Монгол түүхийн судалгаа тэр дундаа XIII зуунтай холбогдох улс төрийн түүхэн цаг үеийн сэдэв нь өнөө үед судлаачдын анхаарлыг татаж, энэ чиглэлээр багагүй зүйл хийгдсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь монголын түүхэн он цагийг улируулан судалсан шинжтэй өөрөөр хэлбэл түүхчилсэн судалгаанаас төдийлөн хэтрэхгүй байгаа нь үнэнтэй юм. Монголын төр ёсны түүхийг 2200 гаруй жилийн тэртээгээс тооцон үздэг бөгөөд энэ бүхэл бүтэн түүхэн үед төрийг засахуйн үзэл, сэтгэлгээний үнэт зүйлсийн олон зуун жилийн арвин өв уламжлал бүрэлдэн бий болжээ. Ардын аман зохиолын дурсгал, туульс, билэг сургаал, түүхэн сурвалж бичиг, шастир бүтээл, олон үеийн судлаач мэргэдийн туурвил, бүтээл, ном зохиолд дэвшигдсэн санаа, дүгнэлт дурдан буй үетэй холбоотой археологийн эд өлөг, хэрэглэгдэхүүн зэрэгт тулгуурлан цаашид судлан үзэх бололцоотой юм.