Судалгааны ажлын зорилго, зорилт
Монгол нутгийн унаган ургамал Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн хорон чанар шархлаа, үрэвсэл болон эсийн мембраны тэсвэрт чанарт үзүүлэх нөлөө, тэдгээрийн үйлдлийн мөн чанарыг судлах нь энэхүү судалгааны ажлын зорнлго болно. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Үүнд:
1.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн хурц болон архаг хорон чанарыг тодорхойлох
2.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн үрэвсэл, түлэнхийн гаралтанд үзүүлэх нөлөөг судлах
3.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн эм судлалын үйлдлийн мөн чанарыг ходоодны салст бүрхэвчийн гэмтэл үүсгэсэн туршнлтын амьтан дээр судлах
4.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн ходоодны шархлаанаас хамгаалах үйлдлийн механизмыг гистоморфологийн үзүүлэлтээр тогтоох
5.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн эсийн мембраны тэсвэрт чанарт үзүүлэх нөлөөг судлах
6.Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн шээс ялгаралтанд үзүүлэх нөлөөг судлах
Туршилтын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн ялгааны магадлагааг статистик боловсруулалтын SPSS 10 программын тусламжтайгаар тооцоолно.
Шинжлэх ухааны шинэлэг тал
Монголын унаган ургамал Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэлийн фармакологийн судалгааг анх удаа хийлээ. Полисахаридын бэлдмэлийн үрэвсэл намдаах, шархлааны үед салстыг нөхөн төлжүүлэх, мембран хамгаалах үйлдлийн мөн чанарыг нь олж тогтоолоо. Бэлдмэлийн үрэвсэл намдаах, шархлааны үед салстыг нөхөн төлжүүлэх, мембран хамгаалах үйлдлийг судалснаар тухайн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ эм бий болгох үндэслэлийг гаргалаа.
Судалгааны практик ач холбогдол
Судалгааны дүнд Бөндгөр шарилжны үрийн полисахарид нь шархлааны үед салстын нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийг бууруулах, мембран хамгаалах, үйлдэлтэй бэлдмэл болох нь тогтоогдлоо.
Хамгаалж буй үндсэн баримтлал
Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэл нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдлоо. Бөндгөр шарилжны үрийн полисахаридын бэлдмэл нь ходоодны шархлааны үед салстын нөхөн төлжилтийг түргэсгэж, ходоод хамгаалах тогтолцоог сайжруулах үйлдэлтэй байна. Мөн бэлдмэл нь мембран бэхжүүлэх үйлдэлтэй байна.