1976-1988 онуудад УКТЭ-т хэвтэн эмчлэгдсэн бэтэгтэй нийт 594 өвчтөний дотор элэгний олон бэтэгтэй 231 өвчтөнд судалгаа хийж элэгний олон бэтэг 38,89% тохиолдож байгааг тогтоосон. Бид олон жилийн судалгаа, эмнэл зүй болон хэвлэлийн тоймыг үндэслэн элэгний олон бэтгийн өөрийн ангилалыг гарган түүний тохиолдлыг тогтоов. Үүнд: 1. Анхдагч олон бэтэг (19,03%)
2. Хоёрдогч олон бэтэг (41,15%)
3. Нахиалж олширсон олон бэтэг (20,35%)
4. Хавсарсан олон бэтэг (19,47%) а) Анхдагч олон бэтэг нахиалж олшрох (6,2%) б) Хоёрдогч олон бэтэг нахиалж олшрох (13,27%) Энэ ангилал олон бэтгийн үүсэл, хэлбэрийг бүрэн харуулж чадсан гэж үзэж байна. Элэгний бэтэг нахиалж олон болохдоо эх бэтгийн фиброз бүрхүүлд язралт үүсч түүгээр бэтгийн эд хитин бүрхүүлийн хамт бүлтийн гарч салаалах эсвэл нимгэн уян фиброз бүрхүүл нь аль даралт багатай хэсгээрээ сунан цүлхийж салаалан олон бэтэг үүсгэж байна гэж үзсэн. Олон бэтгийн эмнэл зүйн шинжүүдийг гарган олон бэтгийн хэлбэр тус бүрийн хэт авиан шинжүүдийг шинээр бичсэн. Олон бэтэгтэй 231 өвчтөний 226(97,84%)-д мэс заслын эмчилгаа хийсэн. Баруун өрцөн доор байрласан бэтгийг өөсдийн боловсруулсан ташуу өнцөгт зүслэгээр хэвлийн талаас хийсэн нь хагалгааны дараах өвчтөний зовиурыг багасган хүндрэийг бууруулсан юм. Ихэнх бэтэг баруун дэлбээнд (51,08%) байрлаж байв. Зүүн дэлбээнд 10,82%, хоёр дэлбээнд 38,1% байсан. Олон бэтэг ганц бэтгийг бодвол хүндрэл (цоорох-41,56% идээлэх 1082%) илүү олон гарсаны дээр идээлэх, цоорох хүндрэл хавсран тохиолдох(11,8%) нь элбэг байна. Элэгний олон бэтэгтэй, бусад эрхтний бэтэг хавсран тохиолдох нь элбэг (106) байсан тул нэг мөр хагалгаа хийсэн. Элэгний олон бэтгийг голдуу нэг удаагийн хагалгаагаар , бэтгийн уйланхайн хэлбэрүүдээс хамаарч бэтэг авах хавсарсан (битүү, хагас битүү, задгай, бүхлээр нь авах, үлдэц хөндийг устгах гэх мэт) аргаар (51,33%) мэс заслыг хийв. Харин 9,73%-д нь 2-3 удаагийн үечилсэн хагалгаа хийсэн. Хагалгааны дараа өвчтөний 14,16%-д хүндрэл гарч, 8,4%-д нь нас барсан нь ганц бэтгийнхээс (6,1%) илэрхий их байгаа бөгөөд илүү хүнд эмгэг болохыг харуулж байна.