Нэг сэдэвт бүтээл нь монгол хэлээр бичигдсэн, 121 хуудсанд багтсан удиртгал, 4 бүлэг (хэвлэлийн тойм, судалгааны арга зүй, үр дүн, хэлцэмж), 3 дүгнэлт, практик зөвлөмж, 26 хүснэгт, 10 зураг, 117 ном зүйн жагсаалтаас бүрдэнэ. Техник технологийн хурдацтай хөгжил, даяаршлын үйл явц дэлхийн улс орнуудыг хүчтэй хамарч байгаа нь нийгмийн харилцааны бүхий л хүрээнд, ялангуяа хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн шинж чанарт ихээхэн өөрчлөлт оруулж байна гэж үздэг.1 Биеийн хүчний хөдөлмөрөөс илүүтэй оюуны болон сэтгэл санааны ачаалал ихээр шаардсан ажил, хөдөлмөр нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг ихээхэн судалж байна. Сүүлийн хэдэн 10 жилд хөгжингүй орнуудад хөдөлмөрийн эрүүл мэндийн судалгаа нь мэргэжлээс шалтгаалах өвчний хүрээнээс хальж, ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөг судалсан судалгаа түлхүү хийгдэх болжээ. Тухайлбал, ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн тааламжгүй орчин удаан хугацаанд үргэлжилбэл сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгож, стрессийн гаралтай биеийн болон сэтгэцийн эмгэгт хүргэдэг болохыг Европын хөгжжингүй орнуудад болон төв болон зүүн Европын шилжилтийн үедээ хөгжиж яваа орнуудад хийсэн олон судалгааны үр дүн харуулдаг.2-10 Монгол улсад 1990 оноос нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлт явагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явц эхэлсэн билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжиж буй цаг үед хуучин социалист гэгддэг улс орнуудын адил Монгол улсын нийгэм, эдийн засгийн харилцаанд огцом өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. Нийгмийн халамжийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, ард түмний амьжиргааны түвшин буурч, ядуурал, ажилгүйдэл гэх мэт сөрөг үзэгдэлүүдээс гадна техник технологийн хөгжил, хотжилт, хүн амын нягтрал ихэссэний улмаас нийгмийн бичил түвшинд хүний амьдралын дүр төрх өөрчлөгдөж, хүний мэдрэл сэтгэцэд нөлөөлөх хүчин зүйл нэмэгдэхийн хэрээр нийгмийн бухимдал нилээд нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд 1960-аад оноос эхлэн ажлын нөхцөл болон тухайн хөдөлмөрийн шинж чанарын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн хүрээнд судалсан байдаг.11,12 Манай орны хувьд ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлийн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тусгайлан судалсан судалгаа дутагдалтай байгаа нь бидний энэхүү судалгааг сонгож хийх үндэслэл болсон юм. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь стресст хүргэх нийгэм-сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг тодорхойлж, тэдний эрүүл мэндийн байдал болон ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлс хоорондын хамаарлыг тогтооход судалгааны зорилго оршино. Судалгааны ажлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахи зорилтуудыг дэвшүүллээ. 1.Төрийн захиргааны албан хаагчдын эрүүл мэндэд эрсдэл бүхий зарим үзүүлэлтүүдийг (эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, сэтгэл гутралын шинж, зан үйл, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл) тогтоох,
2.Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн зарим хүчин зүйлсийг илрүүлэх,
3.Ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлс болон эрүүл мэндийн эрсдэл бүхий хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг тодорхойлох, Ажлын байран дахь стресс үүсгэгч нийгэм сэтгэл-зүйн сөрөг хүчин зүйл болох ажлын дарамт, хөдөлмөр-урамшууллын тэнцвэргүй байдал, хяналт багатай болон урамшуулал багатай байдал зэрэг нь сэтгэл гутрал, эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй шууд хамааралтай. Ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлийг илрүүлэхийн тулд Хөдөлмөр-Урамшууллын болон Шаардлага-Хяналтын загварыг Монголын нийгэмд ажил эрхэлж буй хүн амын тодорхой нэг бүлэгт анх удаа хэрэглэсэнд судалгааны шинэлэг тал оршино. СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ Төрийн захиргааны албан хаагчдын дунд ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг Хөдөлмөр-Урамшууллын болон Шаардлага-Хяналтын гэсэн онолын хоёр загвараар тодорхойлж, тэдгээрийг эрүүл мэндэд эрсдэл бүхий үзүүлэлт болох эрүүл мэнддээ өгөх сөрөг үнэлгээ, сэтгэл гутралын шинж тэмдэгтэй шууд хамааралтай байгааг илрүүллээ. Эрүүл мэндэд нөлөөлөх ажлын байран дахь стресс үүсгэгч нийгэм -сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг үнэлснээр цаашид түүнийг бууруулах, хянах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ач холбогдолтой юм. 1. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлсийн тархалтыг тогтоосон дүн.
2. Ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийг илрүүлэх Хөдөлмөр-урамшууллын загварын монгол хэл дээрх асуумжийн найдвартай байдлыг тодорхойлсон дүн
3. Нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс ба эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс хоорондын холбоог судлан тогтоосон байдал. Энэхүү судалгааны арга зүйг ЭМШУИС-ийн Био-анагаахын Ёс зүйн зөвлөлийн 2005 оны 4-р сарын 21-ний хурлаар (тэмдэглэл 17/2) хэлэлцүүлж, судалгаа хийх биоанагаахын ёс зүйн зөвшөөрлийг авсан. Судалгаанд хамрагдсан хүмүүст судалгааны зорилго, ач холбогдлыг танилцуулсны дараа судалгаанд оролцох таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, судалгааг хийсэн. Судалгаа дууссаны дараа ЭМШУИС-ийн Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар (тэмдэглэл ?67/7) хэлэлцүүлж, судалгааны ажлын биоанагаахын ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт өглөө.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0