Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын Батлан хамгаалах эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх асуудалд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2476
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Цэргийн эдийн засаг /ЦЭЗ /, зэвсэгт хүчин /ЗХ /

Аннотаци

Орчин цагт улс орныг батлан хамгаалах (БХ)-д эдийн засгийн хүчин зүйлийн үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Батлан хамгаалах эдийн засгийн чадавх (БХЭЗЧ)-ыг бүрдүүлэн бэхжүүлэх боломжийг тэлэх ямар арга зам байж болох вэ? Улс орны аюулгүй байдал, БХ эрэлт хэрэгцээг хязгаарлагдмал төсөв хөрөнгөөр хэрхэн яаж зохистой хэрэгжүүлэх вэ? зэрэг тулгамдсан асуудал байна. Тиймээс Монгол Улсын БХ тогтолцоо түүнд улс орны эдийн засгийн хөгжлийн үзүүлж буй бодит нөлөө, хамаарал тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлага, нийгмийн захиалга бий болжээ. Иймд уг асуудлын шинжлэх ухааны үндсийг тодорхойлж онол, арга зүйн шинжилгээ хийх зорилт тавигдаж байна. Орчин цагийн хувьсал өөрчлөлт, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн цэргийн эдийн засаг(ЦЭЗ)-ийн онол, арга зүй болон БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэх асуудлыг шинжлэн судлах шаардлага нь хөгжпийн зүй тогтлоор нөхцөлдөн тодорхойлогдож байна. БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэх арга замыг оновчтой тодорхойлж өөрийн улсын эдийн засгийг хөтөлж ирсэн уламжлал орчин үеийн улс орнуудын туршлага, сургамж өнөөгийн аж ахуй нөхцөл байдал, ойрын болон хэтийн хөгжлийн төлөв хандлага, эдийн засгийн шинжлэх ухааны онол, арга зүй орчин цагийн дайны шинж төлөвийг харгалзан үзэх шаардлага ч зүй ёсоор тавигдаж байна. БХЭЗЧ-ыг бэхжүүлэх асуудал нь цэрэг, дайнаас хамааралтай түүний шаардлага, хэрэгцээнд захирагддаг нийтлэг зүй тогтолтой билээ. Улс орны БХ чадавхын тулгуур асуудлын бүрэлдэхүүн хэсэг болох эдийн засгийг тайван цагийн олон талт үүрэг цэрэг, дайны шаардлага, хэрэгцээг хангах, дайнд ялагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаас нь судлан тайлбарлах, онол, арга зүйн боловсруулалт хийж, үндэслэл, тайлбарыг гарган тодорхойлох, хөгжлийн түгээмэл хамаарал үйлчилж буй хууль, зүй тогтолыг шинэлэг хандлагаар тайлбарлах, танин мэдэх нь онолын төдийгүй практикийн ач холбогдолтой юм. ЦЭЗ-ийн шинжлэх ухаан нь зэвсэгт хүчний(ЗХ) үндсэн болон тайван цагийн олон талт үүрэг болон дайн, байлдааныг эдийн засгийн талаар хангах арга зам, асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг танин мэдэхийг зорьдог байна. Дайн, эдийн засгийн харилцан холбоо нь маш нарийн асуудал болохын хамтаар бас харилцан хамаарч нөхцөлддэг. Дайн, эдийн засгийн харилцан хамаарал нь бодит хууль, зүй тогтолын дагуу явагддаг үйл явц юм. Олон улсын байдал ерөнхийдөө харьцангуй тогтвортой байгаа боловч гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Үүний улмаас хэтийн төлөв байдал нь тодорхойгүй улс хоорондын харилцааны цаашдын шинэ дэг журам ямар байх нь зарим талаар бүрхэг байна [1. 11]. БХ асуудал нь түүхийн бүхий л үед аливаа улс орны тэргүүн зэргийн зорилго байсаар ирсэн агуулгаар авч үзвэл эдийн засгийн хүчин зүйлийн үүрэг, оролцоо, хөгжил, хувьслыг судлах зайлшгүй хэрэгцээ үүсэж байна. БХ бодлого нь үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэг, улс орноо гаднын зэвсэгт халдлагаас хамгаалах түүний бэлтгэлийг хангах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлдог төрийн бодлого байна. БХ бодлогын эцсийн үр дүн нь улс орны БХ чадавхаар тодорхойлогддог ажээ. БХ стратеги нь үндэсний язгуур эрх ашгийг хангах зорилго үүдэлтэйгээр үндэсний аюулгүй байдлын стратегиар тодорхойлогдсон тухайн улсын БХ бодлогын цөм санааг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ байна. БХ бодлого нь гол төлөв улс төрийн агуулгыг харин БХ стратеги нь цэргийн агуулгыг илэрхийлдэг БХ асуудлын хоёр тал юм [
