Нэн эртнээс улбаатай амьшуулах үзэл МГНН-д шингэсэн нь бидний түүж нэг бүрчлэн судалсан уул, ус, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгийг хүн, амьтны бие эрхтнээр нэрлэсэн хоёр зуу гаруй нэрийн утга-хэлбэрзүйн онцлогоор нотлогдож байна. ГНН-д амьшуулах үзэл илрэх нь зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий нийтийн түгээмэл үзэгдэл болох нь бидний танилцсан бусад орны ГНН, судалсан эрдэмтдийн бүтээлээс тод харагдаж байна.
Монгол газар нутгийн нийт 500-гаад дэвсгэр нэр бидний судалгааны эх сурвалжид тэмдэглэгдсэнээс 61 нь буюу
12.6% нь хүн, амьтны бие эрхтний нэр байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт мөн. Дэвсгэр болон оноосон гишүүний үүргээр орсон дээрх 61 нэрийг ГНН-ийн олон улсын түгээмэл ангиллын үүднээс зааглан үзвэл 47 нь буюу
75.8% нь уулын тухайт нэр, 7 нь буюу
11.2% нь усны тухайт, 6 нь буюу
9.6% нь газрын тэгш хотгор гадаргуутай холбоотой нэр байгаа нь монголчууд газрын биетийг, тэр дундаа уулыг хүн, амьтантай дүйлгэн үздэг нь нотлогдож байна.
Хүн, амьтны дотоод эрхтний 22 нэр МГНН-д дэвсгэр нэр болон оноосон гишүүний үүргээр хэрэглэгдэж байна. Тэдгээрээс уушиг, олгой, ховдол, сав, хэвэл нэр дэвсгэр болон оноосон гишүүний үүргээр, бөөр, зүрх, элэг, үнхэлцэг, өлөн, дэлүү, ходоод, гүзээ, уйланхай, умс, гиваан, давсаг, сархинаг, гэдэс, цөс, булчирхай, найлзуур нэр оноосон гишүүний үүргээр хэрэглэгдэж байна. Тэдгээр нь 2-9 гишүүнт бүтцээр илэрдэг. Хоёр гишүүнт нэрийн бүтэц нь нийтдээ 21 хэв шинж, гурван гишүүнт бүтэц нь 95 хэв шинж бүхий байна. Монгол газар нутгийн дотоод эрхтний тухайт 2-гишүүнт нэрийн бүтцийн утга 7 бүдүүвч, 3-гишүүнт нэрийн бүтцийн утга 49 бүдүүвчээр илэрхийлэгдэж байна.
Дотоод эрхтний нэр нь МГНН-д 1/хүн, амьтны бие эрхтний нэр, 2/зүг чиг, байрлал заасан нэр, 3/хэлбэр дүрс, хэмжээ заасан нэр, 4/шинж чанар заасан нэр, 5/өнгө заасан нэр, 6/тоо заасан нэр, 7/оноосон гишүүний үүргээр орсон газар нутгийн дэвсгэр нэр, 8/бусад утгат нэртэй нийлэмж үүсгэн хоршдог байна. Тэдгээр нь МГНН-д өнгө, хэлбэр, тогтоц, байршил, агуулга, хэмжээ, хамаатуулах утга илэрхийлж байна. Дотоод эрхтний нэр нь МГНН-д уулын тухайт нэрээр давуу дэвсгэрлэж байна.
МГНН-д оролцсон дотоод эрхтний нэр нь (0), -ийн/-ын, -ний/-ны, -гийн, -н, -т, -тийн/-тын, -үү, -эйн, -ч, -ж+ийн, -н+т, -н+тийн, -н+ий, -тэг, -цэг, -ий, -хийн, -тэй, -тэйн, -д, -н+гийн нөхцөлөөр хэлбэржжээ. Дотоод эрхтний тухайт МГНН дэх оноосон гишүүн нь (0), -ийн/-ын, -ний/-ны, ий/ы, -гийн, -н, -т, -тийн/-тын, -гүй, -тай4, -тайн4, -даг4, -х нөхцөлөөр хувилжээ.
Байршлын хувьд, дотоод эрхтний тухайт ГНН нь манай орны бүх аймаг, сумдад бий. Тэдгээрээс “уушиг” нэр Өмнөговь, “зүрх”, “өлөн” нэр Хөвсгөл, “элэг” нэр Дундговь, “дэлүү” нэр болон “зүрхэн” хэлбэр баруун аймгуудад үнэмлэхүй давуу бүртгэгджээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0