Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мэдээлэл Харилцааны Технологийг химийн сургалтанд хэрэглэх арга зүйн зарим асуудалд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1911
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : Мэдээлэл харилцааны технологи, мэдээллийн хэрэгслүүд, химийн боловсрол, цогц чадамж, химийн сургалтын агуулга, химийн сургалтын арга зүй, химийн сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын үнэлгээ, сургалтын зарчмууд

Аннотаци

Дэлхийн улс орнуудад аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн нийгэмд шилжих үйл явц эрчимжиж, орчин үеийн нийгэмд ажиллаж амьдарч байгаа иргэд нь мэдээлэлтэй ажиллах, мэдээллийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх асуудал зүй ёсоор урган гарч байна. Мөн түүнчлэн Монгол улсын төр засгийн бодлого МХТ-ийг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлж, бүх нийтийг компьютерийн бичиг үсэгтэн болгоход чиглэгдэж байна. Энэ асуудлын хүрээнд химийн боловсролын агуулга, арга зүйгээр дамжуулан ЕБС-ийн суурь боловсролын түвшинд хими суралцагчдад мэдээлэлтэй ажиллах чадварыг төлөвшүүлэн хөгжүүлэх боломж байгаа эсэхийг нээн илрүүлэх зорилго тавьсан нь энэхүү сэдвийг сонгох гол үндэслэл болж өгсөн. Химийн боловсролын агуулга нь хийсвэр ухагдахуун ихтэй, нарийн нийлмэл шинжтэй, сургалт явуулахад шаардагддаг бодис урвалж, тоног төхөөрөмжийн олдоц муу, зах зээлийн үнэ өндөр, материаллаг бааз хангалтгүй байдгаас гадна сургалтын явцад хийх зарим химийн урвал нь эрүүл ахуйн хувьд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг онцлогийг харгалзан химийн сургалтын технологийг боловсронгуй болгоход МХТ-ийн хэрэгцээ илүү чухлаар тавигдаж байна. Тус эрдэм шинжилгээний ажил нь удиртгал, 2 бүлэг, ном зүй, хавсралт хэсгүүдээс тогтсон. Оршил хэсэгт сэдвийн сонголт, үндэслэл, судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилтууд, судалгааны судлахуун (объект), судлагдахуун (предмет), дэвшүүлсэн таамаглал, судалгааны арга судлалын үндэс, шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол, судалгааны ажлын бүтцийг тодорхойлсон. 1 дүгээр бүлэгт ЕБС-ийн химийн суурь боловсролын түвшинд МХТ-ийг хэрэглэх асуудлыг когнитив онол, мэдээллийн идэвхтэй боловсруулалтын онолд тулгуурлан сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн уулзвар дээр судлан МХТ-ийг химийн сургалтанд хэрэглэх онолын үндэслэлийг тусгасан болно. 2 дугаар бүлэгт Монгол оронд ЕБС-ийн химийн сургалтанд МХТ-ийг ашиглаж буй өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, химийн боловсролын стандартын зорилгыг хэрэгжүүлэх сургалтын явц дахь МХТ-ийн хэрэгцээг тодорхойлж, сургалтанд хэрэгжүүлснээр суралцагчдад гарсан мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлт (хөгжлийн түвшин)-ийг сэтгэц оношлогооны аргаар тодорхойлсон судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид МХТ-ийг ЕБС-д ашиглах асуудлыг боловсронгуй болгох арга зүйн асуудлыг дэвшүүлсэн болно. Судлаачийн зүгээс МХТ-ийг химийн сургалтанд хэрэгжүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Сургалтын агуулгыг баяжуулахад МХТ-ийг хэрэглэх нь - Интернэт технологийг ашиглан химийн сургалтын агуулгыг баяжуулах Интернэт нь дэлхий нийтийг хамарсан агуу том сүлжээ учраас асар их мэдээллийг өөртөө хадгалж байдаг. Энэ онцлогт түшиглэн химийн боловсролын стандартад нийцүүлэн сургалтын агуулгыг баяжуулахад интернэт технологийг ашиглах өргөн боломж байна. Интернэт дэх мэдээллийн олон төрлүүдийг сургалтанд ашигласнаар загваран, зурган, хүснэгтэн, мультимедиа зэрэг мэдээллүүдтэй ажиллах, тэдгээрээс мэдлэг бүтээх арга барилыг суралцагчдад эзэмшүүлэх арга зүйг энэ хэсэгт тусгасан болно.
- Интернэт болон компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглан мэдээлэлтэй ажиллах арга барилыг эзэмшүүлэх Мэдээлэлтэй ажиллах арга барил гэдэгт мэдээлэл хайх, цуглуулах, хадгалах, өөрчлөх, хэрэглэх гэсэн үйл ажиллагаануудыг цогцоор нь авч үзэн химийн сургалтын явцад дээрх арга барилуудыг эзэмшүүлэх арга зүйн асуудлыг судалж, өөрийн хувилбарыг дэвшүүлэн тавьсан.
- Мультимедиа технологийг ашиглан химийн бодис, түүний шинж чанар, хувирлыг судлах арга барилыг эзэмшүүлэх Мультимедиа технологийг сургалтанд хэрэглэснээр багш, сурагч хамтран мэдлэг бүтээх, хамтдаа хөгжих сургалтын таатай орчин бий болж, хичээлийг сонирхолтой, үр өгөөжтэй явуулах нөхцөл бүрддэгээс гадна бодит туршилт хийх, судалгаа явуулах, туршлага солилцох, өмнө үзсэн сэдвээ сэргээх боломж олгодогт мультимедиа технологийн давуу тал оршино. Химийн сургалтанд интернэтэд байгаа хөдөлгөөнтэй, дуу авиатай дүрс, видеобичлэг, CD-г хэрэглэснээр суралцагчдад аливаа үзэгдлийг ажиглах, гарсан өөрчлөлтийг тайлбарлах, химийн бодисын шинж чанарыг тодорхойлох, химийн урвалаас дүгнэлт хийх зэрэг чадварыг хөгжүүлэх арга зүйг боловсруулсан.
- Macromedia Flash програмыг ашиглан химийн бодлого бодох арга барилыг эзэмшүүлэх Химийн суурь боловсролын түвшинд эзэмшүүлэх ёстой цогц чадамжуудын нэг бол химийн бодисын томьёо, химийн холимгийн найрлага, химийн урвалын тэгшитгэл ашиглан бодлого бодох, тооцоолох арга барилыг эзэмшүүлэх явдал бөгөөд дээрх чадваруудыг хөгжүүлэхийн тулд Macromedia Flash програмыг хэрхэн ашиглах талаар энэ хэсэгт авч үзсэн.
- Мэдээлэлд түшиглэн логик сэтгэлгээний арга барилыг хөгжүүлэх Олон төрлийн мэдээлэлд үндэслэн харьцуулах, анализ-синтез хийх, хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх, ангилах зэрэг химийн сургалтын явцад байнга хийгддэг танин мэдэхүйн ерөнхий арга барилыг төлөвшүүлэх арга зүйг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 452
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :