Энэхүү ажлын үр дүнд, монгол хүнд тохиолдох цавины ивэрхийн төрлүүдэд тохирсон мэс заслын эмчилгээний арга, аргачлал, сонголтыг боловсронгуй болгож, шинэчлэн сайжруулж, мэс заслын үйлдэлтэй холбоотой хүндрэлээс урьдчилан сэргийлэх, дахилтыг бууруулах, ор хоногийн тоог цөөрүүлэх зэрэг асуудлыг манай орны нөхцөлд хийж, бодит судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анх удаа гаргалаа. Монгол хүний цавины сувгийн эдийн бүтцийг цаашид судлах нь практик ач холбогдолтойг морфологич эмч нарын өмнө дэвшүүлж байгаад бидний ажлын практикийн бас нэг шинжлэх ухааны ач холбогдол оршино. Цавины сувгийн бүтэц, физиологийн үйл ажиллагааг сайтар анхаарч, эдийг үндэслэлгүй татаж оёх, нэмэлт гэмтэл үүсгэхгүй байх, бие махбодын онцлогт тохирсон аргачлал боловсруулж эмчилгээнд ашиглах практик зөвлөмжийг боловсруулав.