2. 27-28]. Батлан хамгаалах тухай ойлголт нь олон талтай цогц ухагдахуун мөн. Өнөө үед аливаа нэгэн улс орон өөрийн аюулгүй байдлыг дангаараа буюу бие даан хангах БХ бодлого, зорилтоо хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байна.Улс орны БХ асуудал тухайн улс орны эдийн засгийн чадавхтай шууд хамааралтай болох нь улам бүр тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн чадавхаас тухайн улсын аюулгүй байдал, БХ асуудал бүхэлдээ хамаарч түүнд тулгуурлах нь тодорхой байна. Монгол Улсын БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэх арга замын асуудлыг судлах зайлшгүй шаардлага, хэрэгцээг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд: -Монгол Улсын эдийн засгийн хэвшил нь сууриараа өөрчлөгдөж нийгмийн өмчид үндэслэсэн эдийн засаг задарч хувийн өмчид тулгуурлах болсон байна. Өнөө үед монголын эдийн засаг шилжилтийн эдийн засаг гэсэн өвөрмөц шинж чанартай байна. Энэ нь төлөвлөгөөт эдийн засгийн аргаар бүрдүүлсэн эдийн засгийг дайн, зэвсэгт мөргөлдөөнд дайчлан ашигладаг байсан онол, арга зүйг сууриар нь өөрчилсөн юм. -шинээр бүрдэж буй болсон олон хэвшилт эдийн засгийг хэрхэн зохион байгуулж дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс түүнд тавих өндөр шаардлагыг яаж хангах тухай шинэ онол, арга зүйн удирдамж үгүйлэгдэх болсон байна. -бүх нийтийг хамарсан цөмийн дайны аюул заналын төвшин багасаж буй ч далд үндсэн аюул хэвээр байна. Өнөө үед цэргийн аюул шууд утгаараа бус дам хэлбэрээр хувьсан өөрчлөгдөх, өрнөн хувьсах, өргөжин тэлэх арга замаар илрэх боллоо. Тухайлбал: терроризм, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, дотоодын зэвсэгт мөргөлдөөн, цэргийн болзошгүй аюул гэж үзэж болох "хүчирхийлэл" хийж болзошгүй эдийн засгийн, мэдээллийн, даяаршлын сөрөг нөлөөний физикийн шинэ зарчимд үндэслэсэн технологи ашиглалтын аюул зэрэг төлөв байдал ажиглагдаж байна [
3. 8]. Эдгээр аюул нь улс орны эдийн засгийн байнгын төлөв байдалд "бэлэн байх" өндөр шаардлага тавьдаг боллоо. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засгийг "дайчилгаа"-нд байнга бэлэн байлгах шаардлага өсөн нэмэгдэж байна. -улс орны эдийн засаг өөрөө дэлхийн болон бүс нутгийн, хөрш орнуудын эдийн засаг (олон улсын)- аас ихээхэн хамааралтай болж байна. Иймд эдийн засгийг дайн, зэвсэгт мөргөлдөөний шинэ шаардлагад нийцүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. -аль ч улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт урьд өмнө байгаагүйгээр ихсэж үндэстэн дамнасан корпорацуудын нөлөө мэдэгдэхүйц өргөжин тэлж байна. Энэ нь БХЭЗЧ-д нөлөөлөх нь тодорхой юм. -эдийн засгийн удирдлага, менежментэд төрийн оролцоог багасгахад чиглэсэн онол, арга зүй зарим талаар үйлчилж байна. Дээр дурдсан нөхцөл байдал нь эдийн засгийн нөөц, баялаг, боломжийг БХ эрх ашигт хэрхэн, яаж оновчтой ашиглавал зохих илүү үр дүнд хүрэхийг ЦЭЗ-ийн ухаанаар судалж мэдэхээс өөр аргагүйг харуулж байгаа юм. Иймд БХ тогтолцоон дахь эдийн засгийн хүчин зүйлийн үүрэг, оролцооны талаарх судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээ шаардлага нь тулгамдсан асуудал болж байна. Судлагдсан байдал: Одоогоор Монгол Улсад БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэх сэдвээр дагнасан судалгаа нэг сэдэвт зохиол бүтээл байхгүй байна. Харин Монгол Улсын эдийн засгийн суурь судалгаанд хавсрага байдлаар уг асуудлын тодорхой хэсгийг авч үзсэн дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын зарим нэг бүтээл байна. Тухайлбал: Эдийн засгийн онол талаас нь Б.