,
2.ухамсрын гаралтай түгшүүр. Мөн түгшүүрийг өөртөө хандах хандлагатай, тухайлбал В.Райх түгшүүрийн мэдрэмжийг сэтгэл ханамжтай холбон тайлбарлаж байв. Тэрээр бие организмын төвөөс тархах энерги нь бие мах бодиор дамжиж гадаад ертөнц рүү гарч, сул чөлөөтэй харьцаанд орох явцад саад бэрхшээл бий болох буюу энэхүү энерги нь буцаж бие махбодид ирснээр булчин шөрмөсийг чангалж өөрөөрөө байх байдлыг алдагдуулдаг гэж түгшүүрийг тодорхойлжээ. Тэгвэл А.Адлер нь хүн өөрийгөө бусдаас дор хэмээн үзэхийн сацуу нийгэмтэй эн зэрэгцэн алхах шаардлагатайгаар түгшүүр үүсдэг гэж үзэж байв. К.Хорни хүний талаарх өөрийнхөө онолд түгшүүрийг үндсэн хэрэгцээ болох аюулгүй байдал буюу сэтгэл ханамжтай холбон үзэж байв. Тэрээр хүмүүсийн харилцааны явц дахь аюулгүй байдлын хэрэгцээ хэрэв хангагдахгүй бол зайлшгүй тохиох түгшүүр бий болно гэжээ. Харин Г.Салливан хүүхдийн үндсэн шаналал нь түүний орчин тойронд болж буй үйл явдал, хандлага зэргээс түүнд өгч байгаа үнэлэлт дүгнэлтийн тусгал буюу түгшүүрийн мэдрэмж үүсэх анхдагч хүчин зүйл юм гээд хүүхдэд түгшүүр үүсэхэд нийгмийн хүрээлэл буюу эцэг эх, ойр дотны хүмүүс нь ихээхэн нөлөөтэй гэсэн байна. Үүнтэй холбоотой аливаа хүн түгшүүрт байдалд орохгүйн тулд тухайн нийгмийн соёлын хэм хэмжээг баримтлах ёстой гэжээ. Э.Эриксон нь өөрийнхөө насны үечлэлийн онолд хүн бүр эерэг болон сөрөг шинж чанаруудыг агуулдаг бол эсрэг шийдлийн үед тэрээр үл итгэх, өөрийгөө хэт дутуу үнэлэх, ганцаардах, мөн итгэл найдваргүй байдалд автах зэрэг шинжүүдийн тусламжтай хариу үйлдэл хийх нь илүү түлхүү ажиглагддаг. Энэ нь түгшүүрийн мэдрэмж үүсэхэд нөлөөлдөг гэв. Ф.Перлзийн хувьд түгшүүрт байдал нь одоо болон эрт цагийг ялгаж буй тасархай юм. Энэ нь одоо цагийг ухамсарлахад төдийгүй, ирээдүй цагийг төлөвлөх, таамаглах, урьдчилан төсөөлөх, олж харах явцад хүндрэл учруулдаг бие хүний өөрийн дотоод зөрчил юм гэж тодорхойлсон байна. Ж.Келли бие хүний ертөнцийн талаарх төсөөлөл нь бодит байдалтай зөрчилдөх тохиолдолд түүнд заналхийлэх түгшүүрийн мэдрэмж үүсдэг. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн мэдлэгийн тогтолцоо нь юмс үзэгдэл болон бусад хүмүүстэй холбоотой асуудалд хүрэлцэхгүй байх үеийн үйл явдлыг ухамсарлаж байгааг хэлнэ гэжээ. Тэгвэл түгшүүрийн талаар К.Роджерс юмс үзэгдлийн тухай хүний төсөөлөл бодит байдалтай зөрчилдөх тохиолдолд түгшүүрийн мэдрэмж үүсдэг. Бие хүн өөрийнхөө тусын тулд тодорхой төсөөлөлд хүрэхийг хичээдэг бол энэ нь хүний өсөлт хөгжлийн үндэс болно гэсэн байна. Ч.Спилбергер түгшүүрийг хувь хүний төлөв байдал, шинж чанартай нь холбоотой дараах хоёр шаталбараар ангилсан байна, үүнд: 1. аюул заналхийллийг ухамсартайгаар хүлээн авах,
2. аюулгүй байдлыг аюул заналхийлэл мэт хүлээн авах зэрэг . Дээр бичсэн өрнөдийн эрдэмтдийн онолын үзэл баримтлалаас гадна монголд түгшүүрийн талаар, тэр дундаа бие хүний дотоод болон нөхцөл байдалтай холбоотой түгшүүрийн талаар анагаахын, мөн сэтгэл судлалын салбарт /түгшүүртэй холбоотой ерөнхий асуудлаарх ЭМШУИС-ийн проф. Н.Орёлын удирдлагаар хийж гүйцэтгэсэн МУИС-ийн сэтгэл судлалын салбарын төгсөгч Ю.Энх-Амгалангийн бакалаврын дипломын ажлыг эс тооцвол/ дорвитой өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил одоогоор үгүй байна. Иймд түгшүүрийн талаар нилээд өргөн хүрээтэй судлах, үүнд хөгжлийн, тухайлбал харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийн байдлыг судлах асуудал зүй ёсоор тавигдаж, энэ хоосон орон зайг нөхөх зорилгоор бид энэхүү сэдвийн хүрээнд зохих судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэ судалгааны ажлын зорилго нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийн түвшинг илрүүлэх юм. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавив. Үүнд: 1.Харааны бэрхшээлийн онцлог болон түүнтэй холбоотой бий болох түгшүүрийн талаарх зохиол бүтээлд онолын дүн шинжилгээ хийх;
2.Түгшүүрийн төвшинг оношлох арга хэрэгслийг сонгох, туршилт судалгааг зохион байгуулах;
3.Судалгааны явцад ажиглалт болон өөрийн туршлагад үндэслэн түгшүүрийн түвшнийг судлан тогтоох;
4.Үр дүнг онолын түвшинд нэгтгэх;
5.Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийн түвшинд нөлөөлөх нийгэм-сэтгэлзүйн зарим хүчин зүйлсийн шалтгааныг тодорхойлох. Судлах зүйл: Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийн түвшинд нөлөөлөх зарим хүчин зүйлс Судалгааны объект: Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүр Судалгааны аргазүйн үндэс: 1.Өрнөдийн зарим эрдэмтдийн түгшүүрийн талаарх онолын үзэл баримтлал /З.Фрейд, К.Хорни, Э.Эриксон, Ч.Спилбергер зэрэг/;
2.К.Г.Юнгийн онол дахь сэтгэл заслын ерөнхий болон явцуу хүрээний асуудал;
3.Харааны бэрхшээлийн нийгэм-сэтгэлзүйн онцлог, түүнтэй холбоотой сэтгэл заслын болон реабилитацийн асуудал. 1.Харааны бэрхшээлтэй хүмүүсийн нийгэм-сэтгэл зүйн онцлог асуудлын талаарх зарим эрдэмтдийн бүтээлд дүн шинжилгээ хийх буюу контент анализ.
2.Харааны бэрхшээлтэй хүний түгшүүрийг ажиглалт бүхий, эмпирик туршилтын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүн.
3.Аймаг орон нутгийн болон хот суурин газрын харааны бэрхшээлтэй, мөн түүнчлэн эрүүл иргэдээс түгшүүрийг судалдаг 3 төрлийн аргачлалаар /Ч.Д.Спилбергер-Ю.Л.Ханины эсрэг үйлчлэлийн түгшүүрийн тест, В.Г.Норакидзегийн болон Дж.Тейлорын бие хүний хувийн дотоод түгшүүрийн тест/ нас, хүйсийн хувьд ялгаж судалгаа авсан болно.
4.Социологийн судалгааны SPSS-
11.5 программыг ашиглан судалгааны боловсруулалт хийв.
5.Судалгааны ажлын үр дүнг гаргах, дүгнэлт хийхэд дээрх судалгааны аргуудад тулгуурласан статистик баримт ашигласан болно. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийн байдал эрүүл хүмүүсээс илүү дээгүүр байхын зэрэгцээ хүн ам төвлөрсөн хот газар амьдардаг болон хөдөө орон нутгийн харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд ялгаатай. Монголд хараагүй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн түгшүүрийн шалтгаан, нөхцөлийг нийгэм-сэтгэл зүйн зарим хүчин зүйлстэй холбоотой цогц байдлаар судлан тодорхойлж психотерапийн аргуудыг зөвлөмж хэлбэртэй санал болгосон судалгаа шинжилгээний бүтээл үгүй байна. Иймд анх удаа энэ сэдвийг хөндөж буйд бидний ажлын шинэлэг тал оршиж байгаа юм. Энэхүү диссертацийн ажилд харааны бэрхшээлтэй хүмүүсийн нийгэм-сэтгэл зүйн онцлогийг цогц байдлаар судлан, тэдний түгшүүрийн төвшинг тодорхойлон, сэтгэл заслын ямар арга техникийг ашиглан реабилитаци хийх талаар санал, зөвлөмж боловсруулснаар харааны бэрхшээлтэй хүмүүст амьдрах арга ухаанд хэрхэн суралцах, биеэ хэрхэн авч явах, айдас түгшүүрийг хэрхэн гэтлэн давах, өөрийнхөө нөөц бололцоог хэрхэн дайчлан сурч боловсрох, мэдлэг олох зэрэгт, нөгөөтэйгүүр сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, харааны бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг нийгэмлэгийн ажилтан, ойр дотно хамт амьдардаг иргэдэд бага боловч тус нэмэр болох практик ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 465
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :