Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Эдийн засаг, нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих шилжилт манай улсын эдийн засгийн бүхий л салбарт, тэр дундаа гадаад худалдааны салбарт нөлөөлж, бүтцийн өөрчлөлт гарч, худалдааны түншүүдийн тоо өссөн. Энэ үеийн гол онцлог нь худалдааны бодлогоо бие даан тодорхойлох, хараат бус, харилцан ашигтай худалдаа эрхлэх боломжтой болсонд оршино. 1997 онд Монгол улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсон нь тус улсын гадаад худалдааг либералчлах, ДХБ-ын гишүүн 164 улстай худалдаагаа өргөжүүлэх таатай боломж олгосон.
Хэдийгээр худалдааны түнш орнуудын тоо нэмэгдсэн боловч дотоодын боловсруулах үйлдвэрлэлийн харьцангуй сул хөгжил, газар зүйн байрлалын онцлог, дэд бүтцийн хөгжил зэрэг тодорхой хүчин зүйлүүд гадаад худалдааны тээвэрлэлтийн өртөг зардлыг өсгөж улмаар худалдааг үр ашигтай явуулахад хязгаарлалт болж байдаг. Түүнчлэн хөрш орнуудын гадаад худалдаанд эзлэх байр суурь өндөр, дотоодын эдийн засгийн гадаад зах зээлээс хамаарах хамаарал их, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд худалдааны бодлогыг үр ашигтай чиглүүлэх шаардлагатай байна.
Монгол улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн
4.2-т зааснаар импортын барааны гаалийн тарифыг ердийн ба нэн тааламжтай тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нь нэн тааламжтай тарифаас 2 дахин их байна. Монгол Улс ДХБ-д элсэхдээ авсан үүрэг амлалтын хүрээнд ТХЕХ-т нэгдсэн улсуудаас гаралтай бүтээгдэхүүнд нэн тааламжтай тариф тогтоодог бөгөөд одоогийн байдлаар 5% байгаа нь гадаад худалдааг либералчлах томоохон алхам юм. Экспортын гаалийн татварыг ерөнхийдөө тэглэсэн буюу боловсруулаагүй ноолуур гэх мэт цөөн нэр төрлийн барааны хувьд үе шаттайгаар тэглэх үүрэг авсан болно. ОУ-ын байгууллага, олон талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тарифын бус арга хэмжээний үйлчлэх хүрээг багасгах, нэр төрлийг нь бууруулах алхам хийж 1993 онд үйлчилж байсан УИХ–ын тогтоолд тусгагдсан тарифын бус арга хэмжээг 1998 оны 1 дүгээр сарын 8-ны 5-р тогтоолоор шинэчлэн тогтоосон. Уг тогтоолд зааснаар 3 бүлэг барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон ба харин 9 бүлэг барааг нэвтрүүлэхдээ лицензийн зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авах шаардлагатай байгаа.
Манай улс ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай боловч эдийн засгийн хөгжлөө түргэсгэхийн тулд олон талт гэрээнд нийцсэн зохицуулалтыг бүтээлчээр ашиглах, худалдааны тэнцлийг сайжруулах, улмаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал зорилго болох нь зайлшгүй. Гадаад худалдааны бодлогоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь ямар ч улсын засгийн газрын чухал зорилт бөгөөд энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь тарифын болон тарифын бус зохицуулалтын арга хэрэгслүүд юм.
Дэлхийн ихэнх улс орнууд тэр дундаа хөгжингүй улсуудын практикаас харахад тарифын болон тарифын бус зохицуулалтыг хослуулан хэрэглэдэг ба энэ нь тарифын зохицуулалтыг дангаар ашиглахад нэгд, хүссэн үр дүндээ хүрдэггүй, хоёрт, уян хатан бус, гуравт, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг нь тарифын зохицуулалтын хувь хэмжээг хязгаарлаж байдагтай холбоотой гэж үздэг. Нөгөө талаар манай улсын хувьд зарим нэг тарифын бус зохицуулалтыг эдийн засгаа хөгжүүлэх чиглэлд ашиглаж байгаа боловч уг зохицуулалтын оновчтой хувилбарыг тооцох, үр ашигтай хамгаалалтын түвшинг тодорхойлох ажил төдийлөн хийгдээгүй байгааг харгалзан энэ чиглэлд явуулах судалгааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Гадаад худалдааны бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн тулд олон хувилбараар шийдлийг боловсруулах шаардлага гардаг. Үүнийг хангахын тулд орчин үеийн математик загварчлалыг тодорхой үйл ажиллагааны жишээн дээр боловсруулах шаардлагатай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0