Батмөнх "Монгол Улсын ДНБ-ний дүн шинжилгээ, үнэлэх арга зүй" (2000), Б.Нацагдорж "Монгол Улсын шилжилтийн эдийн засгийн нөхцөл дахь гадаад эдийн засгийн бодлого" (2001), Ч.Энхбаяр "Монгол Улсын татварын шинэчлэлийн онцлог, хандлага" (2002), Б.Эрдэнэбат "Монголын зах зээлийн эдийн засгийн туршлага" (1997), Р.Ринчинбазар "Монголын бүс нутгийн хөгжлийн эдийн засаг-математикийн загварчлалын асуудал: онол, арга зүйн аспект" (2006), П.Гантөмөр "Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийн шинжилгээ" (2001), Ш.Мөнхцэрэн "Эдийн засгийн бодлогын онол-арга зүйн зарим асуудалд" (1999), Ч.Наранчимэг "Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийн шинжилгээ" (2006), Б.Энхбайгаль "Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн загвар боловсруулах нь" (2003) сэдвээр эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан зарим диссертацууд; П.Жасрай "Эдийн засгийн онол", Г.Цэрэндагва "Эдийн засгийн ухаан" зэрэг ном бүтээлүүд; Эдийн засгийн аюулгүй байдал талаас нь Д.Тунгалаг "Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зарим асуудалд" эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан диссертац, "Эдийн засгийн аюулгүйн байдлын зарим асуудал", Ц.Тогоо "Монгол Улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт, зэвсэгт хүчний шинэчлэлт", Г.Цагаан "Хүний эдийн засгийн аюулгүй байдал", М.Цогтоо "Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудалд" зэрэг ном, илтгэл, өгүүлэлүүд; Цэргийн эдийн засаг, аюулгүй байдал, ар тал, хангалтын талаас нь Ш.Паламдоржийн шинжлэх ухааны докторын диссертацийн "Эдийн засгийн тэмцэл" бүлэг, мөн түүнчлэн цэргийн шинжлэх ухааны 51-р боть номондоо "Цэргийн эдийн засгийн онол, практик" бүлэг, Ш.Сандагсүрэн "Цэргийн эдийн засгийн зарим асуудал" мөн Т.Хасгиа "Цэргийн эдийн засгийн үндэс", Т.Намсрай, Г.Мягмаржав " ЦЭЗ-ийн шинжилгээний зарим арга" зэрэг ном, гарын авлага, З.Болдбаатар "Цэргийн аюулгүй байдлыг хангах арга замыг боловсронгуй болгох нь", Я.Дамдинжав "Дайны эхэн үед говь цөлийн нөхцөлд мбд-ийн давшилтын ар талын хангалт", М.Жаргал "Уламжлалт хүнс түүний технологийг ашиглан цэргийн албан хаагчийн хуурай хүнс бэлтгэх" зэрэг сэдвээр цэргийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан зарим диссертац, бүтээлийг тэмдэглэж болно. Ж.Энхбаяр Олон улсын эрдэм шинжилгээний хуралд "Эдийн засгийн аюулгүй байдал ба БХ салбарын зарим тулгамдсан асуудал", "Орон нутгийн хамгаалалт" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд "Орон нутгийн хамгаалалт эдийн засгийн зарим асуудал", Монголын их, дээд сургуулиудийн дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд "Улс орны аюулгүй байдал, БХ эрх ашгийн үндэс, эх сурвалж - эдийн засаг болох нь" илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүлсэн байна. Оросын Холбооны Улс (ОХУ)-ын цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын энэ чиглэлийн бүтээлүүд олонтаа нийтлэгдсэн байдаг. Тухайлбал: А.И.Пожарова нарын "Военная экономика" 1999, Г.С.Олейника нарын "Военно-экономический анализ" 2000, "Военная экономика: актуальные проблемы общей теорий" 1989, Г.Г.Нессонов "Экономика ВС. СССР сущность, структура, эффективность" 1990, "Военная экономика" учебник для вузов МО РФ 2003, Г.А.Кривощеин "Военный бюджет государства: проблемы формирования и исполнения. 1998, "Экономическое обеспечение строительства Вооружённых сил" 2004, Л.И.Абалкин "Экономическая безопасность Россий: угрози и их отражение" 1994, В.С.Загашвили. "Экономическая безопасность Россий" 1997 зэрэг онолын зарим бүтээлийг нэрлэж болно. Дээр дурдсан байдлаас харахад Монгол Улсын БХЭЗЧ түүнийг бэхжүүлэх асуудлаар дагнасан нэг сэдэвт бүтээл, диссертац туурвигдаагүй эрдэм шинжилгээ, судалгааны ажил явагдаагүй нь тодорхой байна. Судалгааны зорилго: БХ асуудлын дэлхий нийтийн чиг хандлага, улс орны БХ эрх ашиг ба эдийн засгийн харилцан хамаарлыг судлан БХЭЗЧ-ын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх онол, арга зүйн үндсийг тодорхойлох. Судалгааны зорилтууд: 1.БХ эрх ашиг ба эдийн засгийн харилцан хамаарал, зүй тогтолын онол, арга зүйн хандлагыг тогтоох;
2.Өөрийн орны болон гадаадын зарим улс орны БХЭЗЧ-ын өнөөгийн байдлыг харьцуулан үзэж тэдгээрийн агуулга, үндсэн хүчин зүйл, онцлог байдалд шинжилгээ хийх;
3.Монгол Улсын БХЭЗЧ-ыг бэхжүүлэх арга замыг тодорхойлох Судалгааны объект: Монгол Улсын батлан хамгаалах эдийн засгийн чадавх Судлах зүйл: Монгол Улсын батлан хамгаалах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэн бэхжүүлэх үйл ажиллагаа Судалгааны ажлын хүрээ, хязгаарлалт: Орчин цагийн ЗЗЭЗ-ийн онол, арга зүйн чиг хандлагатай холбон тайван цагт Монгол Улсын эдийн засгийн батлан хамгаалах чадавхыг бүрдүүлэн бэхжүүлэх агуулгын хүрээнд уг асуудлыг БХЭЗЧ гэж томьёолон авч үзэв. Судалгааны арга: Ажиглах, харьцуулах, мэдээлэл цуглуулж задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, индукц, дедукц, синтез, логик, загварчлал, системчлэх зэрэг шинжлэх ухааны нийтлэг аргаас гадна цэргийн шинжлэх ухааны тусгай арга зүйг ашигласан болно. Судалгааны ажлын шинэлэгтал: -БХ эрх ашиг, эдийн засгийн харилцан хамааралын бодит зүй тогтол түүний мөн чанар, агуулга, чиг хандлагыг орчин цагийн цэргийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласанд; -Орчин цагийн хувьсал, өөрчлөлт ЗЗЭЗ-т нийцүүлэн БХЭЗ-ийн онол, арга зүй практикт шинжилгээ хийсэнд; -БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх зарим арга замыг тодотгосонд; -БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн аргачилал, зөвлөмжийн үндсийг боловсруулсанд оршино. Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол нь: -БХ эрх ашиг, эдийн засгийн харилцан хамаарлын бодит зүй тогтол, БХЭЗ-ийн агуулга, мөн чанар, онцлог, хэрэгцээ, шаардлагын талаар онол, арга зүйн хувьд дүн шинжилгээ хийж түүнийг хэрэгжүүлэх үндэслэл, зарчим, боловсронгуй болгох зарим арга замыг тодорхойлсонд; - Судалгааны ажлын үр дүнгээр дэвшүүлсэн санал, зөвлөмжийг улс орны аюулгүй байдал, БХ ерөнхий чадавхыг бэхжүүлэх, цэргийн сургалт, судалгааны ажилд ашиглах боломжтой. Докторын зэрэг хамгаалахаар дараах асуудлыг дэвшүүлж байна. БХ эрх ашиг ба эдийн засгийн харилцан хамаарал, зүй тогтолын онол, арга зүйн шинэчлэл, өөрчлөлт хандлагын тодотгол; Өөрийн орны болон гадаадын зарим улс орнуудын БХЭЗ-ийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний үр дүн, дүгнэлт; Монгол Улсын БХЭЗЧ-ыг бүрдүүлэн бэхжүүлэх үндсэн арга зам түүний шинжлэх ухааны үндэслэл. Энэхүү диссертац нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 10 зүйл, ерөнхий дүгнэлт, эшлэл авсан сурвалж, судалгааны бүтээл, ном зохиолын жагсаалт, диссертацийн товч танилцуулга ,(Англи хэл дээр) хавсралтаас бүрдэж байна. .



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 238
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :